Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?

Сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн гачигдлаас үүдэлтэй гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их эрчимжсэн. Гадаадыг зорих хүмүүсийн нэлээдгүй хувь нь эцэг эхийнхээ хаяанаас гарч өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой залуу гэр бүлийн нэг гишүүн байх нь элбэг. Харамсалтай нь гэр авах гэж гараад ГЭР БҮЛЭЭ АЛДСАН буюу гэр бүлээсээ салсан тохиолдол их байна. Энэ нь “Бие холдвол сэтгэл холддог” гэх ардын зүйр үгийг сануулах мэт.

Бидний эргэн тойронд “Гадаад руу яваад эхнэр хүүхдээсээ салсан гэнэ”, “Эхнэр, нөхрөө гадаад явсан хойгуур өөр хүнтэй суусан гэнэ” гэх яриа ихээр сонсогдох болж. Энэ мэтээр санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэж эхнэр эсвэл нөхөр нь гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явах нь Монголд гэр бүл салалтын тоо нэмэгдэх шалтгааны нэг болж байгаа нь бодит үнэн. Гадаад руу ажиллахаар явсан залуусын 30 орчим хувь нь гэр бүлээсээ салж, 50 орчим хувь нь хуучин гэр бүлтэйгээ урьдынх шигээ амьдрах боломжгүй болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Өөр нэгэн судалгаагаар гэр бүл салалтын нийтлэг арван шалтгаанд “санхүүгийн асуудал(цалин орлого бага, амьдралын баталгаа муу)” болон “шилжилт хөдөлгөөн” гэсэн хоёр хүчин зүйлс багтсан байна.

Гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг бол яах аргагүй гэр бүлээсээ хол байх юм. Гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэний хэлснээр ‘Гэр бүлийн гишүүний хэн нэг нь гадаадад удаан хугацаагаар байснаар гэр бүлийн гишүүд хоорондын итгэлцэл буурч хардалт болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салалтын үндсэн гурван шалтгааны нэгд ордог. Мөн гэр бүл салалтын өөр 2 шалтгаан нь “үл ойлголцол (гэр бүлийн хүчирхийлэл)” болон “хол тусдаа байх” гэсэн шалтгаануудыг дурджээ.

Эхнэр, нөхрөө гадаад руу явуулсан, хол тусдаа амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсийн үл ойлголцол нь оршин суугаа газрын ялгаатай нөхцөл байдлаас үүдэлтэй ба үүн дээр мөнгө санхүүгийн асуудал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл,, гэр бүлийнхнийхээ төлөө харь нутагт ажлын урт цагт хөлсөө дуслуулан ядартлаа ажиллаж байгаа нөхцөл байдлыг нь эх орондоо үлдсэн эхнэр, нөхөр нь бүрэн дүүрэн ойлгохгүй, зөвхөн ар араасаа нэхэгдэх өр зээл, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр төлөх мөнгө илгээ гэх санхүүгийн шаардлагыг тавих нь хэн хэндээ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодог. Энэ мэт хоёр талдаа өөр өөр зовлонтой, өөр нөхцөл байдалтай байдаг. Хол байснаараа харилцан үл ойлголцол бий болж, улмаар хэрүүл маргаан үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүл салалтын шалтгаануудын нэг нь болдог байна.

Дээрх байдлаас харахад гадаадад байгаа Монголчууд маань гэр бүл салалтад хамгийн ихээр өртөх магадлалтай эмзэг бүлэгт орж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалтын үндсэн хэд хэдэн шалтгаануудын уулзвар дээр байна гэж хэлж болох юм. Иймд гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэр бүлийн салалтыг бууруулахад төрийн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

Харин хувь хүний хувьд гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалах, гэр бүл салалтаас үүдэн хүүхдэд тулгарч болох асуудлыг тооцон гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлага ухамсраа дээшлүүлэх шаардлагатай юм. Аз жаргалтай гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн аз жаргал нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй болохыг маш олон гэр бүл судлаачид, сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлдэг. Гэр бүлийн аз жаргал нь цагийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх болон эцэг, эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулж байгаагаар хэмжигддэг.

Эрүүл, аз жаргалтай гэр бүлийн нэг онцлог нь үл ойлголцол, асуудал маргаанаа харилцан сайтар ярилцаж шийддэг, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэгт оршдог аж. Эцэст нь хэлэхэд ГЭРээр сольж болохгүй ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ юм.

Эх сурвалж: Солонгосын Үндэсний Боловсролын Их сургуулийн Сургалт судалгааны албаны Эрдэм шинжилгээний ажилта Гантөмөрийн Ганчимэг

2 Comments

  1. unen says:

    er ni bolj ugvul ene umkhii zavaan mongoloos ger buleeree l garch yavj baikh kheregteidee zaluuchuud

    • man says:

      Энэ өмхий заваан монголд төрж өсчихөөд томроод ирэхээрээ тэр цэвэрхэн гадаад орондоо очиж амьдардаг нөхөр үү чи. Гэр орноо хог новшинд хөглөрүүлчихээд гараад цэвэрхэн гэр орон хайгаад явдаг хүнтэй яг ижил юм сэтгэх юм. Ядуу ч гэсэн өөрийн гэр орноо цэвэрлээд цэмцийлгээд өөрсдийн боломжоороо тохижуулаад амьдрах шиг сайхан юм хаана байна. Өөрийн гэр орноо голоод Баян айлын гэр орон цэвэрлэж, баян хүний барлаг хийж хүний эрхэнд амьдрахыг хүсээд байгаа бол миний эх орноос минь зайлж болно шүү. Ард түмэн минь гадны тэнүүлчид гэрт маань орж ирээд авдар саванд дахь алт эрдэнэсийг нь сайхан үгээр хуурч уудлаад гарч байхад тэнэг юм шиг зүгээр хараад суудагаа болих цаг болжээ. Айл гэрийн аав ээж болох төр засгийн эрх мэдэлтнүүд гадны хүнтэй наймаа хийхдээ үр хойчоо өлмөн зэлмэн хаячихаад өөрсдөө хар амиа бодож гадны наймаачны өгсөн мөнгөөр баар цэнгээний газар зугаацаж явдаг эцэг эхчүүдээс ялгаа алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.