Чамдаа баярлалаа хайрт минь…

Хайрт чамдаа хэлэх сүүлийн үгээ энд бичихийг хүслээ. Чи олж уншихгүй ч байж магад, гэхдээ л хамаа алга. Хаа нэгтээ ингэж зүрхэн дотроо хадгалсан үгсээ юүлэн гаргамаар санагдах үе бас байх юмаа. 2010 оны намар их сургуулийнхаа лекцийн танхимд анх чамайг харж билээ. Нүдэнд дулаахан, даруухан, хөөрхөн залуу…

Анхны харцаар дурлаж болдог юм байна гэдгийг амьдралдаа анх тэгэхэд мэдэрч байлаа. Удалгүй дотно танилцаж найз бүсгүй минь болооч гэж гуйхад чинь хичнээн их баярлаж байсан гэж санана. Дурсамж дүүрэн гэгээлэг өдрүүдийг хоёулаа хамтдаа үджээ. Гэтэл одоо яагаад бид ийм байдалтай болчихов? Хэн нь буруутай вэ? Хэнийх нь ч буруу байсан одоо хамаа алга даа. Чиний л буруу гэж би чамайг буруушаахгүй ээ, надад ч бас алдаа гаргасан удаа бий. Харин чи минь тэр үед эр хүн шиг буулт хийсэн бол гэж үе үе бодогддог юм.

Гэхдээ хайрдаа гомдох эрхгүй ээ би. Хуримын зургуудыг чинь үзлээ, бяцхан атаархах шиг. Өөрийгөө зүхэх шиг. Чамайг үзэн ядах шиг. Гэхдээ энэ бүхэн түр зуурынх, эцсийн эцэст зүрх сэтгэлдээ би чамайг буруутгаж зүрхлэхгүй. Хайрыгаа айл гэр толгойлоод хүний хань, гэрийн эзэн болсоныг хараад гутарсанаасаа илүү баярласан минь олон. Чамтай танилцсанаас хойших энэ есөн жилийн хугацаанд хайр гэж юу вэ гэдгийг улам бүр гүн ойлгох боллоо. Энэ есөн жилд бодох хүнтэй, санах дурсамжтай, уйлах нулмистай, хүлээх мөчүүдтэй байлгасанд чинь талархаад баршгүй. Эцсийн үгээ өөрт чинь хэлэх зориггүй байгааг минь уучлаарай.

Ингээд ч болохнээ доторхоо уудалмаар байна. Өөр хүнийх болсон хайртыгаа би явуулахаас өөр замгүй болжээ. Юм бүхэн хувьсан өөрчлөгдөх энэ амьдралд чамайг гэсэн сэтгэл минь хэзээд үнэн байсан шүү. Чамдаа баярлалаа хайрт минь. Аз жаргалтай амьдраарай.

2 Comments

  1. Gerel says:

    Taivshir daa busgui mini… Iluu sain saihan huniig huleej avah haalga chini neegdsen bna huvi tavilandaa talarhaarai 🙂

  2. Lol says:

    odoo haramsaad yahav dee, tuhain ued ni hiisen nugeldee uuch
    Al guichihsan bol boloh bsan. eregchin chin dandaa buuj uguh yostoi gej bdvol tegeed l aldahiin tsondon doo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.