Ээж болоход бэлэн болсон эмэгтэйн 7 шинж

Бид хүүхэдтэй болоход бэлэн уу? Хамтдаа хэсэг хугацаг өнгөрүүлсэн хосуудын хувьд энэ асуулт аяндаа урган гардаг. “Ачынхаа зулайг үнэрлэмээр байна” гэсэн ээжийн чинь горьдонгуй хүсэлт хүүхэд гаргах шалтгаан чинь болж чадахгүй. Хэрэв чамд дараах шинжүүд бүрдсэн бол чи гурвуулаа болохдоо бэлэн байгаа аж. Харин аль нэг нь бүрдээгүй байвал, битгий яараарай.

1. Тогтвортой харилцаа

Хорвоо дэлхий дээр хүүхдээ эрүүл саруул хүмүүжилсэн ганц бие эцэг эхчүүд олон байдаг л даа. Гэхдээ л хэн хоёр хүний үүрэх ёстой ачааг ганцаараа үүрэхийг хүсэх билээ? Чиний бас хүүхдийн чинь ирээдүйд тогтвортой гэр бүл нэн чухал. Мөн зарим бүсгүйчүүд бүтэлгүйтэх шахаад байгаа харилцаагаа аврахын тулд жирэмсэн болох гэж адгадаг. Энэ бол хүүхдийнхээ хувь заяаг сүйтгэж байгаа явдал юм. Олон зүйл дээр санаа нэгддэг, амьдралыг үзэх үзэл нэгтэй ханиа олохоос нааш хүүхдийн тухай бодоод хэрэггүй.

2. Санхүүгийн баталгаат байдал

Мөнгө нэг их чухал биш гэж чи бодож байж магадгүй. Тийм ээ, мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй, бас хүүхдэд чинь алтан хөнжил, мөнгөн халбага хэрэггүй юм чинь гэж бодож байгаа чинь зөв. Гэхдээ бага ч гэсэн өртэй бол хүүхэдтэй болох талаар бодоод хэрэггүй. Учир нь “өр” гэдэг тогтворгүй, найдваргүй санхүүгийн байдлын илрэл. Одоогийнхоо хэрэгцээг нөхөж чадахгүй байгаа болоод л та хоёр өр тавьсан байж таараа. Ийм байхад дахиад нэг хүний хэрэгцээг бүрэн хангана гэдэг хэцүү юм. Тодорхой хэмжээний хадгаламж, найдвартай ажлын байртай байж гэмээнэ эцэг эх болох зам руу ороорой.

3. Зугаа цэнгэлд сонирхол татагдахаа больсон байх

Бүх хүнд “нэг ийм” үе байдаг. Зугаа цэнгэл, наргианд татагдаж, янз бүрийн эрчүүдтэй дотносож үзэх хүсэл ундарсан үе. Энэ үеэ дуусгасныхаа дараа хүүхэдтэй болох талаар ярилцаарай. Эцэг эх боллоо гээд шоудах цаг гарахгүй гэсэн үг биш. Гэхдээ тэр бяцхан амьтныг гараад ирмэгц, чамд зугаацах “илүү” цаг гарах нь багасна. Амьдралынхаа хэмнэлийг тогтворжуулаарай.

4. Хүссэн зүйлсээ хийж амжуулсан байх

Аялахыг хүссэн газруудаараа аялаж, хийхийг хүссэн зоримог үйлүүдээ гүйцээчихээд хүүхэдтэй болох нь сэтгэлд сэвгүй юм. Зарим бүсгүйчүүд хүүхэдтэй болчихсон болохоор Парис явж, ууланд гарч, хөдөө амьдарч, карьераа өсгөж чадахааргүй болчихсон талаар гомдоллодог. Чамайг тэдний нэг битгий болоосой гэж хүсч байна.

5. Хүүхэдтэй болно гэхээс баярлаж байх

Хүүхэдтэй болно гэхээс догдолж, хөөрцөглөж байвал чи магадгүй ээж болоход бэлэн болжээ.Өмнө нь нялх хүүхдийн уйлах чимээ сонсохоос тээршаадаг байсан чи, одоо бол хэрхэн түүнийг бүүвэйлж аргадахыг чин сэтгэлээсээ сурахыг хүсдэг болсон бол энэ бас л нэг эерэг дохио юм. Мөн их дэлгүүрийн гутлын тасгаас илүү шинээр нээгдсэн хүүхдийн хувцасны тасаг анхаарлыг чинь татаж байвал нөхөртэйгөө энэ талаар ярилцаад үзээрэй.

6. Тусдаа гарсан байх

Чи гэр бүлийнхээ гал голомтыг бадрааж амжсан уу? Хэрэв чиний гэр бүл хараахан хадмынхаасаа салж амжаагүй, эсвэл түрээсийнхээ байрнаас гарч чадаагүй байгаа бол хүүхэдтэй болохоо хойшлуулаарай. Ядаж л хүүхдийн ор тавих, хөлд орох, тааваараа мөлхөхөд нь хэрэгтэй нэмэлт зай танайд байх ёстой.

7. Сэтгэл санааны хувьд тогтвортой байх

“Дэгэж дэрвэдэг” үе чинь дуусаагүй байгаа бол одоохондоо хүүхэдтэй болох талаар бодоод хэрэггүй. Эмэгтэй хүн бүр жирэмсэн болохоосоо өмнө сэтгэл санааныхаа байдлыг удирдаж сурсан байх ёстой. Энэ хорвоо дээр “юу ч мэдэхгүй” ирж байгаа нялх хүүхэд чамд тээр зовлон, стресс болох ёсгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.