Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Hууц амpaг гэдэг бол ханьдаа гомдсон сэтгэлийн тайлал гэж ойлгож болно

Гэр бүлийн харилцааг төлөвшүүлэх мэдээллийн 6 түүвэр ном гаргасан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Энэ номыг айл өрх бүр босгоо давуулах нь өнөөдөр их л чухал байна даа…


Эхнэр нөхөр гэр бүлдээ харилцааны хувьсгал хийнэ гэдэг нь нийгэмд иргэдийн хувьсгал хийгдэж, шинэчлэл өөрчлөлт мэдрэгдэнэ гэсэн үг. Эр нөхрүүд биеийн цэнгэл хайж нyyц амрaгтай болдог бол эхнэрүүд сэтгэлийн цэнгэл хайж нyyц амрaгтай болсон байдаг. Тэгэхээр нyyц амрaг гэдэг бол ханьдаа гомдсон сэтгэлийн тайлал гэж ойлгож болно. Аашны сайханд хань уярч өршөөдөг. Аашны муухайд хань өширхөж эвдэрдэг.

Эрх чөлөөгөө багасгахын тулд эрчүүд эхнэр авдаг бол эцэг эхээс холдохын тулд бүсгүйчүүд нөхөрт гардаг. Бид хамгийн түрүүнд энэхэн биеийг хорвоод бий болгож, өсгөж бойжуулсных нь төлөө эцэг эхдээ ачийг нь санаж тэднийгээ бурхан мэт тахин шүтэж хайрлах ёстой. Хамгийн хайртай эцэг эхээ бид зовоохгүй байхын хэрээр сэтгэлийн амгалантай явдаг. Тэднийгээ зовоохгүй байх боломж бий. Загнаж зэмлэхэд л өрвөлзөн уурлахгүй, бие сэтгэлээрээ туслах, үргэлж урдаас нь инээх, зовлонгоо тоочихгүй байх, өөрөө янз бүрийн муу үйлд оролцохгүй байх нь тэдэнд хийж байгаа тус юм. Тэднийхээ биеийг нь жаргаах үйл хийж чаддаггүй юмаа гэхэд сэтгэлийг нь зовоохгүй байж бид чадна. Эцэг эхээ зовоосон хүн байнгын сэтгэлийн шаналалд байж баярлуулсан хүн сэтгэлийн хөөрөлтэй, нэг л аз жаргалтай амьдардаг.

-Зарим нь аав ээжийнхээ гэрт амьдарч байж хуучинсаг, хэцүү гэдэг. Үүнийг та юу гэж үздэг вэ?

 -Та эцэг эхийнхээ хөдөлмөрөөрөө босгосон гал голомтод амьдардаг бол тэдний баримталдаг ёс дэгийг заавал дагах учиртай. Тусдаа амьдарч өөрийн гэр оронтой болсон хойноо л өөрийн дур хүслээр байгаарай. Тэд ч гэсэн өөрийнхөөрөө байх гэж өрх гэрээ босгосон юм. Тиймээс эцэг эхийнхээ үзэл бодол, дэг журам, ажил мэргэжил, дадал зуршлыг хүндэтгэхэд тэд өр зүрхнээсээ баярлах болно. Одоо тэднийг орчин  үеийг ухааруулахаар тэмцдэг нас нь ч биш. Хэн эцэг эхийнхээ аясаар байна тэр хүн хайртай хүмүүсээ гомдоохгүй байж чадна. Хэн өөрийн биеэ  хариуцлагатай авч явж чадна тэр эцэг эхийнхээ ачийг хариулж байгаа нь тэр. Та цалин, орлого багатай ч эцэг эхдээ сар бүр хоол ундандаа хэрэглээрэй гэж тав арван цаас нэмэрлэж чадахгүй бол аав, ээжийн охин хүү гэж яваад яах вэ дээ.

Энэхэн насны хөдөлмөр хүчээ үр хүүхэддээ зориулчихаад эргээд ачилдаггүй хүүхэдтэй ямар ч эцэг эх жаргалтай байхгүй. Эцэг эхдээ тусалдаггүй хүүхэд ч бүхэл насаараа сэтгэлийн зовиуртай явдаг. Мөнгө төгрөг өгч гийгүүлдэггүй юмаа гэхэд хааяа ороод гэр орныг нь цэвэрлээд, гурилтай сайхан шөл хийгээд өгвөл сэтгэл нь сайхан онгойдог юм. Хүний хоосон гар хүртэл хүнд сайхан амьдрал авчирч чаддаг. Та өөрийн эцэг эхээ хэр ачилна тэр хэрээр таны хүүхэд үлгэр дууриал аван таныг бас халамжлах болно. Намайг хөгшин настай болоход миний хүү надад ингэж хандаасай гэсэн хандлагаар одоо хүүхэддээ ханд, миний хүү намайг настай болохоор ингэж хайрлаарай гэсэн хайраар хүүгээ одоо л хайрла.

-Хүмүүс ханьтай болохгүй ганцаар амьдрахыг илүүд үздэг болж? Энэ талаар та юу хэлэх вэ. Зөв үү, буруу юу?

-Нэгдүгээрт  ханийг хайрлах сэтгэлээ ажил хөдөлмөрт бүрэн зориулсан хүн, хоёрт, үргэлж хар амиа бодож сурсан хүн ганцаар хорвоог туулна. Гуравдугаарт, бэлгийн чадавхи сул буюу ямар нэг нарийн асуудалтай хүн ганцаар хорвоог туулдаг. Уг нь хосоороо амьдрахаар заяагдсан, бид.

 -Өөр өөр орчинд хүмүүжиж өссөн хүмүүс нэг гэрт орж, насаараа хамт амьдарна гэдэг амар биш. Ер нь гэр бүлд таатай уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх вэ?

 -Ямар нэг зөрчил, маргаан бэрхшээлгүй дардан зам туулаад ирсэн нэг ч гэр бүл байдаггүй. Харин түүнийг хурцатгахгүй намжаадаг, амь нэгтэй гэр бүлийнхэн гэж л бий. Ийм айлд тайван сайхан амьдрал хамт оршино. Гэр орны таагүй уур амьсгал гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг. Хөдөлмөрийн бүтээмж муу бол мэдээж цалин бага, ашиг орлого муутай байна гэсэн үг.

Орлого муу бол ядуу амьдарч, үргэлж зөрчил үүсэх шалтаг болдог. Тэгэхээр бид гэр орныхоо таатай уур амьсгалын төлөө байнга анхаарч аливаа маргааныг хурцатгахгүй байх нь чухал юм. Уурласан хүний урдаас бүр их уур гаргах болдог. Уурлаж бухимдсан толгой эрүүл сэтгэх боломжгүй болно. Уурандаа бусад хүн гомдохоор үг хэлэх, сэтгэл санааг эвдэх, хямраах өөрийгөө болон өрөөлийг хохироох, бусдыг гэмтлээх гээд л бөөн зовлон ар араасаа даган гарч ирнэ. Уурласан нэгнийхээ өмнөөс хатуу үг хэлэхгүй нэг нь л уураа дарчихаад энэ олон зовлонг зайлуулчихаж байгаа юм.

Тэгээд ч уурлалаа гээд бүх юм буцаад байрандаа орчихгүй шүү дээ. Аль болох цухалдахгүй, ухаанаа саруул байлгах, хүндрэлийг зовлон зүдгүүр багатай давах гарц олохоо бодох хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрчихсөн хойно хүчтэй уурласнаас биш саруул ухаанаар, зөв алхам хийснээр зовлонгоо түргэн арилгана гэдгийг цаг үргэлж санаж явбал гэр орон амгалан тайван байна. Сайхан амьдрал гэдэг нь сэтгэлийн их таашаалыг хэлнэ. Хүний сэтгэл аливаа сайхан бүхнийг л таашаадаг.

Хорвоод жаргал зовлон хослон оршдог болохоор ямар ч хүн үргэлж сэтгэл амгалан байна гэж огт байдаггүй. Тиймээс ямар нэгэн зовлон зүдгүүр ирэх, эсвэл тохиолоо гэхэд сэтгэлдээ хэт ойрхон хүлээж авч, хямарч өөрийгөө зовоох хэрэггүй юм. Ингэж сэтгэлдээ хэт ойрхон хүлээж авснаар бид өөрсдийгөө бухимдал цухалдалд оруулдаг. Хүн бухимдахгүй цухалдахгүй байж чадвал аз жаргалаа үргэлж дэргэдээ байлгах боломжтой. Жишээ нь, зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж л бөөн хэрүүл болдог. Зарим нь бүр гар хүрдэг.

Таны хүүхэд тоогоо бодож чадахгүй байвал та уурлаж эхэлнэ. Их уурлаж хилэгнэх, хүүхдээ зэмлэх загнах тусам цухалдал гээд цэгтээ хүрдэг. Та ингэж их цухалдлаа гээд хүүхэд мундаг бодож сэтгэдэг болчихгүй. Муу дүн авсан бол буцаах боломжгүй шүү дээ.

Тиймээс харин ч эсрэгээр, харин ч бага уурлаж ухаанаа саруул байлгах ба улмаар яавал хүүхдээ хичээлээ ойлгоод ирдэг хүүхэд болгох вэ? гэж бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч хүндрэлтэй асуудалд сэтгэлээ хэт өвтгөж ойрхон хүлээж авдаггүй болж чадвал сресст бага орно. Харин стресст бага ордог тэр хүн л зөв алхам хийж чадна. Хэт бухимдсан хүн нөхцөл байдлыг засч сайжруулах арга хэмжээгээ авч чаддаггүй. Яагаад гэвэл цухалдах үед хүний бүх булчин чангардаг.

Улмаар цусны эргэлт огцом өөрчлөгдөж, толгойны нарийн судсууд цусаар дутаж эхэлдэг байна. Ингэсэн хүн саруул ухаанаар сэтгэж, ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй. Та ч ухаанаа олдоггүй хүүхэд ч сэтгэл гутралтай болно.

Тэгэхээр бухимдлаасаа аль болох хурдан гарах тусам зөв шийдвэр гардаг. Улмаар аз жаргалд хүрэх тэр цаг ойртоно гэсэн үг. Хэт хүчтэй, бас удаан уурлах цухалдах тусам л аз жаргал танаас холдоно. Бэрхшээл хүндрэлийн үед их бухимдаж, сэтгэлээ их өвтгөх тусам л аз жаргал танаас холдоно. Бэрхшээл хүндрэлийн үед их бухимдаж, сэтгэлээ их өвтгөх тусам, зовлон бидний дотор улам удаан орших болно.

Бухимдлаа түргэн сарниулах тусам сэтгэл амар амгалан болж, амьдралдаа аз жаргалыг дуудах тэр саруул ухаанаа түргэн зарцуулж чадна гэсэн үг.  Хүн ингэж өөрөө өөртэйгөө дотроо тэмцэлдэж гэмээнэ сая сэтгэлийн хат суудаг.

Сэтгэлийн хаттай хүний ухаан цэлмэг, шийдвэр мэргэн амьдрал аз жаргалтай байна. Ер нь бухимдал цухалдал бол хийсвэр зүйл шүү дээ. Хүн цухалдлыг сэтгэлдээ хийсвэрээр үүсгэнэ. Аль нэг зүйлийг болохгүй байна гэж бодоод бухимдаад байдаг. Тэгвэл бас хийсвэрээр болно гээд зүтгэвэл сэтгэлийн эрч хүчээрээ болгож чаддаг гэдгийг хосууд маань мэдсэн байх.

1 Comment

  1. Mogi says:

    Дайчин бүсгүй үнэнийг гайхалтай оновчтой өгүүлнэ. Жинхэнэ гэр бүлийн мэргэжлийн хүн гэж бгаа. Би их хүндэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.