Ухаалаг эхнэрүүд амьдралаа яаж авч явдаг вэ?

Олон орны хоолыг мэргэжлийн тогооч шиг хийж чаддаг байх, зочны өрөөний ширээг хүний царай харагддаг болтол нь зүлгэх…мэдээж та эдгээрийг сурчихсан байвал “Хорвоогийн хамгийн сайн эзэгтэй” гэсэн цолыг хүртэх л байх. Гэхдээ дан ганц “сайн” байх хангалттай гэж үү? Жинхэнэ ухаалаг эхнэрүүдийн гэр бүлийн амьдралын хэв маяг арай өөр байдаг.

Тэд нөхөртөө гэрийн эзнийх нь орон зайг мэдрүүлдэг

Бүсгүйчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол өөрөө өөрийгөө гэрийн эзэнд өргөмжлөх. Таныг гэрийнхээ бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явааг чинь үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ “Би л хамаг юмыг чинь хийж байна” гэж нөхөртөө байнга хэлвэл тэр “Би эхнэртээ туслах ёстой юм байна” гэж биш, харин “Тэр намайг хүн гэж үзэхгүй байна” л хэмээн бодох болно. Бүхнийг хийж байгаа гэдгээрээ та өөртөө бүх эрх мэдлийг авсан юм шиг сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Ингэвэл түүний төрөлхийн удирдагч байх хүсэл нь хатгаж, таньтай сөргөлдөнө. Ингээд л та түүний хайрт хань биш өрсөлдөгч, эрх мэдлийг нь булаан авсан сөрөг хүчин болж хувирч байгаа юм. Харин үүний оронд та түүнээр туслуулахыг хүсч байвал эмэгтэй хүнийхээ ялдам зөөлөн занг ашиглах хэрэгтэй. Тэгвэл тэр өөрийнхөө хүслээр таны баатар болохыг хичээнэ. Гэр бүлийнхээ төлөө хийсэн бага ч атугай зүйлийг нь үнэлж, магтаж байгаарай. Цалингаа сар бүр бүтнээр нь авчирч өгөөсэй гэж хүсч байвал түүнийг танд мөнгө өгөх бүрт нь “Миний хань бидний төлөө үнэхээр шаргуу ажиллах юм аа” гэж хэл. Хоол хийхэд тань өдөр бүр туслаасай гэж хүсч байвал нэг удаа нөхрөөрөө давс авчруулаад, “Чиний минь авчирсан давсаар хийсэн болохоор л хоол ийм амттай болж байгаа юм” хэмээн өөгшүүл. Тэд магтуулах хичнээн дуртай хүмүүс гээч? Эр хүн өөрийгөө таны хувьд чухал гэдгийг мэдвэл, үргэлж тэр хэвээрээ л байхын хичээнэ. Мөн бүх зүйлийг өөрийнхөө дураар шийддэгээ зогсоогоорой. Түүнд зарим нэг зүйлсийг тэр чигт нь даатгаж, гэрийн эзэн, зохицуулагч байх боломжийг олго. Энэ бүх үйлдлүүд таны нөхрийн өөртөө итгэх итгэлийг өнгөлнө. Ингэвэл түүний хувьд гэр бол өөрийнхөө “хэрэгтэй” хүн болохыг мэдэрдэг аз жаргалтай орон зай болон хувирах болно. Түүнийг сайн нөхөр байгаасай гэж хүсч байвал өөрт нь тийм байх “зай завсрыг” гаргаарай.

Тэд жижиг зүйл дээр асуудал үүсгэдэггүй

Эрчүүд ерөнхийлж, эмэгтэйчүүд нарийвчилж хардаг. Аль нь ч алинаасаа илүү гэсэн үг биш юм. Энэ бол бидний хүйсний энгийн ялгаа. Тиймээс бид тэдэнд том асуудлыг даатгаж орхиод, өөрсдөө бусад нарийн асуудалд санаа тавьдаг байх хэрэгтэй. Тэгвэл тэнцвэрээ олсон гэр бүл бий болно. Түүнийг шинэ байранд нүүх талаар ч юм уу, эсвэл дараа сард хадгаламжиндаа хир их мөнгө хийж болох талаар бодож байхад нь бид бохирдсон хувцсаа угаалгын өрөөнд оруулж тавьдаггүйгээс нь болж гомдоллодог. Бүсгүйчүүд л тийм зүйлийг анзаарахаас, цаанаасаа тэгж програмчлагдаагүй эрчүүдэд 5 удаа өмссөн цамц нь хаана байх нь сонин биш байдаг. Гэвч үнэхээр энэ зуршлуудыг нь засмаар байвал та түүнд угаалгах хувцаснуудаа хийдэг тусгай сагс гаргаад өгчих. Тэгээд дараагийн удаа зөвхөн тэр сагсанд байгаа зүйлсийг л угаа. Бусдыг нь битгий угаа. “Цэвэрхэн зангиа алга” гэж хэлвэл “Хайрт минь, би чамайг сагсанд хийгээгүй болохоор чинь угаалгахгүй гэж бодсон юм” гээд л хэлчих. Тэд дараагийн удаа өөрсдөө санаж бүх толботой хувцаснуудаа сагсанд хийх болно. Энэ мэтчилэн аливаа асуудлыг ямар ч үглэл, зандрал, сургамжилсан үгсгүйгээр шийдэж болох арга өчнөөн бий шүү дээ. Байнга нэг л юмаа давтаж хэлсээр байгаад та өөрийнхөө хүссэн үр дүнд хүрч болох л юм. Гэвч ингэснээр төд удалгүй түүний хувьд та амраг хань нь биш багш, дарга эсвэл ээж нь болж хувирна. Тэгвэл тэр аажмаар таныг хайр шатсан харцаар харахаа болино.

Тэд амраг хэвээрээ л байдаг

Өрсөлдөгч, багш, дарга, ээжийн аль нь ч болж болохгүй. Харин та түүний хувьд халамжит эхнэрээс гадна халуухан амраг нь хэвээрээ үлдэх ёстой. Гэртээ ирэх, долоо хоногт 2 удаа секс хийх нь түүний хувьд албан үүрэг шиг биш, тэсэн ядан хүлээдэг зүйлс нь байх ёстой юм. Үүнийг л санаж явагтун. Орой бүр ажлаа тараад тань луу яаран ирэхүйц тийм л уур амьсгалыг гэртээ бүрдүүлээрэй. Тэгвэл та хоёрын хооронд хэзээ ч нууц амрагийн тухай маргаан, өчигдөр нь гэртээ ирж хоноогүй тухай хэрүүл гарахгүй. Насан туршид түүний амтат амраг шиг байхын тулд та Гоолингоогийн сексийн болон хайр дурлалын бусад зөвлөгөөнүүдийг уншиж хэрэгжүүлээрэй. Түүний гарт бүх түлхүүрийг өг. Гэхдээ түлхүүрдэх аргуудыг нь та л мэддэг байхад болно!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.