Бэлгийн үү буюу хүний папиломавирусын халдвар гэж юу вэ?

Хүний папиллома вирусийн олон хэв шинжээр үүсгэгддэг бүлэг өвчнийг папилома вирус (ХПВ)-ийн халдвар гэнэ.


ХПВ нь арьс, салстыг сонгомлоор гэмтээж эмнэл зүйн олон шинжээр илрэх бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд бэлгийн үү ихээр тархаж байна. Энэ талаарх мэдээлэл муугаас хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээлэлийг хүргэж бйна.

ХПВ-ийн халдвар хэрхэн дамжих вэ?

ХПВ нь 100 гаруй төрөл байдгаас 30-аад төрөл нь бэлгийн замаар дамжин шээс, бэлгийн замыг илүүтэй үрэвсүүлж, гэмтээдэг. Бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн тодорхой хэв шинжүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээс, бэлгийн замын хучуур эдүүдийн хавдрыг үүсгэхэд чухал нөлөөтэй.

Үүнд бэлгийн хавьтал, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, төрөх замаар нярайд халдварлах гэх мэт.

ХПВ-ИЙН ХАЛДВАР ДАМЖИХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ЮУ ВЭ?

  • ХПВ-ийн халдвар бэлгийн идэвхтэй амьдралд байгаа залуу насны хүмүүсийн дунд хамгийн их тархалттай байна.
  • Бэлгийн хавьтагчийн тоо их байх нь бэлгийн замаар ХПВ-ийн халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг
  • БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, шээс бэлгийн замын хламидийн халдвар г.м) нь ХПВ-ийн халдварыг авах нөхцлийг бүрдүүлдэг

ХПВ-ИЙН ХЭВ ШИНЖИЙГ ХЭРХЭН АНГИЛДАГ ВЭ?:

ХПВ-ийн хэв шинжийг хавдар үүсгэх өндөр, дунд, бага эрсдэлтэй гэж ангилдаг бөгөөд зарим төрлүүд нь хорт хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг. ХПВ-16, 18, 30,31,33 г.м дахь төрөл нь бэлэг эрхтэн түүний орчмыг гэмтээж умайн хүзүү болон хошного, бэлэг эрхтний орчмын хорт хавдрыг үүсгэдэг.

Харин ХПВ-ын/6,11, 42-44,54 г.м/ зарим төрөл нь ихэвчлэн гадна бэлэг эрхтэн, бэлгийн их бага уруул, умайн хүзүү, хошного орчимд бэлгийн “үү” гарах шинжээр илэрч хорт хавдар үүсгэх магадлал харьцангуй багатай байдаг бол зарим төрөл нь төдийлөн элбэг тохиолддоггүй боловч өвчлөх магадлал өндөртэй төрөлд багтдаг.

Бэлгийн “үү” өвчин нь архаг явцтай, өөрөө аяндаа эдгэрэх хандлагагүй, эрэгтэйн тээрхий, шодой орчим, эмэгтэйн бэлгийн их бага уруул, хярзан, үтрээ, эрэгтэй эмэгтэйд хошногоны орчим зөөлөн нарийн суурьтай, орчныхоо эдтэй наалдаагүй, цэцэгт байцаа болон тахианы залааг санагдуулам хэлбэртэй, биеийн өнгөтэй, заримдаа цайвар ягаан эсвэл тод улаан өнгөтэй ургацаг гардаг

ХПВ-ИЙН ХАЛДВАРААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • ХПВ-ийн халдварыг цаг алдалгүй оношлуулан, эмчилгээг хийлгэх
  • Бусад БЗДХ-ыг эрт илрүүлж, төгс эмчлүүлэх
  • Бэлгийн олон хавьтлаас зайлсхийх , бэлгийн хавьтагчийг хамт эмчлэх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.