Гэр бүлийн харилцааны нэг хэсэг бол сексийн тухай яриа

Гэр бүл болгон өөрийн гэсэн аз жаргалтай. Ажлаа тараад та гэртээ яаран харьж бас гэр бүлийнхэнтэйгээ байхад таатай санагдаж байгаа бол аз жаргалын хонх жингэнэж байна гэсэн үг. Гэхдээ уурлаж, бухимдах, маргалдах эсвэл ямар нэгэн байдлаараа таарч тохирохгүйгээ мэдрэх гээд амьдралд бишгүй л асуудал бий. Ялангуяа залуу хосуудын амьдралд тохиолддог нууц хэрнээ ээдрээтэй нэгэн бэрхшээлийн тухай энэ удаа онцолж байна.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Гэр бүлийн амьдралын салшгүй нэг хэсэг нь эхнэр, нөхөр хоёрын бэлгийн амьдрал. Сексийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдгаас гэр бүлийнхээ хос баганыг ганхуулахад хүрээд буй хэд, хэдэн хүн бидэнд захидал илгээсэн юм. Бие, биенээ” хүсэхгүй” байх, эсвэл эхнэр нь нөхрийнхөө хүссэнийг ойлгодоггүй, түүнийг хэтэрхий эрээ цээргүй гэж үздэг зэрэг жишээг дурдаж болно.

Сэтгэл судлаачид гэр бүл болсон хосыг сал гэж зөвлөхгүй нь ойлгомжтой. Ихэвчлэн илэн далангүй яриа асуудлыг шийднэ гэж хариулдаг. Харин сэтгэл судлаачид руу зорьж очоод өөрийн амьдралын нарийн ширийн асуудлаа ярих хүн тийм ч олон биш. Зэрэгцэж суучхаад унтлагын өрөөн дэх асуудлынхаа талаар шүүмжлэн хэлэлцэх нь юул бол. Тиймээс бид нийтлэг байдаг жишээнд үндэслэн сэтгэл судлаач Барбара де Анжелисын “Гэр бүлийн аз жаргал” номоос дараах зөвлөгөөг хүргэж байна.

БИЕИЙН ЭРХТНИЙ ХУВЬД ТААРЧ ТОХИРОХГҮЙ БАЙХ
Биеийн эрхтний хувьд таарч тохирохгүйгээс хайр сэтгэлийн харилцаа бүтэлгүйтдэг тохиолдол бий. Бүсгүйчүүд тухайн эрийн эрхтэн нь хэтэрхий том учраас багтдаггүй эсвэл хэтэрхий жижигхэн учраас таашаал авдаггүй хэмээн гомдолдог. Эрчүүд ч энэ талаар дуугүй байхгүй нь тодорхой. Тэд ч гэсэн том, жижиг гэхчлэн хэмжээний асуудлаас болж дур ханасангүй гэж ярьдаг. Ийнхүү нэгэнт бие эрхтний хувьд таарч тохирохгүйгээ мэдэрсэн тохиолдолд дахин бэлгийн харилцаанд орохоос эмээж, зайлсхийдэг.

Хэрэв нийлэмжгүй байдал бага байвал хосууд асуудлаа хамтдаа шийдвэрлэж болох ч энэ байдал тэнгэр, газар шиг зөрүүтэй байвал аз жаргалын талаар ярихад хол байна гэсэн үг. Түүнчлэн хосууд хуримын ёслол болтол бэлгийн харилцаанд орохгүй байхаар шийддэг нь нөхцөл байдал хүндрэх нэг шалтгаан болдог.

БЭЛГИЙН АМЬДРАЛЫН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ЗӨРЧИЛ
“Миний найз өдөрт ядаж нэг удаа, заримдаа буюу амралтын өдрүүдэд хоёр удаа бэлгийн харилцаанд орох сонирхолтой байдаг. Анх бид танилцаж байхад би түүний сэрлийг ямар их хөдөлгөж байгааг хараад итгээгүй. Харин одоо энэ зүгээр л хийх ёстой зүйл, миний үүрэг юм шиг санагддаг болсон”

“Миний нөхөр бэлгийн харилцаанд оролгүй хэдэн сараар байж чадна. Харин миний хүсэл тачаал байнга оргилж явах болсон. Гэхдээ хором бүр биш хааяа нэг ингэдэг бол зүгээр байхсан. Энэ талаар нөхөртэйгөө ярилцахаар тэр бэлгийн харилцааг чухал зүйл биш гэх юм. Харин надад чухал. Бид энэ талаараа таарч тохирохгүй байгаа юм болов уу?”

Дээрх хосуудын бэлгийн амьдралын хэрэгцээ, шаардлагын давтамж харилцан адилгүй учраас нийлэмжтэй байж чадахгүй байна. Хэн нэгнийх нь зөв болгож дүгнэлт хийх боломжгүй. Хүн бүр адилгүй учраас хосуудын хүсэл заавал нийлж байх албагүй. Илэн, далангүй яриа мэргэжилтний зөвлөгөөний дагуу энэ асуудлыг шийдэх боломжтой.

Өдөр бүр эхнэртэйгээ унтахыг хүсэж буй залуугийн хувьд түүнийг хайрласандаа бус алжаалаа тайлах зорилгоор энэ ажлыг хийж байж болох юм. Энэ залуу бясалгал, дасгал гэх мэт биеийн алжаал тайлах аргаас хэрэглэвэл өөрийн оргилсон дур хүслээ барьж болохыг ойлгоно. Мөн та яагаад эхнэр болон нөхөртэйгөө дотно харилцаанд орох хүсэлтэй болон хүсэлгүй байгаа шалтгааныг судлан үзэж хамтран ярилцаад та хоёрын сэтгэлд нийцэх давтамжийг сонгоорой. Гэвч нөхөр эсвэл эхнэр чинь өөрийгөө өөрчилж, буулт хийхийг хүсэхгүй байгаа бол та хоёрын бэлгийн давтамж яагаад ч нийлэхгүй. Мэдээж таны бэлгийн амьдралын хэв маяг амрагийн тань хэв маягтай ижил байх тусмаа харилцан зохицолтой байна.

Хайрласан сэтгэлээ хэвээр нь хадгалж, өөрсдийн гэсэн бэлгийн амьдралын хэв маягийг бий болгох нь гэр бүлийн харилцаагаа үнэ цэнэтэйгээр нь хадгалах нэгэн боломж юм. Анх харилцаа тогтоож байх үед хосуудын бэлгийн харилцааны хэв маяг харилцан адилгүй байж болох юм. Эмэгтэйд нь сэтгэл санаатай холбоотой хэв маяг зонхилж байхад эрэгтэй нь биеэр хайрлах хүсэлтэй байж болно. Хосууд бие биенээ сайн таньж, нэгнээсээ суралцахын хэрээр эрэгтэй нь илүү нээлттэй болж, эмэгтэй нь бэлгийн харилцаанаас ханамж авахын тулд мэдрэмжтэй, дур хүсэлтэй болж эхэлдэг. Цаашлаад харилцаа гүнзгийрэх тусам бэлгийн амьдралын нийлэмж нь улам нэмэгддэг аж.

Муу харилцаатай хосын нэг нь өөрийнхөө бэлгийн амьдралын хэв маягийг золиосолдог. Эсвэл өөр амрагтай болж, мэхлэлт эхэлнэ. Тиймээс хайр сэтгэлийн харилцаагаа хэвээр үлдээж, гэр бүлээ аврахын тулд хоорондоо санал солилцон илэн далангүй ярилцах хэрэгтэй. Бүх зүйл та хоёроос л шалтгаална.

Нэг өглөө сэрэхдээ хажууд тань унтаж буй амрагаа та огтхон ч хүсэхгүй байгаагаа ойлгоно гэдэг бол аймшигтай мэдрэмж. Сексийн “хими” буюу дур хүсэл гэнэтхэн ор сураггүй алга болдоггүй. Түүнийг илэрхийлж чадаагүй сэтгэл, муу зуршил булшилчихдаг юм. Секс бол оюун ухаан зүрх сэтгэлийн толь. Энэ бүхнийг ойлгосны эцэст та бэлгийн амьдралыг нууцлаг үл хүрэх шидэт зүйл мэтээр төсөөлөхөө болино.

ХҮСЭЛТИЙН ЖАГСААЛТ
Энэ жагсаалтыг гаргаснаар сайн харилцаатай хосууд нэгнийхээ талаар илүү ихийг мэдэж, сайхан зан чанарыг нь олж харах бол тааруухан харьцаатай нь харилцан тохиролцоонд хүрч, бие биенээ ойлгоход тус болох юм. Жагсаалт гаргахдаа заавал багтаах ёстой зүйлсийг жагсаалтаас харна уу.

Биеийн харьцаа. Гадаад байдал, төрх, хооллох зуршил, биеэ авч яваа байдал, хувийн ариун цэвэр, хорт муу зуршил.

Сэтгэл санаа. Тантай хэрхэн харилцаж байгаа болон сэтгэлээ илэрхийлэх болон үүрэг хариуцлага хүлээх чадвар.

Харилцааны зан чанар. Хувийн зан чанар, наргианч хөгжилтэй байдал, үзэл бодлоо илэрхийлэх болон асуудал шийдвэрлэх чадвар.

Оюун санааны байдал. Боловсрол, мэдлэгт хандах байдал, дэлхийн үйл явдлыг хэр сонирхдог болон бүтээл чадвар.

Бэлгийн амьдралын хэв маяг. Бэлгийн амьдралын хэв маяг болон бусдад таашаал өгч, өөрөө ханамж авах чадвар.

Мэргэжлийн чадвар. Амжилт, мөнгөнд хандах хандлага, ажил хэрэг зохион байгуулах чадвар, мэргэжлийн цаашдын төлөв, зорилго.

Ахуйн зан чанар. Амьдралыг үзэх үзэл болон шашин шүтлэг.

Сонирхдог зүйл. Таны хүсэж буй зүйлсийн жагсаалт дэлгэрэнгүй байх тусам амрагаа өөрт тохирох эсэхийг тодорхойлох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.