Дараагийн амьдрал бүр дорддог гэх

Сайн байна та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд захидал бичиж сууна гэдэг амьдралд нэгэн үе ирдэг юм байна. Салалт гэдэг зүйлийг туулсан хүмүүс олон байдаг бололтой. Би ч гэсэн өөрийнхөө тухай хуваалцаж, та бүхний санал бодлыг сонсохыг хүссэн юм.

Товчхондоо би нөхрөөсөө салсан. Бусдаараа гайгүй хүн ч гэлээ, ууртай. Уурлахдаа намайг харааж, бүр гар хүрдэг болсон. Бид удаан хамт амьдраагүй ч ийм байдал үүссэн. Мэдээж би тэсээд, тэвчээд, аргалаад амьдарч болох байсан байх. Гэхдээ амьдралд санал зөрөх үе зөндөө гарна. Тэр болгонд би дуугүй, уурлахгүй, өөрийгөө дараад хүний аясыг дагаж амьдарч чадна гэж үү? Надад ч бас дутагдал бий. Бүх зүйл дээр өөрийгөө зөвтгөхгүй. Салсны дараа бүр ч илүү өөрийгөө буруутгах бодол төрдөг. Магадгүй хайртай байсан болохоор тэр байх. Би тэвчээр багатай, гомдлоо илэрхийлдэг, аргадуулах гээд уурладаг байсан байх. Гэхдээ өөрийгөө муу эхнэр байсан гэж боддоггүй.

Салаад явсны дараа тэр огт гуйгаагүй. Тэгэхээр надад сэтгэлгүй байсан юм болов уу гэж бодогдоно. Ер нь эр хүн хайртай хүндээ гар хүрдэг юм болов уу? Ядаж л маш их гэмшдэг байлгүй дээ. “Нэг гар хүрсэн хүн зогсдоггүй” гэж ярьдаг. Ирээдүйгээ бодоод салсан ч айдас одоо ч байна. Зарим хүмүүс дараагийн амьдрал бүр дорддог гэдэг. Зарим нь сайн хүнтэй учраад сайхан амьдарсан гэдэг. Эцсийн дүндээ хүн өөрөөсөө их хамаардаг байх. Би ахиж хүнд дурлаж, шархалж зовохоос айж байна. Гэхдээ хүүгээ сайн аавтай болгомоор л байна.

Амьдралын туршлагаасаа хуваалцаач. Мөн охид, бүсгүйчүүддээ хэлэхэд хүнээ сайн таньж үерхээрэй. Яараад хүүхэдтэй болж болохгүй юм байна. Удаан хамт амьдарч, зан чанарыг нь мэдэрч байж хүүхэдтэй болоорой. Над шиг ийм алдаа гаргаж, үр хүүхдээ зовоох вий…

1 Comment

  1. Shil says:

    Гар хүрэх нь нэг талын үйлдэл-эрэгтэй, хэл амаараа, үйлдлээрээ зодсоноос илүү уур хүргэдэг-эмэгтэй.

    Бид 2 хэд хэд поогоон хийсэн үр дүнд нь эрэгтэй юн буруу болдог. Тэсээд ярилцаад, хайрлаад тэгээд давсан даа. Одоо сайхан л бна. Зодуулсан, зодсоноор амьдраа дуусгах нь хайрхан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.