Зөвлөлтөд эхэндээ биеэ үнэлэх явдалтай хатуу тэмцэж байсан. Бүр биеэ үнэлсэн, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан этгээдүүдийг үг дуугүй буудан хороож байсан гээд бод. Иргэний дайны дараа ажилчин тариачдын оронд биеэ үнэлэлт үгүй болсон хэмээн тунхаглаж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ байдал чанх эсрэгээрээ. 1920 онд явуулсан асуулгаар ажилчдын 43 хувь бусад иргэний 41,5 хувь нь янхан эдэлж үзсэн бол 1923 онд үйлдвэрийн эрэгтэй ажилчдын 61 хувь нь бусад ажилтан, албан хаагчдын талаас илүү хувь нь биеэ үнэлэгч авч, тэднээр үйлчлүүлж байсан аж.
Ингээд 1920-1940 оны өлсгөлөн, дайн дажин, шилжилт хөдөлгөөн, нийгмийн сүйрэл биеэ үнэлэлт газар авахад нөлөөлж, байдал тогтворжсон хойно ч эл явдал амь бөх оршсоор байлаа. 1956 оны есдүгээр сард Ленинград хотын Цагдаагийн газрын есдүгээр хэсгийн дарга М.Богданов тус хотод биеэ үнэлэлт хэр газар авсныг тайлагнасан бөгөөд Москвагийн Цагдаагийнхан 1957 онд ийм тайлан гаргажээ. Английн “News of the World” сэтгүүлийн 1959 оны дугаарт Москвагийн зочид буудлуудад биеэ үнэлэх явдал гаарсан тухай бичжээ. Гадаадын жуулчид, намын элч төлөөлөгчид байрласан буудалд орос охид, бүсгүйчүүд уралдан ирж маш хямдхан үнээр биеэ үнэлдэг. Барууны жуулчдад орос охид ердөө 5-10 доллараар эсвэл үнэртэй үс, эмэгтэй хүний нүүрний тос өчүүхэн бэлэг сэлтээр л СССР-ийн янхнууд ажлаа сайн гүйцэтгэж байдаг тухай уг нийтлэлд өгүүлжээ. Ийнхүү 1961 онд биеэ үнэлэгчдийг Москва, Ленинградаас албадан гаргаж алс хязгаарын хот суурингуудад шилжүүлэн суулгахад дагаад тэр газруудад биеэ үнэлэх явдал цэцэглэн хөгжсөн байдаг. Харамсалтай нь Москва, Ленинград болон бусад томоохон хотуудаас байнга биеэ үнэлж байсан охид, хүүхнүүдийг хэдэн зуугаар нь алс дорнод, сибирь лүү зөөлөө гээд тэнд байдал алга болсонгүй. Ар араасаа ядуу тарчигхан амьдралтай айлын охид зочид буудлын үүдээр эргэлдсээр. “Зөвлөлтийн үед Колымагийн зам дагуу тээврийн жолоочдод зориулан халуун ус, хоолны газар, дэн буудалтай жижиг суурингуудыг байгуулжээ. Ягодная тосгоны ойролцоох жижиг сууринг Дунькагийн хүйс гэж нэрлэдэг байсан нь тэнд суудаг Дуня бүсгүй тээврийн жолоочдод бие сэтгэлээ худалддаг байснаас үүдэлтэй. Дуня бие сэтгэлээ мөнгө эсвэл алттай элсээр солино. Хүйсэнд нь хэр зэрэг алттай элс хийнэ тэр хэмжээгээр хайр энхрийлэл амсана. Хэдэн жолооч алттай элсний оронд зэс самоварын үртэс өгч Дуняг хуурсан гэлцэнэ. Дуняагаас гадна угаагч, тогооч, үйлчлэгч эмэгтэйчүүд биеэ худалдахаас сийхгүй.
Зарим нь донтож байсан бол зарим нь амар хялбар мөнгөнд шунана. Жар, далаад онуудад Дотоодыг Хамгаалах яамны захиалгаар биеэ үнэлэлт дэлгэрснийг судалж тогтоосноос гадна ялангуяа 1970 онд СССР дэх биеэ үнэлэлт улам гаарсныг судалгаа, нотлох баримт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоожээ. Наяад оны эхээр томилолтоор явахдаа зочид буудалд байрласан оросуудаас Москва, Ленинградаар тогтохгүй алс хязгаарын хотуудад “Охин авах уу эсвэл хөвгүүн авах уу?” гэж асуудаг байлаа. Орой өрөө рүү нь утасдаж асуух нь элбэг. Вокзал, боомт, цэцэрлэгт хүрээлэн, амралт, сувиллын газар зочид буудал, кафе, машины зогсоол, тэр байтугай подвал, мухар гудамжинд биеэ үнэлнэ. Оюутан бүсгүйчүүд хувцасны төлөө гадаад оюутнуудад биеэ хайрлахгүй өгнө. Зарим том байгууллагууд дарга даамал, гадаадын зочид төлөөлөгчид, хяналт шалгалтынханд зориулсан өөрийн гэсэн биеэ үнэлэгчидтэй. КГБ-д ажилладаг валютын биеэ үнэлэгчид тэднээс тусдаа. Зөвлөлтийн тагнуул тэдэнтэй хамтрахаас ер сэжиглэхгүй. Тагнуулын эмэгтэй ажилтнуудаар гадаад хүмүүсийг тандуулах нэрийдлээр гадныхнаас валют салгаж авна. 1986 онд Зөвлөлт-Америкийн анхны теле гүүр нэвтрүүлгийн үеэр Ленинград зочид буудлын зохион байгуулагч Людмила Иванова “Манайд секс байхгүй. Бид үүнийг тууштай эсэргүүцдэг!” гэж цогтой мэдэгдсэн ч Зөвлөлтөд секс байтугай хайр дурлал хангалттай байлаа. Түүнээс гадна садар самуун явдал хэр их дэлгэрснийг хэн ч мэдэхгүй. Хүйсийн тэгш эрхийг ухуулж байсан Зөвлөлт засаг эмэгтэйчүүдэд сонсгох эрх өгсөн нь тоталитар дэглэмд ямар ч утгагүй бөгөөд эмэгтэйчүүдийг галын шугаманд илгээж, уурхай хортой үйлдвэрүүдэд ажиллуулж, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдах нь энүүхэнд. Орлого багатай, амьдрах биш амь зууж байгаа нийгэмд энэ нь хэвийн үзэгдэл. Ийм учраас Зөвлөлтөд маш олон эмэгтэй биеэ үнэлж байлаа. Өлссөн мөнгөгүй, өөртөө хүссэн юмаа авах боломжгүй, дарга даамлаас хамааралтай эмэгтэй хүссэнийг нь өгөх хүний хямдхан хоол болохоос өөр яах вэ. Биеэ үнэлэлт, садар самуун явдал Зөвлөлтийн ард иргэдийн мах цусанд шингэж эцэстээ энгийн мэт санагдах болсон нь нууц биш.
Ороо бусгаа ерээд онд зам дагуу залуу эмэгтэйчүүд хэдэн рублийн төлөө биеэ үнэлж зогсдог байлаа. Эрхүү хотын нэгэн сонинд 2006 онд “Залуу биеэ үнэлэгчид, Лыткинагийн гудамж Лениний районы иргэдэд хөнгөлөлттэй үйлчилнэ” гэсэн зар гарсанд иргэд “Зах замбараагаа алдаж. Урьд нь ийм явдал байгаагүй” хэмээн халаглаж байсан ч үнэндээ бол байсан шүү дээ. Байхаар барахгүй бүр Зөвлөлтийн үеэс байсан юм шүү!
Ямар ч хувьсгал нийгэм, эдийн засаг, сэтгэлзүйд хүчин зйүлээс гадна бэлгийн хүчин зүйлтэй байдаг. Хувьсгалыг дагаад бий болох нийгмийн асар их цочрол, дарамт хүний янз бүрийн энергийг гадагшлуулж тайван цагт унтаа байдаг араатанлаг төрхийг илчилдэг. Хувьсгалт үед эрүүгийн элементүүд эрс идэвхжиж, нууцхан хүсэл, тэр дундаа бэлгийн дур хүслээ хангадаг. Тэгмэгц энэ чанараа ихэвчлэн дарж явдаг жирийн иргэд тэднийг үлгэрлэн дуурайдаг. Иймээс аливаа хувьсгал хэдийгээр дарлал мөлжлөгөөс чөлөөлж байгаа нэртэй ч эмэгтэйчүүдэд ихээхэн халтай. Хувьсгалын шуурга намжихын хэрээр амьдрал эргээд хэвийн голдиролдоо ордог боловч хувьсгал тэмцэл, дайн дажнаас үлдсэн ур уршиг хэдэн үеийн турш сэтгэлийг хордуулсаар, зан авирын хувьд хэрцгий догшин болох нь бий. Энэ үзэгдэл эмэгтэйчүүдэд ч хамаатай.
Коммунизмыг үндэслэгчид үндсэрхэг үзлийг дэвэргэж, эмэгтэйчүүд давамгайлсан нийгмийн байгуулсан гэж үзэх нь бий. Гэвч тийм биш. Марксын Коммунист намын тунхаг, Энгельсийн “Гэр бүл, хувь ба улсын эмчийн гарал үүсэл”-д эмэгтэйчүүдийн нийгмийг сурталчлаагүй, хөрөнгөт нийгмийн гэр бүл, биеэ үнэлэлтийг эсэргүүцсэн. Марксистуудын сонгодог бүтээл Август Бебелийн “Эмэгтэйчүүд ба социализм” биүээлд эмэгтэйчүүдийг чөлөөлж тэгш эрх олгох тухай өгүүлдэг. Марксистуудаас гадна тэдний үеийн социологич, сэтгэлзүйчид нийгмийн доод давхаргынхан дунд гэр бүлийн харилцаа таагүйгээр эргэх, бэлгийн амьдрал задгайрах хандлага ажиглагдаж эхэлснийг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч Оросын хувьсгалыг марксист үзэлтэй боловч Оросын нигилист Бакунин, Ткачёв, Нечаев нарыг залгамжилсэн больщевикүүд дэглэжээ. Достоевский энэ хүмүүсийг эрээ цээргүй албингууд гэж нэрлэсэн байдаг юм. Гэвч аль ч цаг үед биеэ үнэлэлт амь бөхтэй оршсоор.
“Совершенно секретно” сэтгүүлийн 2022 дугаараас авав