Сайн байцгаана уу, эрхэм хүндэт бүсгүйчүүдээ. Би багаасаа төлөв даруу зантай, хүмүүжилтэй, гэр амьтай, үг дуу цөөнтэй хүүхэд байлаа. Хичээл номдоо ч маш сайн байсан. Голдуу ганцаараа байх дуртай, найз нөхөд цөөнтэй, айлын ганц хүү. Нэг их тансаг амьдралтай биш ч гэлээ эрдэм номынхоо хойноос тууштай яваад сайхан мэргэжил эзэмшсэн. Амьдралын төлөө үргэлж зүтгэдэг, хичээнгүй, хөдөлмөрч нэгэн.
Сурагч байхдаа анхны үеийн үерхэл маань бүтэлгүйтэж, түүнээс хойш дахин эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэж чадаагүй ээ. Хэдий хүүхэд насны явдал байсан ч тухайн үед надад маш хүндээр туссан юм. Тэгээд бууж өгөлгүй араас нь оюутан болтлоо явсан ч бас л бүтээгүй. Тухайн үед өөрийгөө улам их үнэ цэнэгүй мэтээр мэдэрч, доошоо орж байлаа. Тэгтлээ их хайрлаж, чадах бүхнээ зориулж, маш олон жил араас нь гүйж байхад өөр эрэгтэйг сонгоод яваад өгнө гэж бодсонгүй ээ. Амьдрал уг нь шударга, үнэнч, тууштай хүнийг дэмжмээр юм шиг, гэтэл дандаа л эсрэгээрээ байх юм.
За тэгээд одоо хүртэл ганц бие явсаар байна. Тэр өсвөр насны бүтэлгүйтэл, анхны хайрын шарх хүнийг бүхий л амьдралынх нь турш ингэж сүүдэр шиг дагаж, сэтгэл зүйг нь үймүүлдэг юм уу? Одоо энэ бүхнээс яаж өөрийгөө цэвэрлэж, тавьж явуулах вэ? Тэр маань хэдийнэ хүний эхнэр болоод 3 хүүхдийн ээж болчихсон байхад, заримдаа санамсаргүй таарах бүрд би яг л хуучин тэр үе рүүгээ, өнөөх шаналал руугаа буцаад явчих гээд байх юм. Би одоо яавал дээр вэ?