Сайн байцгаана уу? Би хоёр хүүхэдтэй, эхнэрээсээ салсан залуутай уулздаг байсан юм (хүүхдүүд нь ээж дээрээ байдаг). Тэр маань надад их л хайртай дуртай, ‘чи л биш бол өөр хэн ч биш’ гээд л байдаг байлаа. Би ч эхэндээ тоодоггүй байлаа. Сүүлдээ тэрэндээ дасаж, хайртай болоод юугаа ч нуулгүй бүхнээ л зориуллаа. Бүх сэтгэл зүрхээ зориулаад, шийдвэр гаргахын даваан дээр бүх юм сонин болчихлоо.
Би огт харддаггүй байсан. Сүүлийн үед тэр нэг л биш болж, надад уурлаж, ярьж байснаа шууд таслаад л, зан нь өөрчлөгдөөд, тэгснээ хэд хоноод л өнөөх сайхан үгнүүдээ хэлээд, эвлэрээд л өмнөх шигээ болдог байлаа. Өмнө нь юун утас таслах, уурлах нь битгий хэл байсан юм. Би ч үнэхээр л жинхэнээсээ надад хайртай байна гэж бат итгэсэн юм л даа. Хэзээ ч намайг хуурахгүй, хэзээ ч надаас салж чадахгүй гэж итгэж явсан хүн байлаа.
Тэгсэн өөр хүнтэй болоод нэлээдгүй удаж байгаа бөгөөд тэр хүүхэн нь их л айхтар хартай бололтой, надад үнэнээ хэллээ… Би бүр шоконд орсон. Тэнгэрт ниссэн гол дүр гэж бодож явсан хүн чинь шууд хэн ч биш болж хувирдаг юм байна. Би ч тэрэндээ уг нь хайртай гэдгээ хэлдэг л байсан. Тэгсэн намайг өөр хүнээр сольчихоод, ‘Тэр хүнтэйгээ амьдрах санаа байна’ л гэж байна. Би ч ойлгох гээд ч байгаа юм шиг, бүр нууц амраг нь ч болох гээд байгаа юм шиг. Намайг ‘Тэнэг байна, хаяач, цаашдаа хамт байх санаа байгаа бол чамд нэмэргүй, хэрэггүй’ гэх хүн олон л байна байх л даа. Би ч тэгж бодсон, ийм хүнээр ч юугаа хийх вэ гэж бодож л байлаа. Намайг буруутгах хүн ч их байна байх өө.
Гэхдээ би тэр хүнээс салмааргүй, бүр улам л санаад байх юм. Угаасаа болохгүй гэдгээ мэдээд байгаа мөртлөө, зүгээр л хэнд ч хэлж дотроо онгойлгож чадаагүй болохоор та нартаа бичвэл дотор арай гайгүй болох ч юм болов уу, бүү мэд ээ. Тэгээд ер нь эрэгтэй хүнд итгэх итгэл алга болж байх шиг байна. Тэр хүнээ орхиод эргээд ирсэн ч хүлээж авмаар санагдаад хэцүү байна оо, нулимс ойрхон л байна. Тэр хүнийг хэзээ ч уучилж болохгүй байхад, тэгээд ч хамаагүй уулзмаар байна.
Буруутгахаас өмнө би хайртайдаа бүгдийг тэвчээд, уулзаад баймаар санагдаж байна оо. Хайр гэдэг үгний утга учрыг ойлгуулсан хүн болохоор би хэзээ ч мартаж чадахгүй байх. Над руу бол ‘Хайртай, үнэн сэтгэлээсээ хайртай байсан шүү, чамайг хэзээ ч мартахгүй’ л гэх юм. ‘Эргүүтсэн дурак’ гэж бодож байсан ч одоо би харин өөрөө эргүүтчихээд л байж байна.
Амьдрал үргэлжилж л байгаа ч сэтгэлийн зовлонгоосоо салмаар байна. Мартмаар байна, даанч огт бодлоос гарахгүй байна, саатмаар байна. Зүгээр л хэцүү байна. Тэнэг эмэгтэй хүн байна даа, би.