Хүмүүст хандаж, өөрийн туулсан туршлага дээр үндэслэн нэгэн маш чухал зүйлийг хэлмээр байна.
Миний хувьд өдгөө 30 настай, ганц бие эмэгтэй. Энэ нас хүртлээ гаргасан алдаа, оноо болгоноосоо суралцаж, сэтгэл зүй дээрээ тасралтгүй ажиллаж, дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө бүтээх гэж маш их хичээсээр өдийг хүрлээ. Өөрийнхөө сэтгэл зүй дээр ажиллаж, дотоод хүнээ засна гэдэг асар их тэвчээр, цаг хугацаа шаарддаг зүйл.
Гэтэл нийгмийг ажиглаад байхад ихэнх хүмүүс өөрийнхөө сэтгэл зүйд огт анхаарал хандуулахгүй мөртлөө, өмнөх хайр сэтгэлийн асуудал, хуучин шархнаасаа үүдсэн гомдлоо тээсээр дараагийн хүнтэйгээ харилцаа тогтоодог. Үүнээсээ болоод дахиад л эрүүл бус, хорт харилцаа үүсгэх нь элбэг харагдах юм. Хэзээ ч хүнээр хүнийг нөхнө гэж байдаггүй юм шүү. Энэ бол зөвхөн өөрийнхөө ганцаардлыг дарах гэсэн арчаагүй, хувиа бодсон үйлдэл.
Уг нь хүн өөр дээрээ ажиллаж, эрүүл сэтгэл зүйтэй болсон үедээ хүнтэй харилцаа тогтоовол танд ч, нөгөө хүнд чинь ч ашигтай, нандин байдаг. Тэгэхгүй бол бөөн токсик шарх, гомдол, үзэн ядалт өвөртөлчихөөд “Бүх эрчүүд/хүүхнүүд ийм, тийм” гэсэн харанхуй сэтгэхүйгээр хандахаар танд хэзээ ч эрүүл зөв хүн ирэхгүй.
Би лав хувьдаа шархадчихсан, “Эмэгтэйчүүд бүгд адилхан” гэж гоншигнодог, өөртөө итгэлгүй, сэтгэл зүйн асуудалтай эрэгтэй хүнийг анагаах үнэгүй “эмнэлэг” болохын тулд цаг заваа хэзээ ч зарцуулахгүй. Хэн ер нь зүв зүгээр эрүүл сэтгэл зүйтэй, түүнийгээ хадгалах гэж хичээж байж, өөр дээрээ ажиллаагүй хүний сэтгэцийн хог шаарыг цэвэрлэж, анагаахыг хүсэх вэ дээ? Тиймээс бүх асуудлын гарц шийдэл бусдад биш, зөвхөн ТАНД өөрт чинь байгаа юм шүү. Өөрийгөө эдгээчихээд, бусдыг хайрлацгаая.