Түр зуурын сонирхол болов уу гээд тэвчээртэй хүлээх үү?

Сайн байцгаана уу. Надад амьдралын арвин туршлагатай эгч нарын минь үнэтэй зөвлөгөө маш их хэрэгтэй байна. Хэдий сүртэй зүйл биш мэт харагдавч, цаашдаа нөхөртэйгөө харилцах харилцаа, гэр бүлийн минь хувь заяанд маш том нөлөө үзүүлэхээр асуудал тулгараад байна.

Хаана ч таашаалыг мэдэр…

Би нөхөртэйгөө танилцаад 8 жил, хамт амьдраад 3 жил болж байна. Одоо бид хоёр хөөрхөн охинтойгоо аав, ээжийнд минь хамт амьдардаг. Манай хүн уг нь ажилсаг, ажил тараад л гэр рүүгээ яардаг, гэрийн ажилд ч тусалдаг сайн аав, сайн хань. Бид хоёр өмнө нь хэзээ ч муухай үгээр бие биенээ хэлж хэрэлдэж үзээгүй. Заримдаа уурлаж гомдохоороо хоёулаа дуугаа хураачихдаг, тэгээд удалгүй бие биеэ санаад л эвлэрчихдэг байв.

Гэтэл саяхан би санамсаргүй утсыг нь үзэж байгаад нэг хадгалаагүй дугаартай өдөр болгон мессеж бичиж, өдөрт 1-2 удаа заавал ярьсан байхыг нь хараад дотор сонин болчихлоо. Мессежүүдийг нь унших гэсэн чинь миний өдөр бичсэн чат хүртэл байхгүй болтол нь бүх чатаа устгачихсан байсан. Тэр дороо ээжийнхээ утаснаас залгаж үзвэл нэг эмэгтэй утас авсан. Орой нь нөхрөөсөө утсаар нь ярих шалтаг гаргаж байгаад “Энэ хэн бэ” гэж асуутал царай нь бараагаад “Хүн л байна шүү дээ” гэж сонин хоолойгоор хэлсэн. Тэр шөнөдөө би өөрийгөө гэрт хоол хийж, хувцас угаадаг “гэрийн авгай” төдийхнөөр төсөөлж, гомдсондоо зөндөө уйлж, хамаг гомдлоо хэлсэн ч нөхрөөс маань ганц ч үг гарсангүй.

Маргааш өглөө нь хажууд минь “Утсыг маань ухахаар чинь уур хүрээд дуугарсангүй. Би чамайгаа хуурна гэж юу байх вэ, үүрд хайрлана” гэсэн захидал үлдээсэн байлаа. Би ч тайвшраад эвлэрсэн ч 3 хоногийн дараа дахиад л нууцаар утсыг нь үзвэл өнөөх дугаартайгаа холбоотой хэвээр, бас л мессежүүд нь устгагдсан байна. Одоо утсаа хаана ч явсан биеэсээ салгалгүй авч явдаг болсон нь улам сэжигтэй.

Анх суух гэж байхад маань нэг бөө надад “Хүүхдээ тэврээд үлдэх гээгүй бол сал” гэж хэлж байсан нь бодогдоод бүүр ч айж байна. Одоо би яах ёстой вэ? Уурлаж, шалгааж нэг тийш нь шийдэхгүй бол өөрөө доромжлогдоод байгаа юм шиг санагдах юм. Эсвэл түр зуурын сонирхол болов уу гээд тэвчээртэй хүлээх үү? Хэтэрхий араас нь хөөцөлдөөд байвал үнэ цэнэгүй болох болов уу? Оройтохоос нь өмнө энэ асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг хэлж өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.