Амьдралд ам гарч болохгүй гэж үнэн бололтой…

Тэр миний анхны хайр, бид хоёр оюутан байхдаа танилцаад төгсөх жилдээ нэг гэрт орж амьдрал эхэлсэн. Жижигхэн өрөөнийхөө булан бүрд бид хайртай, хана тааз бүр дээр мөрөөдлөө дүрслэн зурж суудагсан.

Манай найз залууд манайхан нэг л таарамжгүй ханддаг. Маш их ажилтай байдаг миний төлөө магистраа хүртэл хаяж давхар ажиллаад завгүй гүйдэг байсан болхоор ээж аавтай нээх их уулзаж амждаггүй тул тэгсэн байх.

Амьдрал минь эхний хоёр жилдээ гялалзаж байсан ч энэ хэвээрээ цаашид үргэлжлэхгүй юм гэж хэн санах билээ. Нэг өдөр би санаандгүй байдлаар утсыг нь үзээд, намайг хуурсан тухай нь мэдчихсэн. Хамт ажилладаг эмэгтэй нь байсан. Цээжинд нэг юм тасхийж, амьсгаа ч авахад хэцүү болсон.

Би түүнийг шахаж шаардаж байж хэлүүлхэд тэр юу ч болоогүй гэж гүрийсээр л байсан. Зүрх минь ч түүнийг сонсохоо байчихсан байлаа. Найзууд ч “сал” гэж хэлсэн. Тэр үед би магистраа төгсөж байсан тул шалгалтандаа бэлтгэж тайван салъя гэж шийдсэн.

Тэр надтай дахин холбоо бариагүй.

Удалгүй амьдралд минь шинэ хүн орж ирсэн бид хүүхэдтэй ч болсон. Энэ хүн л юм байна гэж итгээд ээж аавдаа танилцуулсан, тэдэнд таалагдсан, надад ч гэсэн таалагддаг байсан.

Жирэмснийхээ сүүлийн саруудад би эргэлзсэн, тэр намайг орхиод явчихсан, “Бидний хооронд юу ч байхгүй, би цаашид чамтай амьдрахгүй” гэсэн ганцхан өгүүлбэрээр бүх зүйлийг дуусгасан. Тэр үед би анх удаа өөрийгөө үнэхээр ганцаардаж байна гэдгийг мэдэрсэн. Хүүхдээ тэврээд шөнөжин сууна гэж төсөөлөхөөс л айж, заримдаа зүгээр л бүхнээс зугтаагаад алга болмоор санагдаж байлаа.

Тэгээд би… хэзээ ч дахин харилцахгүй гэж бодсон хүндээ бичсэн. Анхны хайр. Өөрийнхөө гэх бүхнийг надад зориулдаг байсан тэр залууд… Хариу ирэхгүй байх гэж бодсон ч тэр хариулсан, миний тухай бүгдийг мэдэж байсан. Ганцаараа хүүхэд өсгөх амаргүй тухай хэлж надад зөвлөж халамжилж яг хуучин хэн байсан тэр л хэвээрээ надад хандсан.

Эргээд түүнд дасаж байх шиг байна. Гэтэл тэр одоо найз бүсгүйтэй болж. Хамгийн хачирхалтай нь намайг хуурсан гэж бодсон тэр хамт ажилладаг эмэгтэй нь. Гэхдээ тэр үед тэгж байгаагүй болж таарсан. Найз залууд минь хэтэрхий их халамж тавиад байхаар нь би тэгж бодсон юм. Харин бид хоёр салсны дараа тэр эмэгтэй түүний амьдралд орж ирсэн бололтой.

Жирэмсэн байхад минь, хамгийн хэцүү үед минь тэр хоёр л эргэж тойрдог байлаа. Хоёр сарын дараа би төрсөн. Хүү минь намайг хамгийн их өвтгөж, хамгийн их доромжилж явсан хүнийг яг таг өвчсөн мэт адилхан төрсөн. Анх хараад дуу ч гарч өгөөгүй. Эдгэрж байсан шарх нээгдэж байгаа юм шиг өвдөж байсан. Гэхдээ хүү минь миний хамгийн том бахархал.

Түүний найз бүсгүй хааяа ирж хүүтэй минь тоглоно. Сүүлд ирэхдээ тэр өөрөө ч жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Би яг л энэ мөчөөс айж ирсэн. Би боломж гарвал түүнийгээ эргүүлж авна гэж хаа нэгтээ боддог байлаа. Тэр бодол л намайг дотроос минь иддэг байсан.

Би ганцхан жилийн өмнө түүний тэвэрт инээж суусан бол одоо ингээд өөр хүний хүүхэд төрүүлчихээд, өрх толгойлсон ээж болчихдог юм байна.

Амьдралд ам гарч болохгүй гэж үнэн бололтой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.