Сайн байцгаана уу? Сэтгэлдээ багтамгүй их сэтгэлийн болон бие махбодын дарамт, шаналлыг амсаж яваагаа хуваалцаж, та бүхнээс тусламж, зөвлөгөө авахаар бичиж байна.
Би Сэлэнгэ аймгийн харьяат, Дарханд оюутан болж ирээд 2-р курстээ одоогийн нөхөртэйгээ танилцсан юм. Нөхөр маань Улаанбаатар хотод дүүгээтэйгээ хамт амьдардаг, аав ээж нь сумандаа дэлгүүр ажиллуулдаг. Нөхөртэйгээ үерхэж эхлээд л, жирэмсэн болсноороо түүний хүслээр хотод нүүж ирэн хамт амьдарч эхэлсэн.
Анхнаасаа л түүний аав, ээж, дүү нар нь намайг гэртээ байлгах дургүй байсныг нөхөр маань мэддэг байсан. Би ч тухтай, амар тайван газар амьдармаар байгаагаа хэлэхэд нөхөр маань намайг загнаж, хэрэг бишдэж, согтуугаар болон эрүүл өдрүүдэд ч гар далайж зоддог байв. Эрэгтэй хүний өөдөөс сөрөх ёс зүй надад байхгүй тул би зүгээр л уйлж, зодуулж суухаас өөр зүйл хийж чаддаггүй байлаа. Яг л “Орхидос” киноны Өчин охин шиг бие болон сэтгэл зүйгээрээ асар их хохирсон.
Би уул нь ядуу зүдүү, зовлонтой айлд өсөөгүй. Намайг багхад аав, ээж хоёр маань салж, би хойд аав, ээж, дүү нартайгаа маш аз жаргалтай өссөн. Би хойд аавыгаа “аав” л гэдэг, миний баатар байсан. Тийм сайхан гэр бүлд өсчихөөд яагаад заавал өөр айлд ингэж зовох ёстойгоо одоо ч ойлгодоггүй.
Миний амьдралд тохиолдсон, сэтгэлээс хэзээ ч гарахгүй гомдлуудыг хуваалцъя:
Бид хоёр маргалдаж дуусаад эвлэрч, зочны өрөөний буйдан дээр унтаж байтал хаалга онгойж, дүү нь аавтайгаа орж ирсэн. Тэгэхэд эмэгтэй дүү нь над руу харснаа “Энэ нэг юм нь байсаар л байгаа юм уу?” гэж хэлэхэд миний гол зурж, нулимс асгарсан.
Хадам ээж нь нөхөрт маань “Сайн судалж байж сонгохгүй яасан юм, ар гэрийг нь харж судалж байхгүй яасан юм” гэж чат бичсэнийг нь харсан. Надад аав, ээж шиг минь сайхан ханддаг гэж боддог байсан хадам ээжийг хүндлэх хүндлэл минь тэр үед шалаар нэг болж гомдсон.
Би Дархан, Сэлэнгэ рүү гэр рүүгээ явахыг их хүсдэг байсан. Гэвч хичээлдээ ч явж чадахгүй, нөхрийнхөө хорионд орж, өдөр бүр хардагдаж, зодуулж, өдөржин гэртээ цоожлуулан үлддэг байв. Гэр рүүгээ ярих утас чгүй болгож, “Ларидмаа” кино шиг аймшигтай амьдарсан.
Нөхөр маань намайг гэр рүү минь явуулах битгий хэл яриулах ч дургүй байсан. Тэгэхэд хадам ээж манай ээж рүү “Энхүүш ерөөсөө гэр рүүгээ явахгүй манайд байгаад байна” гэж ярьсан байсан. Би өөрөө явах дуртайдаа тэнд байгаагүй, дарамтан дунд байсныг минь ээж минь мэдээгүй.
Нөхөр маань өдөр бүр орилж зоддог байсныг тэсэхгүй аавд нь хэлж байж аав нь сумаас хотод ирсэн. Тэгэхэд хадам ээж нь аавтай нь ярихдаа “Өнөөдөр явуулъя, тэгэхгүй бол алуулчих юм байна” гэж ярьж байв. Би явсны дараа ээж маань “Чамайг аав нь бараг хөөж явуулсан гэж ярьсан” гэхэд надад маш их гомдолтой санагдсан.
Нэг удаа нөхөр маань “Цусгүй хүн яаж алдгийг мэдэх үү” гээд намайг шөнөжин зодож, хоолой боож, бүх биеэр минь гишгэж, “Алчихсан байхад хэн ч мэдэхгүй” гэж сүрдүүлж байсан.
Би аргаа барахдаа цагдаад мэдэгдэхэд хадам ээж “Суух бодолтой байж яагаад цагдаад өгөөд байдаг юм, ямар сонин юм бэ” гэж намайг загнасан. Нөхөр маань цагдаа болохоор бэлдэж, дарга нарт мөнгө өгч арын хаалгаар Дотоод хэрэгт орж байсан тул тэд намайг чимээгүй дарамтлуулж байх ёстой гэж боддог байсан бололтой.
Саяхан сарын өмнө би хоёр дахь хүүхдээ гаргаж амаржсан. Гэртээ хэдхэн хоног амраад ирье гэж гуйж байж яваад 2-3 хоногийн дараа нөхөр маань аав ээжийнхээ авч өгсөн машинаар ирээд “Хурдан ир, хүүхэд орхиод зайлахгүй юу, үхэж далд ор, гөлөг минь” гэж баахан доромжилж байж намайг буцааж авчирсан.
Одоо тэр аав ээжтэйгээ хамт амьдарна гээд байгаа. Би “Аав ээжтэй чинь хамт амьдармааргүй байна” гэж хэлснийхээ төлөө машинд нь дахин зодуулсан. Тэгээд гэрт нь ороход аав ээжийнхээ хажууд надаас аяга хоол харамлаж, “Зайл, манай хоолыг битгий ид” гэж доромжилж байна. Би нялх биетэй, хүний газарт, хүний эрхэнд байна.
Өөрийн үзэл бодлоо хэлэхээр л зодуулж, хэвүүлж байна. Одоо бүр давраад “Сайн эхнэрийг сард ганц зодоход яадаг юм, чи цагдаа дуудсан ч манай ажлын хэд л ирнэ, чамайг тоохгүй” гэж байнга даналздаг болсон.
Энэ ер нь нөхрийн зөв үү? Бэрээ гэж гуйж аваагүй атлаа аав ээжтэйгээ хамт амьдарна гэж тулгадаг нь зөв үү? Би энэ хоёр хүүхдээ аваад яаж энэ дарамтнаас мултрах вэ?
(Санамж: Хэрэв та бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн 107, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505, цагдаагийн 102 тусгай дугааруудад хандан яаралтай хамгаалалт болон хууль зүйн, сэтгэл зүйн тусламж аваарай.)
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.