Хүүхэдтэйгээ сексийн сэдвээр хэрхэн ярилцах вэ ?

Хүүхдүүд энэ тухай мэдэхийг хүсдэг ч эцэг эхчүүд хэрхэн яаж ойлгуулахаа мэдэхгүйгээс болж чөлөөтэй ярилцаж чаддаггүй. Хэдэн наснаас нь эхэлж энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцаж болох ? Юуны тухай ярих ? Хэрхэн яаж ярилцах хэрэгтэй ? Аав, ээж хоёрынх нь хэн нь ярьсан дээр? гээд маш олон асуудал гарч ирнэ.

Хүүхэд ямар насандаа сексийн амьдралыг сонирхож эхэлдэг вэ?

Барагцаалбал хоёр эсвэл гурван наснаасаа эхэлж сонирхдог байна. Гэхдээ жинхэнэ утгаар нь бус зөвхөн өөрийн бие, хүйстэй холбоотой танин мэдэх үүднээс сонирхож эхэлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бие физиологийн хувьд өөр өөр байдгийг тэд анзаарч нүцгэн байх үедээ эцэг эхээсээ “Эмэгтэй хүүхэд яагаад сууж шээдэг вэ?” Яагаад ээжид хөх байхад аавд байдаггүй юм бэ?” гэхчилэн асууж шалгаадаг.

Хүүхдийн сексийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг ямар байх ёстой вэ?

Хэрэв эцэг эх нь хүүхдийнхээ тавьсан энэ асуултад тайван ухаалаг хариулж чадвал тэд хүйсийн онцлогоо гайхаж эмзэглэхгүй болж, өөрийн бие болон мэдрэмждээ итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Хэрэв эцэг эх нь хүүхдийнхээ асуултад хариулж чадахгүй сандарч, “зугтвал” хүүхэд өсч нас биенд хүрсэн дараагаа сексийн амьдралаас зугтан эвгүйцдэг зантай болдог. Хамгийн гол нь бэлгийн хүмүүжил нь хүүхэд “ Яагаад ?” гэж асууж эхэлсэн тэр үеэс эхэлдэг урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явц юм шүү.

Түүний тавьсан бүх асуултад хариулах ёстой юу ?

Хүүхдийн тавьсан асуултад хариулт өгөхөөс зайлсхийх нь сайн хэрэг огтхон ч биш. Хүүхэд ямар ч тохиолдолд үнэнийг мэдэхийг хүсдэг бөгөөд найз нөхөд, ахмад хүүхдүүд, зурагтаас энэ тухай мэдэх нь сайн хувилбар биш юм. Хүүхдийнхээ сониуч занд тааруулах нь мэдээж хэрэг ч насанд нь тохирсон, зөв, богино хариултыг өгч байх хэрэгтэй. Заримдаа хүүхэд нэг зүйлээ дахин давтан асуудаг. Энэ нь хүүхэд ямар нэг зүйлийг ойлгохгүй байгаатай холбоотой. Иймд “Чи юу гэж төсөөлж байна ?”, “Чинийхээр бол юу вэ” гэхчилэн асууж энэ сэдвээр дахин дахин ярьж, юу сэтгэлийг нь тавгүйрүүлээд буйг мэдэх хэрэгтэй. Гэхдээ хэт шахаж шаардаж болохгүй. Ингэвэл хүүхэд бүр ичиж, айж, үргэж магад.

Аав, ээж хоёрын хэн нь энэ сэдвээр ярилцах нь дээр байдаг вэ ?

Зургаа, долоон нас хүртэл бол эцэг эхийн хэн байх нь тийм ч чухал биш. Харин энэ наснаас хойш хүүтэйгээ аав нь, охинтойгоо ээж нь ярилцах хэрэгтэй. Эмэгтэй хүн хүүтэйгээ, эрэгтэй хүний сексийн харьцааны талаар ярилцах нь хэзээд эвгүй, хэцүү байх болно. Харин охинтойгоо илүү өөртөө итгэлтэй бас эмэгтэй хүний бие физиологийн онцлогийн талаас нь тодорхой ойлголттой ярих болно. Гэсэн ч хүүхэд бүрэн зөв ойлголттой болоход хоёр талын “эх сурвалж” –аас мэдээлэл авах нь зайлшгүй чухал юм.

Хүүхдийнхээ дэргэд эцэг эх нь нүцгэн харагдах нь зөв үү ?

Ямар ч гэсэн алтан дунджийг баримтлах хэрэгтэй. Бүр хориглож бол болохгүй. Гэхдээ гурваас дээш настай хүүхдийнхээ дэргэд нүцгэн харагдахгүй байхыг хичээ. Учир нь насанд хүрсэн хүний бие эрхтэн хүүхдийнхээс ялгаатай тул хүүхэд өөртэйгээ харьцуулж таагүй сэтгэгдэлтэй үлдэж магад. Харин хүү нь аавтайгаа, ээж нь охинтойгоо хамт саун, бассейнд орохдоо нууж хаах гэхийн хэрэггүй. Энэ нь сэтгэлийн ямар нэг түгшүүрт байдлыг үүсгэж болох юм. Үүнээс гадна хүү болон охиндоо хувийн орон зайгаа хадгалж байхыг ойлгуулах хэрэгтэй юм шүү.

Таны хүүхэд интернеттэй нөхөрлөдөг бол …

Хэрвээ хүүхэд интернетэд олон цагийг өнгөрүүлдэг бол эцэг эх нь дараах зүйлд онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай. Тухайлбал:

  • Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж / эсвэл нөхөрлөхгүй/ байна гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үүнийг бодит амьдрал дээр төдийгүй виртуал, хийсвэр сэтгэлгээний ертөнцөд ч хэнтэй үерхэж байдгийг нь мөн үүний шалтгааныг нь мэдэх чухал.
  • Өдөр тутмын амьдралд таны хүүхэд үеийнхэнтэйгээ нөхөрсөг харилцаатай байхад нь тусал. Гэртээ, зусланд, төрсөн өдрөөр нь түүний найз нөхдийг нь урьж байх хэрэгтэй.
  • Хүүхэдтэйгээ аль болох өргөн сэдвээр ярьж байхыг хичээ. Түүний сонирхдог зүйл, тэр тусмаа интернет мэдээлэл, интернетдэх нөхөрлөлийн талаар ил тод ярилцах хэрэгтэй.
  • Мөн секс, бэлгийн харилцааны сэдвээр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй байгаа бол энэ сэдвээр бичигдсэн сайн зөвлөгөө бүхий номыг түүнд авч өгөөрэй.
  • Интернет нь бидний амьдралын толь. Тийм учраас тэнд ч бас аюулгүй байдал, ёс зүйн дүрэм үйлчилдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шүү.

2 Comments

  1. bg says:

    манайд нээрээ оxидийн сэтгэxүйд бага сагаар ойлгуулах зурагт болон мэдээлэлийн сэтгүүл байдаггүйн байналээ би одоо 7,9настай 2охинтой тэгээд хааяа сонин сонин асуулт тавих юмаа яаж эвтэйхнээр тайлбарлах ёстой вэ?заримдаа би өөрөө ямархуу байдлаар ойлгуулах билээ гээдл эргэлзэх юмаа.ганц бие олон жил байсан болохоор аав нь гээд бас нэмэрлээд хажуунаас хэлээд өгөх хүнгүй би хааяа дуугай шаал өөр юм ярьдаг.тв киногоор хааяа үнсэлцсэн хүн гарвал энэ 2яагаад ингэх ёстой ен?бидний үед ч гэсэн нээх ч нээлттэй байгаагүй шүүдээ энэ талаар хүүхдүүдч уламл айхтар сэтгээд байх болжээ.тэс өөр эрин үеч их л мэдрэгдэх юмдаа.Яаж үнэндээ анхнаас нь сайн тайлбарлах ёстой байдаг юм болоо?хэдтэйгээснь эхлэх вэ?мэдэх хүн байвал хэлээд зөвлөөч??????

  2. jeki says:

    одоо ч гэсэн миний 6 настай охин аягүй ажигч ш дээ заримдаа нүүр улайтал ч авна шүү кк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.