Биеэ үнэлэлт ба бизнесийн таатай орчин

Цаана чинь хамгийн бага зарлагаар асар арвин ашиг олох бизнесийн таатай орчин бий болчихоод байгаа гэнэ. Тийшээ хүмүүс шууд л хуйларч байгаа юм байх. Яг л алтны орд олдлоо, “нинжа” болж байгаад хэдэн бор юм халаасалчихъя гэдэг шиг… Мэдээж ямар ч юм жаахан хүндрэлтэй байж байж л ашиг унац арвинтай байдаг болохоор тэрхүү бизнесийн шинэ, таатай орчин ч эрсдэлтэй байдаг нь тодорхой. Тодруулбал сүүлийн үед амтай болгон яриад байгаа хүний наймаа, бэлгийн мөлжлөг гээч хууль бус үйл ажиллагаа өнөө цагийн хамгийн унац ихтэй наймааны төрөлд тооцогддог болсон хэрэг. Биеэ үнэлэгч гэхээр Улаанбаатар зочид буудлын өмнүүр хийх юмгүй сэлгүүцэж яваа мэт харагддаг хэдэн халтар хүүхнүүд гэж бодох нь дэндүү хоцрогдсон ойлголт. Албан ёсоор нийслэл хотод биеэ үнэлдэг тогтмол бүртгэлтэй 280 хүн байдаг гэх судалгаа байдаг юм билээ. Тэдний олонх нь бүрэн дунд боловсролтойгоос гадна ихэнх нь насанд хүрээгүй охид байдаг гэх. Түүнчлэн саяхан охидыг хил давуулан худалддаг бүлэглэлийг Тагнуулын Ерөнхий газрынхан илрүүлсэн байна лээ.

Хүн худалдаалах бүлэглэл Монгол, Гонконг, Макао, Малайзад үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд ихэвчлэн монгол охидоор наймаалцдаг байсан гэсэн.

Эл хэрэгт хохирогч болсон охидыг зөөгч, оёдолчны ажилд оруулна хэмээн эндээс авч явдаг ч хилийн дээс давангуут бичиг баримтыг нь хураан авч өдрийн 14 цагаас үүрийн таван цаг хүртэл биеийг нь үнэлүүлдэг байсан тухайгаа гэмт хэрэгтнүүд байцаалтын үед мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн гэмт хэрэгтнүүд охидыг хил дамнуулан худалдаад нэг хүнээс 800-1000 ам.долларын ашиг олдог ба тэднийг харуул хамгаалалттай нийтийн байранд хүчээр хорин шөнийн цагаар зочид буудал руу зөөн биеийг нь үнэлүүлдэг гэж байгаа. Хэдийгээр манай улсын хэмжээнд сураггүй болсон охидын тоо 100 орчим байдаг гэж албаныхан мэдэгддэг ч бодит байдал дээр түүнээс илүү байхыг үгүйсгэх аргагүй. Траншейнд зургаа долоохон настайгаасаа амьдарч эхэлсэн охид арав гаран нас хүрэнгүүтээ л хүний наймааны золиос болон хилийн чинад руу худалдаалагддаг тухай нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ярьж байсныг санаж байна. Тэр ч бүү хэл гудамжинд мөрөөрөө хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан охидыг хүчээр машинд суулган биеийг нь үнэлүүлсэн тохиолдол гарч байсан. Харамсалтай нь гэнэтийн халдлагад өртөөд хил дамнуулан зарагдалгүй эсэн мэнд үлдсэн охид болон тэдний эцэг, эх охиныхоо нэр төрийг бодоод гэх шалтгаанаар болсон явдлыг нуун дарагдуулдаг нь өдгөө нэгэнт нууц биш ээ.

За тэгээд хил дамнуулан худалдагдаж хүний наймааны золиос болох, харанхуй шөнөөр гудамжинд зогсон халамцуу эрийн зугааг гаргах нь хоцрогдож, биеэ үнэлэх арга улам нарийссаар байгааг албаны хүмүүс хэлдэг. Сүүлийн үед хамгийн их эрчээ авч буй аргачлал бол онлайнаар бие үнэлэх явдал. Дунджаар 17-25 насны бүсгүйчүүд интернэтээр дамжуулан биеэ үнэлдэг бөгөөд ханш нь 20-100 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг аж.

Өөрөөр хэлбэл баар саунаар халхавчлан биеэ үнэлдэг байсан явдал өдгөө эртээ урдын явдал шиг л болчих гээд байна гэсэн үг. За тэгээд интернэт орчин, чатаар биеэ үнэлэгчдийг худалдан авагчидын олонх нь бэлгийн гаж зуршилтай хүмүүс байдаг гэх. Тэд эхний үед зөвхөн интернэтээр зугаацаж байгаа ч эцэстээ хил дамнагдан худалдаалагдах аюулд өртдөг. Өөрөөр хэлбэл байнга харьцаж, итгэлийг нь олж аваад их мөнгө, боломж амлаж уру утатдаг гэсэн. Зарим онлайнаар биеэ үнэлэгчид үүнийг уншаад “За яршиг, юу гэж уулзаж байх юм бэ” хэмээн мушийж мэдэх ч бөөн амлалт басхүү бэлэн хялбар аргаар мөнгөжих гэсэн хүслээр нь наадахаа захиалагчид андахгүй.

Иймэрхүү төрлийн гэмт хэрэг хөгжингүй орнуудад их гардаг гэх юм билээ. Эцэст нь тэмдэглэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг газруудаас 280 зочид буудал, 1200 гаруй шөнийн цэнгээний газар, 180 саунд шалгалт хийхэд дөнгөж 20 хувь нь л стандартын түвшинд үйл ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагууд үндсэн үүргээ умартан гагц биеэ үнэлэгчдийг орогнуулах боломжоор хангахыг чухалчилдаг гэсэн үг. Энэ янзаараа хараа хяналтгүй эзгүй арал дээрх зэрлэгүүд шиг асуудалд хандсаар байх юм бол их л удахгүй ертөнцийн хязгаараас ардчилсан Монгол Улсад биеэ үнэлэлт гэх бизнесийн таатай орчин бий болж, бараагаа тус улсаас бөөнддөг гэнэ гэж яригдахад нэг их гайхах хэрэггүй л болов уу.

З.Сүхээ
Ubtimes

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.