Эрлийз тавилан

Би эрлийз биш. Гэхдээ эрлийзүүдийн онцгой чадварын талаар хааяа нухацтай боддог. Тэднийг адлах хэрэггүй. Өрөвдөж бүр ч болохгүй. Үүнийг тэд хүсэмжилдэггүйгээр барахгүй тэвчдэггүй билээ. Эрлийзүүдэд холимог бус үндэстэн байх эсэхээ сонгох эрх, тийм боломж байгаагүй нь тэдний буруу биш. Хэрэв дэлхийн бүх эрлийз хүн нэгдсэн улс байгуулбал хамгийн хүчирхэг гүрэн байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор 3000 хятад иргэн ирсэн тухай түгшин ярьцгааж байна. Энэ бол аюул мөн. Гэвч асуудлыг ухаалгаар шийдэх гарц бас бий. Тэд зам тавих гэж ирэв үү, Монголыг эрлийзжүүлэх гэж ирсэн үү гэдэгт ч учир буй. “Өнөөдөр Хятад улсад 25 сая гоонь эр байна. Монгол бүсгүйтэй гэрлэсэн хятад залууд тус улсын Ардын банкнаас урт хугацаатай зээл олгодог” гэх мэдээлэл тэр зүгээс ирдэг билээ. Гэрлээгүй эрчүүдээ гэмт хэргээс ангид байлгах, ДОХ болон бэлгийн гаж байдлаас ангижруулахын тулд төрөөс нь ийм бодлого явуулсан байхыг үгүйсгэхгүй. Харин Оюутолгойд ирсэн хятадуудын хувьд тэд ажиллах гэж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн хамгийн хямд ажиллах хүч гэж үнэлэгддэг тэдний хувьд хэрвээ ажлын байр нь чухал бол сахилга батыг сахиулахад тэгтлээ цааргалахгүй биз ээ.

Бид тэднийг эрлийз гэж адлахад, цаад улсынхан ч бас манай хольцтой иргэнийг эрлийз гээд нүд үзүүрлэж л буй. Холимог үндэстний асуудлыг хатуу чанд хил хязгаартай үед шийдэж чадаагүй. Даяаршлын энэ цаг үед эцэслэн шийднэ гэвэл бүр ч үлгэр. Тиймээс толгой дараалан устгахгүйгээс хойш эвлэрч л амьдрах хэрэгтэй болох нь.

Манай улс эрх чөлөөний индексээр өнгөрсөн жил 89-д жагсч дэлхийн ногоон бүс буюу эрх чөлөөт орны ангилалд багтсан. Тэгсэн хэрнээ аз жаргалын индексээр 103-т жагсчихаад байгаа. Тэгэхээр аз жаргалгүй эрх чөлөөтэй гэж ойлгож болох уу.

Саяхан “банжиг” гэдэг сайтад нэгэн охин эрлийз гэдгээ зарлаад өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа, ирээдүйд надад хань олдох болов уу хэмээн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хариуд нь Монгол залуусын ихэнх нь “Монголоо гэсэн сэтгэлтэй хэнийг ч цаашаа гэхгүй” хэмээсэн байх юм. Мөн “Эрлийзээрээ гайхуулаад байхдаа яадаг юм бэ, зайл” ч гэх хүн цөөнгүй байв.

Улаанбаатар хотод зөвхөн хятад аав, ээжтэй хүн л гэхэд 3000 бий гэсэн тоо байдаг. Бусад улсын иргэдтэй гэр бүл бологсдын үр хүүхдийг тооцвол хэчнээн тооны эрлийз буйг бүү мэд. Унгарт холимог гэр бүлийн тоо 300-д хүрээд буйг тэнд суугаа манай Элчин сайд мэдээлсэн. Дэлхий даяар хэчнээн болж үржсэнийг хэн ч тоолж чадахгүй байна. Гэвч эрлийзүүдийг адлах аргагүй. Тэгэх тусам хүчээ авч, бүлэглэл үүсгэж нууц ноёрхолоо үүсгэхийг хичээх болно. Харин Монголоо гэсэн сэтгэлийг нь дэмжиж давуу талыг нь ашиглах хэрэгтэй. Европт адлагддаг еврейчүүдийн хосгүй чадвар энэ тивийн олон орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй тус нэмрээ өгсөн байдаг. Хаанахын ч эрлийз байлаа гэсэн тэд Монголоор ярьж, Монголд бизнес эрхэлж байгаа. Ихэнх нь хотын төвд хэд хэдэн байртай, хамгийн сайхан машин унадаг баячуудын ангилалд багтдаг. Харин Монголоос өөр газар амьдарч яасан ч чадахгүй гэдэг юм билээ.

Социализмын мөхлийн өмнөх үе буюу 1980-аад оны үед нийслэлийнхэн “Дөчин мянгатад нэг харын эрлийз хүү байдаг, харсан уу” гэлцэж байв. Тэр хүүд хотын гудамжаар явахад хэчнээн хэцүү байсан бол. Харин өнөөдөр бараг л өнгө өнгийн үс, зүстнүүд явах болсон нь хэнд ч сонин биш болжээ. Цаг үе ингэж өөрчлөгдөж байхад яагаад үзэл бодол хэвээрээ байх ёстой гэж.

Өнөөдөр бид эрлийз иргэдийг цэвэр Монгол үндэстнээс нь ялгаж салгах байтугай Монгол Улсын иргэний тоог үнэн зөв гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Харин эрлийз гэдэг үгээр улс төр хийсэн тохиолдол нэг бүс гараад байгаа нь харамсалтай. Ганцхан жишээ дурдахад Намбарын Энхбаяртай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бүхэн эрлийз цол зүүдэг. М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, хамгийн сүүлд Ц.Элбэгдорж. Харин өөрөө цорын ганц Монгол хүн мэт. Хүн төрөлхтний хамгийн том эрх чөлөөг зөрчин эмзэг сэдэвт нь халдсан тэрбээр өөрийгөө улс төрийн өндөр соёлтойд тооцдог нь хачин.

Яагаад жил тутам 3000-5000 Монгол эмэгтэй Хятадын томоохон хотуудад ажиллахыг чухалчилж байна вэ. Төр зөв бодлого явуулж, хэдэн охиндоо аятайхан ажлын байр өгөөд, олигтойхон тэжээгээд явж чадсан юм уу. Харамсалтай нь үүнийг би биш Эрээн хотын амьдралтай танилцаж явсан Америкийн сурвалжлагч тэмдэглэлдээ бичиж асуудал дэвшүүлээд орхижээ. Энэ асуултын хариу болгон төрийн бодлого явуулах боломжийг олгосон Монгол үндэстэн улстөрчдөд олонтаа олгосон. Тэд юу хийснийг одоо болтол олж харахгүй л байна. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэн нэгдсэнээр Монголчууд олуулаа бөгөөд хүчирхэг болно. Ирэх сонгуулиудад “эрлийз”-ээр л бүү улс төр хийгээсэй.

4 Comments

  1. man says:

    Нээрээ ч байгалийн шалгарал гэж байдаг шиг аливаа юмыг хяхаж хавчих тусам цаагуураа хувьсан өөрчлөгдөж улам хүчирхэгжин тэсвэр хатуужилтай болдог.харин үүний оронд зөөлөн аргаар зөнгөөр нь ямар нэгэн эсэргүүцэлгүй орхих юм бол тухайн зүйл цааш хөгжиж хүчирхэгжихгүй аяндаа арчаагүй юм болон хувирна. Хужаа нар манж нарыг яаж уусгаж авлаа даа.Тэр үед манжуудтай хужаа нар цэрэг зэвсгийн хүчээр тэмцээд байсан бол өнөөдөр Манж Чин улс гээд хүчирхэг хөгжилтэй гүрэн хэвээрээ байж байх ч байсан юм билүү. Өвөг дээдэс маань хужаа нарын амар заяг үзүүлэхгүй уулгалан довтолдог байсан болохоор урт цагаан хэрэм босгож үзсэн ч нэмэр болохгүй болохоор зөөлөн арга буюу цусаар нь уусгаж эзлэх аргад шилжсэн байх. Энэ маш зэвүүн арга учир бидний мах цусанд тэднийг үзэн ядах үзэл шингэсэн. Эрлийзүүдийг ад үзэх тусам тэд улам хөгжин хүчирхэгжиж дийлдэхээ болино. Америк өнөөдөр хүчирхэг гүрэн байхын тулд энд тэнд том жижиг дайн тулааныг үнэн худал шалтаг гарган хийсээр байна.Ингэж л цэрэг эрсээ хатуужуулж, зэвсэг техникээ сайжруулахгүй бол хүчирхэг байж чадахаа болино.

  2. sony says:

    зөв л бичсэн байна. нээрээ л ажиглаад байхад манай монголд байгаа хужаагийн эрлийз хурлийзууд мань мэтээсээ хамаагүй бийлэгжүү амьдраад байгаагаар барахгүй одоо бүүр улс төрөөр дамжуулаад маниусыгаа удирдан маллаад, өөрсдөө монголыг цөлмөөд байгаа юм шүү. тэглээ гээд яах ч юм билээ. бүгд л монгол улсын иргэнээс хойш. чи тэд дэх үеийн хурлийз учраас улс төрд дэвшиж болохгүй ч гэх юм уу аль эсвэл монголд амьдарч болохгүй гэлтэй биш дээ. тэгье ч гэсэн одоо ялгаж салгаж чадахаасаа нэгэнт өнгөрсөн хорвоо. үнэхээр л эрлийзүүдийг үзэн ядмаар байвал өөрсдөө л тэднээс илүү хүч чадалтай байх хэрэгтэй болж байгаа юм. тэгэхээр зэрэг угаасаа байгалийн шалгарлаар аливаа эрлийз, хурлийзууд болоод бага ястан эсвэл аливаа нэг хавчигдмал үндэстэнгүүд улам хүчирхэгждэг нь жам юм даа. еврейчүүд гэхэд л одоо ямар байна даа. мөн ч их адлуулсан улсууд одоо бүүр шашнаар дамжуулаад хүн төрөлхтөнийг еврейчүүд бид нар бол ертөнцийн эзний хүүхдүүд, харин бусад үндэстэнгүүд бол биднээс доорд байхаас гадна бидэнтэй барьцаж болохгүй гээд л дэлхий даяар итгүүлэн үнэмшүүлээд л улам хүчирхэгжээд л. тэгсэн харин манай монголчууд хаа хамаагүй тэр шашинд нь орчихсон, итгэчихсэн давхиж явах. юу ч гэмээр юм бэ дээ. монгол хүмүүсийн сэтгэл зүрхийх нь гүнд орших, өөр ямар ч үндэстнүүдтэй зүйрлэшгүй хүчтэй монголынхоо төлөө гэх гал хэзээ асах юм бол доо. хэзээ нэгэн цагт асаж л таарна даа.

  3. asdf@adf.com says:

    kwanon өөрөө монголоо гэсэн сэтгэлгээтэйд эргэлзэж л байна шүү. нэрнээс нь харахад

  4. Kwanon says:

    Монгол цөөхөн хүн амтай.
    Мэдкүмдаа.
    Монголоо гэсэн сэтгэлгээтэй болгож чадах эсэхэд эргэлзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.