Ц.Элбэгдорж: Бид охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо хамгаалж чадахгүй

527-13875968312013-12-20medee_big_0

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өчигдөр Иргэний танхимд боллоо. Ингээд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

Өмнөд хөршийн нутаг дэвсгэр дээр хар тамхитай холбоотойгоор Монгол Улсын нэг ч иргэн дахин шийтгүүлээгүй

“Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн энэ өдрийн амгаланг айлтгая. Ярианы эхэнд би нэг зүйлийг хэлье. Ийнхүү уулзаж, төрийн зүгээс аливаа асуудалд анхаарлаа хандуулахад тодорхой үр дүнд хүрч болж байна. Өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 1-нд би энэ танхимд хар тамхитай холбоотой асуудлаар яриа өрнүүлж байсан. Хар тамхийг зөөвөрлөх, худалдах, хэрэглэхтэй холбоотой асуудалд Монгол Улс чухам ямар байр суурьтай байх юм бэ гэдгийг маш тодорхой ярьсан. Мөн иргэддээ “хар тамхи гэдэг зүйлийг хаяа хатавчиндаа хавьтуулж болохгүй. Сонор сэрэмжтэй байгаарай. Хэрэв хар тамхины асуудалд орооцолдсон тохиолдолд хатуу хандана” гэж сануулж байсан. Хар тамхины бодлогын хувьд Монгол Улс хатуу чанд бодлого баримтална гэж хэлж байсан.

Бараг хоёр жилийн өмнөх үйл явдал. БНХАУ-ын нутаг дэвсгэрт хар тамхитай холбоотой асуудлаар шийтгүүлсэн, шийтгэлээ хүлээж байгаа манай хүмүүсийн тоо олон болсон байсан. Гэтэл 2012 оны гуравдугаар сарын 1-нээс хойш манай урд хөршийн нутаг дэвсгэр дээр хар тамхитай холбоотойгоор Монгол Улсын нэг ч иргэн дахин шийтгүүлээгүй. Бүтэн хоёр жилийн хугацаанд шүү дээ. Энэ бол маш сайн үр дүн. Манай эцэг эхчүүд ард иргэд, хууль хяналтын байгууллагынхан энэ асуудалд онцгой анхаарсан нь байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол юм

Өнөөдөр би энд гэр бүл, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлье. Ер нь байдал ямар байна вэ, бид ямар ажил хийх хэрэгтэй байна вэ гэдэг талаар ярья гэж бодсон юм. Эхний ээлжинд гурван зүйлд Та бүхний анхаарлыг хандуулъя.

Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл бол орчин цагийн боолчлол юм. Ер нь ингэж олон улсад үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл олон улс оронд халуун сэдвийн нэг байсаар байна. Боолчлол гэдэг ойлголт нь нийгмийн байгууллагын түвшинд яригдахаа больсон. Харин орчин цагт гэр бүлийн хүрээнд боолчлол байна. Зарим гэр бүлд энэ бурангуй үзэгдэл үлдсэн байна. Тэгэхээр энэ бурангуй үзэгдэл гэр бүлд чухам ямар хэлбэрээр оршиж байна вэ? Хамгийн гол нь хүчирхийллийн хэлбэрээр оршиж байна. Эхнийх нь эрхийн хүчирхийлэл, голдуу гэрийн эрэгтэй хүмүүс “Би гэрийн эзэн, миний хэлсэн үг, миний үйлдэл бүхэн энэ гэрт хууль байх ёстой” гэсэн үзлээр хандаж байна. Ижил эрхийн бус, илүү эрхийн дарангуйлал байгаа юм. Энэ бол боолын эзний сэтгэхүй гэж хэлж болно. Хүүхдээ, эхнэрээ, хамт амьдарч байгаа хүмүүсээ ижил эрхтэй гэж хардаггүй.

Хоёрдугаарт, эд хөрөнгө, мөнгөний хүчирхийлэл байгаа юм. Зарим нь “Би энэ айлын гол орлогыг олж байна” хэмээн үзэж, хөрөнгө мөнгөнөөс гэр бүлийн гишүүдээ хараат байлгадаг хандлагатай байна.

Гуравдугаарт, бэлгийн хүчирхийлэл. Ямар ч ёсзүй байхгүй, ийм хандлагыг ажиглаж байна. Мөн бие махьбодын хүчирхийлэл. Айлган сүрдүүлдэг, зодож нүддэг. Бас сэтгэл санааны хүчирхийлэл байна. Яг ийм хэлбэрээр зарим гэр бүлд хүчирхийлэл, боолчлол оршиж байна гэдгийг хэлье. Ямар аргаар үүнийг гүйцэтгэж байна вэ? Таслан тусгаарлах, айлган сүрдүүлэх, хавчин боох, хүчирхийлэх, зодож нүдэх, тамлан зовоох аргаар энэ хүчихийллийг үйлдэж байна. Хамгийн ноцтой нь гэр бүлийн хүчирхийлэл хамаарал бүхий хүмүүсийн дунд болж байна. Гэр бүлийн, биологийн, оршин амьдрахуйн хамааралтай хүмүүсийн дунд хүчирхийлэл байна. Эхнэр нөхөр, эцэг хүүхдүүд, төрөл садангийн хооронд хүчирхийлэл байна. Цоожтой хаалганы цаана, цэвэр ариун байх ёстой халуун гал голомт дотор ийм муухай зүйл байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид байна

Энд тодорхой хэдэн тоо хэлье. Манай улсын гурван айл өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн судалгаа бий. Монголд гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүрээнд болж байна. Хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид байна. Нэгэн судлаач “Дэлхийн III дайн гэр бүлд болж байна” хэмээн хэлсэн байдаг. Энэ дүгнэлт бол ноцтой юм. Мөн би нэг зүйлийг онцгой анхааруулах гэсэн юм. Онцгой анхаарах шаардлагатай хүчирхийллийн хэлбэр Монголд байна. Нэгд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 80 гаруй хувь нь охид бүсгүйчүүд юм. Хоёрт, хөдөө бөглүү газарт энэ хүчирхийлэл ёс уламжлал адил, бүр онцгой хэлбэртэй оршсоор байна.

Суурин газраас зайдуу амьдардаг, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тэнд хүчирхийлэгчид ямар ч хууль журамгүй мэт олны нүднээс далд дураараа авирлаж байдаг. Бүр задарсан захиргаагүй хүчирхийлэгчид байдаг айл өрх Монголд байсаар байна. Ер нь хөдөөний гэр бүлийн хүчирхийллийг олон улсад ихэд анхаарч үздэг, Монголд ч үүнийг хамгийн ихээр анхаарах ёстой.

Бага насны охидын эсрэг хүчирхийлэл бол охин үртэй айл бүрт түгшүүр төрүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн охидын ихэнх нь гэр бүл дотроосоо хазуулсан байна. Хүчирхийлэгчдийг дарааллаар нь авч үзвэл хойт эцэг, ээжтэй нь хамтран амьдардаг хүн, төрсөн эцэг, өвөө, ах, садан төрлийнх нь хүн, бусад гэсэн байдалтай байна.

Бид охидоо хамгаалж чадахгүй бол

Монголоо хамгаалж чадахгүй

Бид охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо хамгаалж чадахгүй. Бид хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгэм байгуулж чадахгүй. Бид энэ асуудлыг онцгой анхаарах ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэл бол халдварладаг аюул юм. Энэ бол яг халдварт өвчинтэй адил зүйл. Энд бид уламжлал ярьж цэцэрхэх хэрэггүй. Араатан шиг аавтай өссөн хүү хожим эхнэр, охид хүүхдүүддээ араатан шиг ааш зан гаргадаг. Боол мэт дарлуулж өссөн охин том болоод боол мэт дарлуулж явах нь олонтаа. Муу зан, харилцаа бол үе дамжин үлддэг. Нэг үгээр хэлбэл халдварлаж үлдэж байгаа юм. Өвөө, ааваас нь хүүд нь, ээжээс охинд нь халддаг. Удам судрыг нь харах хэрэгтэй гэж Монголчууд ярьдаг. Охиноо хадамд гаргахдаа хүргэн залуугийн аав ээжийн ааш зан, амьдарч байсан орчныг сонирхдог. Тэр бүү хэл хажуу айл, хамар хашаа, айл саахалт, нэг баг, хороо, гудамжинд амьдарч байгаа айлын хэрүүл, хүчирхийлэл зөв амьдралтай айлд халдчих гээд байдаг шүү дээ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь уламжлалтай харш зүйл юм. Учир нь энэ бол муу зүйл. Энэ бол гэмт үйлдэл. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж Монголчууд ярьдаг. Хайр сэтгэл нь жаргал, бахархал, хүндэтгэл болсон хосын хувьд энэ үг хамаатай байж магадгүй. Харин гэр бүлийн нандин харилцаа нь зовлон, дарлал, мөлжлөг, там, хүчирхийлэл, зодуур, нүдүүр болсон айлд сайн иргэний, сайн хамаатны оролцоо, жолоо, хараа хамгаалалт хэрэгтэй. Тэнд хүний нандин чанар, хүний амьд явах эрх, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм. Ийм учраас энэ асуудлын дундуур сайн хүмүүс заавал оролцох ёстой. Энэ асуудлыг бага дээр нь зогсоох ёстой.

Эмэгтэй хүний эрхэнд халдахыг бидний өвөг дээдэс цээрлэдэг байсан

Өнөөдөр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөсөн байгаа юм. Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм. Эмэгтэй хүний эрхэнд халдахыг бидний өвөг дээдэс цээрлэдэг байсан. Охин, ээж, ханиа эрднийн дээд эрдэнэ гэж хүндэлдэг байсан. Бүр саяхан социализмын үед хүртэл хүчингийн хэргийг хамгийн адгийн хэрэгт оруулж тооцдог байсан. “Улаан махны хэрэг” гэж үүнийг жигшин үздэг байсан. Ийм хэрэг хийсэн хүнийг үзэн яддаг байсан. Ээж, эгч, дүү, охиноо доромжлуулсантай адил тийм хэрэгт холбогдсон этгээдийг наранд ч нарсанд ч жигшдэг байсан юм. Нийгэмд цаашид ч энэ сэтгэхүй байх ёстой. Бид үүнийг мөнхөд жигших ёстой.

Жинхэнэ эр хүн хүчгүйд хүч гаргадаггүй, охид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэдэггүй. Би аав, эр хүний хувьд эрчүүддээ хандаж нэг зүйл хэлье. Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя. Охид эмэгтэйчүүдээ хамгаалъя. Сүүлийн үед манай аавууд, эрчүүд муу зуршлаасаа салж байгаад бид баярлаж байгаа. Олон аав архинаас гарч байна. Олон аав өөрийн хань, ээж, хүүхдүүдээсээ уучлал гуйсан байна. Амьдралаа зөв тийш нь өөрчлөх санаачилга гаргаж байна. Монголын эрчүүд түүхтэй бол түүхтэй, зоригтой бол зоригтой, ухаантай бол ухаантай. Гэрээ ч төрөө ч төвхнүүлээд өдий хүрсэн билээ. Би хувьдаа хүний ухаантай нь уучилдаг, зоригтой нь буулт хийдэг гэж боддог. Би эрчүүддээ ийм байхыг уриалж байна. Бас хатуу сануулж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно

Гэр бүлийн хүчирхийлэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. Энэ 2013 он бол тэр хүмүүст сүүлчийн он байх болно. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно. Гэр бүлдээ хүчирхийлэл, зовлон учруулдаг хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг болно гэдгийг энд хэлье.

Ингээд би гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдолтой зарим гажуудал, түүнийг хэрхэн засах талаар бид юу хийх хэрэгтэй байна вэ гэдэгт хэдэн зүйл хэлье. Гажуудал 1. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль манайд бий. Гэвч хүчирхийлэгч гэмт хэргээ үйлдсээр л байна. Би энэ хуулийг сайтар санаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг, намайг гүйцэтгэх засаглалын тэргүүн байхад, 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжүүлж эхэлсэн юм. Ийм хуультай боллоо гэж олон хүн баярлаж, талархаж байсныг би сайн санаж байна. Энэ хуулийн араас олон хөтөлбөр гарч, олон бодлого тодорхой болсон. Мэдээж зарим нэг нааштай өөрчлөлт, үр дүн бий. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл нэрийн дор үйлдэж байгаа хэргийг одоо гэмт хэрэг гэж үзэх цаг болсон.

Сая надад энэ асуудлаар бараг 20 орчим байгууллага нийлж санал бодлоо илэрхийлж, санал санаачилга өргөн барьсан байна билээ. Гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэгт Монгол Улс ял өгдөггүй тогтолцоо байгаа юм. Тийм учраас ял өгдөг болъё. Гэр бүлийн хүчирхийлэл дотор хүнийг зодож байна, заналхийлж байна, тарчлаан тамлан зовоож байна, боолчилж байна, бие санааг нь зовоож байна, хүний сэтгэл санаанд нь гэмтэл учруулж байна. Энэ нь сүүлдээ оргон зайлах, бүр сүүлдээ сэтгэл санааны дарамтаас болоод амиа хорлоход ч түлхэж байна. Тиймээс үүнийг яагаад гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа юм. Тэгэхээр дээрх үйлдлүүдийг гэр бүлийн хүрээнд гарч байгаа ахуйн зүйл гэж орхиж болохгүй. Энэ асуудлыг хуулийн нэрээр нэрлэж цааш нь авч явах шаардлагатай байгаа юм. Ер нь гэр бүлийн хүчирхийллийг харж байхад гэмт хэргийн төрлүүд бүгд байж байгаа юм. Хөнгөн, хүндэвтэр, онц хүнд гээд авч үзэх юм бол дээрх асуудлууд байгаа юм. Ийм учраас энэ асуудлыг энэ жилээс эхлээд засч одоогийн оруулж байгаа хуулиндаа тодорхой оруулъя. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцъё, мөн үүнд нь тохирсон хариуцлага тооцдог болъё.

Ингэж чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн үүнээс болж цаана нь хохирч байгаа иргэд өөрсдийгөө хамгаалуулах, гэрч хохирогч нь өөрсдийгөө хамгаалуулах, тэр систем тогтолцооны хувьд орж ирж байгаа юм. Ингэж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Гажуудал 2. Хоёр дахь асуудал гэвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогч улам хохирдог асуудал байна. Хөөрхий хохирогч хүчирллийн эсрэг тэмцэхээр улам хохироод явдаг. Би нэгэн жишээ хэлье. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч гомдол гаргах гэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрөөс эхэлж байна. Энэ нь 70200 төгрөг төл гэж байна. Хохироогчийг жижиг хэмжээгээр танхайрсан гэж хуулийн байгууллага үзвэл 15000 төгрөөр торгодог, магадгүй энэ мөнгө танхайрагчаас бус хохирогчоос гарч байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмнэлэгт үзүүлэхээр очоод үзлэг шинжилгээ, цаашилбал эмчилгээний зардал гарч байна. Тэгтэл шинжилгээ, эмчилгээний зардал ямар үнэтэй байгаа вэ гэдгийг харахаар дор хаяж арван мянган төгрөгөөс цаашлаад хэдэн зуун мянган төгрөгийн төлбөр ноогдож байдаг.

Монголын төр хохирогчийн талд л зогсож байх ёстой

Гэр бүлийг хүчирхийлэгч, хохироогч этгээд хэрэв эрүүлжүүлэхэд байх юм бол эсвэл урьдчилан хорих төвд саатуулагдвал хуулинд 7-30 хоног баривчилна гэсэн байдаг. Тэр хугацаанд байсан нэг өдөр бүрийг мөнгөөр тооцож дахин мөнгө нэхэж байгаа юм. Тэгэхэд энэ мөнгийг хохироосон танхай этгээд биш явж явж хохирсон хөөрхий тэр эмэгтэй л төлөх болж байгаа юм. Би энд нэг зүйл хэлье. Монгол Улсын төр хохирогчийн талд л зогсож байх ёстой. Тэр хохирогчийн талд зогсдог хууль хэрэгтэй байгаа юм. Бүгдээрээ нэг дараалал ойлгох хэрэгтэй байна. Хохироогч танхай этгээд энэ гарсан бүх төлбөрийг төлөх ёстой. Манай хуулинд үүнийг заагаад өгсөн байгаа, тэдэн өдрөөр албадан хөдөлмөр эрхлүүлнэ. Тэр хуулийн заалтыг илүү нарийвчилж, албадан хөдөлмөр эрхлүүлээд танхай этгээдээр төлүүлэх хэрэгтэй байгаа юм.

Төлбөрөө хийгээд албадан хөдөлмөр эрхэлж байхад танхай этгээд, хүчирхийлэгч тодорхой сургалтанд заавал суусан байх ёстой. Гэр бүлдээ, нийгэмд ямар гай тарьсныг тэр хүн бүрэн ойлгож, ухамсарласан байх ёстой. Түүнийгээ баталгаа болгож гаргаж өгөх, дараа нь шүүхтэй, дараа нь хууль хяналтыг байгууллагатай гэрээ байгуулдаг, баталгаа гаргаж өгдөг, дахиад би ийм үйлдэл хийхгүй, ийм үйлдлээ ухамсарлалаа, ойлголоо гэж ийм зүйлүүдийг гаргаж өгдөг. Тэгэхээр тэр этгээдэд нэг зүйлийг ойлгуулсан байх ёстой. Цаашаа дахиад нэг алхах юм бол, цаашаа буруу үйлдлээ дахин давтах юм бол дараагийн шатанд юу хүлээж байгааг тэр этгээд мэдэрсэн байх ёстой. Ийм зохицуулалтаар асуудлыг өргөн харах цаг болсон гэж бодож байна. Амьдрал баян учраас асуудалд үнэхээр иж бүрэн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш хуулийн ганц хоёр заалтуудаар асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.

Мөн хохирогчид хуулийн зарим оновчгүй шаардлага дараа болдог. Гэрийн дарамтаас зугтаж яваа хохирогч эргээд төрийн дарамтанд орж байгаа юм, хохирогчоос нотлох баримт, шүүх эмнэлгийн дүгнэлт, шарх сорви шаарддаг. Тэднийгээ гаргаж өгч чадахгүй болохоор хамгийн сүүлд хохирогчийг өөрийг нь буруутгадаг, чамаас болсон байна гэх мэтээр. Тэгээд эвлэр гэж хэлээд дахиад хүчирхийлэгчтэй хэдэн сар хамт амьдрахыг шаардаж байгаа юм. Хүчирхийлэгчээ чи олоод ир гэж. Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчөөд оргож босоод алга болчихсон гээд хүчирхийлэгчийг чи олж ир гэж нөгөө арга ядсан хохирогчийг араас нь явуулж байгаа юм. Энэ чинь доромжлол шүү дээ. Тэр эмэгтэй, тэр хохирогчид газар хатуу, тэнгэр хол гэж яваад тэр хүнд туслах биш харин бүүр хүндрэл учруулдаг. Та нар дотроо зохицчих. Гэр бүлийн хэрүүл байна гээд явуулдаг. Дотроо зохицож чадахгүй болоод оргож босч яваа хүн шүү дээ, хохирогч гэдэг бол. Ийм учраас бид зохицуулалтыг харж амьдралд ойрхон байдлаар хуулийн зохицуулалтыг өргөн утгаар хийхгүй бол болохгүй байна. Төрөөс шийдвэр гардаг, ямар шийдвэр гардаг вэ гэхээр шууд цавчиж байгаа юм шиг шийдвэр гардаг. Уг нь нөхөртэйгээ гэр бүл эвлэрээд явмаар байдаг, тийм боломж гараасай гэж бодож байтал шууд нөхрөөс нь салгадаг. Чи хүүхдээ тэжээж чадахгүй юм байна гээд хүүхдээс нь салгадаг. Орон байр, эд хөрөнгөнөөс нь салгаж хаядаг. Дараа нь нэр төрөөрөө хохирдог, байх суух газаргүй болдог. Ойр орчинд байгаа ах дүү, нөхрийн талын гэр бүлийн бүх хүн хохирогчийг үзэн яддаг. Ингээд ганцаараа үнсэнд хаягдсан шалз гэдэг шиг аюулд ордог.

Хохирогч эмэгтэй ийм аюулд орноо гэдгийг бид харах хэрэгтэй. Нийгэм гэдэг арга аашаа барж яваа. Үнэхээр тусламж дэмжлэг хэрэгтэй хүнд л тэр дэмжлэгийг үзүүлж чаддаг төртэй, хуультай нийгмийг хүнлэг нийгэм гэж байгаа юм. Түүнээс биш шийдсэн дүр эсгээд байдгийг хүнлэг нийгэм гэж нэрлэхгүй. Иймэрхүү байдлын зохицуулалт өнөөдөр үнэхээр манай хуулинд үгүйлэгдэж байна. Дээрээс нь бүдүүлэг асуулт хохирогчоос байнга асуудаг. Ер нь нэг зүйлийг хориглох хэрэгтэй. Яагаад гэж… аймшигтай асуулт. Яагаад чи зодуулсан юм гэж асуудаг. Яагаад чи хүчиндүүлсэн юм гэж асуудаг. Ийм асуулт зарим улс оронд хууль, хяналтын байгууллагынханд хандаж байгаа хүмүүст хориглосон байдаг. Хохирогчтой харьцах харьцаан дээр хүртэл үнэхээр анхаарахгүй бол болохгүй.

Гажуудал 3. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулинд эрх хязгаарлах гэсэн дэвшилттэй зохицуулалт бий. Үүнийг мэддэг хохирогч, яаж хэрэглэхийг сайн ойлгосон шүүгч хууль хяналтын байгууллагын ажилтан харамсалтай нь өнөөдөр цөөхөн байна. Тооцож үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн бараг 40 гаруй тохиолдолд эрх хязгаарлах шийдвэр нэг удаа гарсан байгаа юм… Гэр бүлийн хүчирхийлэл 2000 гаруй гарч байна гэхэд 50 удаа эрх хязгаарлахтай холбогдсон шийдвэр гарсан байгаа юм. Гэтэл эрх хязгаарлахтай холбогдсон шийдвэр нь иж бүрэн биш эрх хязгаарлах шийдвэрийг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэн түүнд хяналт тавих юм, ямар тохиолдолд түүнийг сунгах юм бэ, ямар тохиолдолд зогсоох юм бэ. Эсвэл өөр шийтгэлээр хэдийд солих ёстой юм бэ гэдэг зохицуулалт ерөөсөө байхгүй. Энэ бол бүхэл бүтэн зохицуулалт хэрэгтэй асуудал. Тэнд ганцхан эрх хязгаарлах шийдвэр гаргаж болно, 24 цагийн дотор шүүгч гаргаж болно гээд хэлээд л байсан. Энэ байдлаас болж нөгөө эрхээ хязгаарлуулсан этгээд олны нүдэн дээр бараг хохирогч болох нь холгүй, бараг гавъяа байгуулсан юм шиг дотроо улам хорсож гэртээ эргэж ирдэг. “Энэ намайг хохироосон, миний эрхийг хязгаарлуулсан” гэж Та бүхэн бод доо. Үүнийг гажуудал гэхгүй юм бол юуг гажуудал гэх юм бэ? эрх хязгаарлах шийдвэр иж бүрэн байж гэмээнэ үр дүнгээ өгдөг. Энэ асуудлыг орчин цагт олон янзаар хэрэглэж байна. Эд материал дамжуулж хэрэглэж байна. Тодорхой мэдрэгчтэй тусгай бугуйвчаар энэ асуудлыг шийдэж байна. Манайд энэ тухай ойлголтыг маш хурдан оруулж ирэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн иргэдээр нөхөр нь байлаа гэхэд бугуйвч зүүлгэчихдэг, эхнэрт нь бас нэг бугуйвч зүүлгэчихдэг, ойртохоороо тэд нар чинь бие биенийхээ эрхэнд халдаад байдаг учраас бугуйвчинд нь программ суулгаад өгчихдөг, тэрнийгээ компьютерт оруулчидаг, 100 м ойртох юм бол тэр бугуйвч шууд дуугардаг. Тэгэхэд тэр этгээдийг барьж аваад шууд шоронд хорьж байх жишээтэй.

Дараачийн арга хэмжээг авч байх ёстой. Чи эхнэртээ 100 метр ойртож болохгүй, чи хүүхдээ 100 метр ойртож болохгүй, чи аюул учруулах гэж байна. Маш тодорхой хугацаа зааж өгдөг. Тодорхой хугацаанд тэр этгээд засарсан уу,  үгүй юу гэдгийг харж байж дараачийн арга хэмжээг авдаг, манайд ийм зохицуулалт ерөөсөө байхгүй. Техник, технологи, боломжийг бид нар оруулж ирэх шаардлагатай байна. Энэ нь цогц үйлчилгээ байдаг юм байна. Хохироосон этгээд өөрөө уучлал гуйж ирдэг, өөрөө ойлгодог, өөрөө эргэж эвлэрдэг, өөрөө дамжуулан зуучилдаг хүмүүсээр дамжуулж эхнэртэйгээ, хүмүүстэйгээ хуулийн дагуу гэрээ байгуулдаг. Тэрнийгээ биелүүлж чадахгүй болбол дараачийн арга хэмжээнд ордог. Хэрвээ чи дахиад эхнэр рүүгээ гар далайх юм бол, дахиад охинтойгоо бүдүүлэг харьцвал чиний дараачийн шийтгэл энэ байна гэдгийг маш сайн ойлгуулдаг. Ихэнх оронд энэ бугуйвчийг зөвхөн эрх хязгаарлах биш, зарим гэмт хэрэг дээр нэмэлт ял, шийтгэл болгож ашиглаж байгаа. Онцгой зүйлийг манай хууль хяналтынхан анхаарах ёстой гэж бодож байна. Хүчирхийлэл үйлдсэн этгээд шоронд суулаа, тодорхой хэмжээнд хугацаа, ялаа эдлээд гараад ирлээ гэхэд бага насны охидыг хүчирхийлдэг этгээд дээр заавал хэрэглэдэг. Ялаа эдлээд гарахад нь бугуйвчтай гаргадаг. Түүнийг компьютераар харж байдаг. Бага насны охидыг хүчирхийлнэ гэдэг нь хүний ааш авир, энэ бол араатны ааш авир. Тийм учраас тэр араатан хаана явж байгааг хүн бүхэн мэдэж байдаг. Та бүхэн бод доо. Нэг хүн шоронгоос гараад ирсэн, хүчирхийллийн хэрэгт ороод, өө, манай суманд тэр ирж гэнэ. Сум даяараа түүнийг мэдэж байх ёстой. Нэр төрөө хүндэтгэдэг, хүн бүхэн бие биеэ мэддэг нийгэм байхгүй юу. Хэрвээ ийм аргыг хэрэглэх юм бол энэ нь эргээд асар том жигшил зэвүүцэл, хөдөлгөөн болж хувирна. Асар том хүмүүжлийг, эерэг нөлөөг авчирна. Сумаараа нэг ирдэг, аймгаараа нэг ирдэг. Дараа нь тэр этгээд Улаанбаатар нислээ гэхэд хотод нисч явааг нь мэдэж байдаг, аль хороонд очсон нь бүр эмчийн дүгнэлтээр, биологийн чадавх нь дуустал нь тэр бугуйвчийг гараас нь салгадаггүй. Энэ бугуйвч ялыг хаана хэрэглэдэг юм бэ гэхээр бага насны охид, насанд хүрээгүй охидыг хүчирхийлдэг хүмүүс дээр онцгойлон хэрэглэдэг хандлага олон улсад байдаг.

Ийм учраас энэ асуудлыг бид хуулийнх нь дагуу шийдэх хэрэгтэй. Их Хуралд сууж байгаа эмэгтэй гишүүдийн анхаарлыг онцгой хандуулъя гэж бодсон юм. Нэг үеэ бодоход олон эмэгтэй гишүүн Их Хуралд орж ирсэн. Гэмт хэргийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг дахиад шинээр боловсруулж гарч ирсэн. Тэр хүүхдийн эрхтэй холбоотой, хүний эрхтэй холбоотой хуулиудад асуудлыг иж бүрэн суулгаж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал монгол үндэстэн энэ муухай юмнаасаа салж болно.

Яаралтай авах зарим арга хэмжээ

Төгсгөлд нь хоёр гурван зүйл хэлье. Яаралтай авах зарим арга хэмжээг энд дурдъя.

Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллээр мэргэшсэн эмэгтэй хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн тоог цагдаагийн байгууллагад нэмэх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь голдуу охид эмэгтэйчүүд, тэнд нарийн эмзэг асуудал олон гардаг. Тэнд мэргэшсэн эмэгтэйчүүдийн баг чухал болох нь амьдрал дээр нотлогдож байгаа юм. Өнөөдөр манай цагдаагийн сургуульд сурч байгаа, хууль сахиулах байгууллагад сурч байгаа энэ чиглэлийн мэргэжил эзэмших гэж байгаа манай охид хүрч ирсэн байна, мөн энэ зааланд ажиллаж байгаа офицерууд байна. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж л ирсэн эмэгтэй хүнтэй, эрэгтэй цагдаа уулзаад ярих, эмэгтэй цагдаа уулзаад ярих хоёр их өөр, тэнгэр газар шиг өөр. Эмэгтэй цагдаа, эмэгтэй хүнд тэр охин, тэр бүсгүй хамаг юмаа хэлж чаддаг. Тийм зүйл байдаг. Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм учраас энэ асуудалд мэргэшсэн эмэгтэйчүүдийн баг бий болгох хэрэгтэй. Ингэж ажиллаж чадах юм бол хэргийг илрүүлэх, ул мөрийн хойноос хөөцөлдөх боломж маш үр дүнтэй болдог гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, хохирогчид иж бүрэн туслалцаа үзүүлэх, хамгаалах байр хэрэгтэй. Нэг цэгийн үйлчилгээ гэж байгаа юм. Манайд эхлэл төдий тавиад, зарим нэг санхүүжүүлээд явж байгаа. Улаанбаатар хотод миний авсан мэдээгээр таван хамгаалах байр юмуу нэг цэгийн үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг газар байна.

Нэг сайн мэдээ бол манайх чинь олон аймагтай, 21 аймгаас дөнгөж дөрөвт нь ийм газар бий болж байна. Бүх аймагт байх ёстой. Олон улсын дундажаар 60 мянган хүнтэй газар ийм үйлчилгээ, хамгаалах байр заавал байх ёстой. Тэгэхээр 3 сая орчим хүнтэй гэж бодвол монгол улсын хэмжээнд 50 орчим хамгаалах байрны үйлчилгээ хэрэгтэй байгаа. Энэ хамгаалах байр үйлчилгээг бид олон янзаар бий болгож болно. Ялангуяа хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд аймгийнх нь нэгдсэн эмнэлэгт суурилуулж болж байгаа юм. Эмнэлэгт нь хуулийнх нь баг нь байдаг, сэтгэл зүйч нь байж байдаг, халамжийнх нь үйлчилгээ бэлэн байж байдаг. Сумандаа ч гэсэн тэр байж байдаг, яг иймэрхүү маягаар манай дарга нар иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа, үүний төлөө сэтгэл гаргах ёстой гэж би хувьдаа бодож байгаа.

Иргэдийн хүсэл санаачлагыг авах хэрэгтэй. Манай хоёр гурван хамгаалах байр олон улсын сайн санаат хүмүүсийн мөнгөн дээр тогтож явж байна. Үүний цаана манай иргэд, бизнесменүүд, үнэхээр энэ асуудалд санаа тавьдаг хүмүүс байх хэрэгтэй. Төрийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Стандарт тавих хэрэгтэй. Тэнд очиж байгаа нэг хохирогчид ногдох хувьсах зардлыг гаргах хэрэгтэй. Иймэрхүү маягаар шийдвэл дахиад тэр хохирогч улам хохирдог байдал алга болно. Ийм замаар явж байгаа манай охид, эмэгтэйчүүд хохирч байгаа хүүхэд, хөгшид өөрийнхөө зовлонг ярьж ирдэг болно. Миний зовлонг ойлгодог газар байдаг юм байна гэж ирдэг болно. Маш олон хүний нэг нь шүүхэд ханддаг, маш олон хүний нэг нь цагдаад ханддаг, маш олон хүний нэг нь, явж явж бараг хоёр хүний нэг нь иргэний байгууллагад хандаж байгаа юм. Иргэний байгууллага, иргэд хийгээд байгаа үйлчилгээ өгдөг ийм байгууллагыг манай сайн санаатай хүмүүс байгуулсан байна. Тэдэнд маш олон хүн ханддаг болсон. Тэгэхээр иймэрхүү байдлаар, жинхэнэ иргэний оролцоотойгоор энэ асуудлыг бүрэн шийдэх бололцоотой гэж бодож байна.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарим хүмүүс ярьдаг. Улсын аав, эцэг гэж ярьж байна. Үнэхээр аав, эцэг бүхэн үүнд анхаарах шаардлагатай байна. Улсын хэмжээнд салбар хоорондын зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдтай олон комисс, янз бүрийн зүйл ахалж байдаг. Би хувьдаа энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх салбар, хоорондын зохицуулалтын асуудал Ерөнхий сайдын анхааралд байхад болохгүй юм байхгүй гэж бодож байна. Тэгээд нийслэл, дүүрэг, аймаг, суманд яваад очихоор тэр Засаг даргынх нь шууд үүрэгт нь хамаарч байдаг, тэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шаардлагатай бол энэ чиглэлд тэр баримт бичгийг гаргаад өгчихнө. Ингэж чадвал бид нэг багийн үйлчилгээнд орж байгаа юм. Тэгээд баг дотор хэн байх вэ гэхээр хууль хүн нь байна, халамжийнх нь үйлчилгээ нь байна, эрүүл мэндийн үйлчилгээ нь байна, боловсролын үйлчилгээ нь байна, хүний сэтгэл санааг засах, эргэж тайван амьдрал руу нь оруулах үйлчилгээ нь байж байдаг, ингээд л ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр би нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. Ер нь сумандаа, аймагтаа, манай хүмүүс тэдний хотонд, сумын даргаас асуухад тэдний хотонд мал үхжээ гэсэн судалгаа байдаг, гэтэл тэдний гэрт хүний эрх зөрчиж байна, зодож байна гэсэн судалгаа байдаггүй. Тийм учраас энэ судалгааг гаргах хэрэгтэй. Суманд гаргаж ядаад байх юм байхгүй. Манай гудамжинд 200 айл байгаа, 200 айлын 10 дотор асуудал гардаг, тэр нь архи уудаг, танхай ийм этгээд байна. Юмыг бага дээр нь зургийг нь гаргаад дөнгөж эхэлж байхад нь таслан зогсоохын төлөө явах юм бол энэхүү ажиллагаа үр дүнтэй болноо.

Энэ чиглэлд бид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хамтарсан бүтцээр бүгдээрээ ажиллацгаая гэж бодож байна. Одоо Та бүхэн зохион байгуулалтаа харсан байх. Энэ гэмт хэрэг гарлаа, хүнд хандлаа гэнгүүт хамтраад ажиллачихдаг мэргэжлийн баг байх нь. Эмэгтэй хүмүүсээс бүрдсэн голдуу тийм мэргэжлийн баг байя. Дээрээс нь яам, агентлаг, салбар хоорондын зохицуулалт байна. Засаг захиргааны нэгж дээр нэг баг ажилладаг байя гэж байгаа юм.

Дөрөв дэх нэг хэлэх гэсэн санаа бол сургалт. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдсон энэ сургалт хамгийн энгийн зүйлийг бид иргэний боловсрол хичээлээр бага ангид нэмж оруулж зааж өгөх хэрэгтэй. Хүүхдэд багаас нь заагаад өгчих хэрэгтэй. Яавал чи эрхээ хамгаалах юм бэ, миний охин ямар эрхтэй юм бэ, том болоод ямар асуудал учирч магадгүй байдаг юм. Хүндрэлтэй асуудал учирвал чи яах ёстой юм бэ. Болохгүй үед хаанаас туслалцаа авах хэрэгтэй юм бэ, яаж хандах ёстой вэ, чиний эрхийг хамгаалсан ямар хууль байдаг юм бэ, хэн чиний төлөө ажиллах ёстой юм бэ, хэнд чи хамгийн түрүүн энэ тухайгаа, зовлонгоо очиж ярих ёстой вэ гэдгийг тэр хүүхдүүдэд бүүр багаас нь зааж өгөх хэрэгтэй. Дээр нь чиний нэг найз чинь хичнээн ч буруутай байсан, эмэгтэй найз чинь хичнээн ч буруутай байсан, тэр эмэгтэй найз руугаа гар далайж болохгүй, энэ хүмүүжлийг багаас олгох хэрэгтэй. Тэр эмэгтэй найз чинь чамайг хичнээн ч гомдоосон бай чи тэр хүнийг зодох эрхгүй л байхгүй юу. Зангидсан гараар харилцах ёсгүй, үүнийг бага ангид нь бид сургаж өгөх ёстой гэж бодож байна.

Хайр, дурлал доромжлол дор цэцэглэхгүй, гургалдай шувуу торон дотор дуулдаггүй юм

Би энд нэг зүйлийг хэлье. Хайр, дурлал бол доромжлол дор цэцэглэхгүй, гургалдай шувуу бол торон дотор дуулдаггүй юм. Хүн бол хэзээ ч цайз торонд жаргадаггүй юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний уусаж нийлсэн харилцаа юм. Нэг газар нь булингар үүсэх юм бол хамтдаа л ижил байдлаар тэр булингараа алга болгох хэрэгтэй. Тийм ариун нандин харилцаа юм. Тэгэж эхнээс нь ойлгуулах юм бол энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байгаа юм.

Тавдахь хэлэх гэсэн зүйл бол бид сайн иргэд, сайн хүний сайн үйлсийг урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ чиглэлд санаа тавьж байгаа сайн иргэдээ бид дэмждэг байх хэрэгтэй. Үүнд нь ах дүү нь дэмждэг, миний ах сайн хүн шүү, үнэхээр ядарч яваа хүний талд дандаа зогсож явдаг юм.Тийм хүмүүсийг эргэхийн төлөө явж байдаг юм гэж дэмждэг байвал би их сайн болно гэж боддог. Хамтрагчийг илүү зовоодог амьдрал хүчирхийлэгчийн чанга дуу, айлган сүрдүүлэг, бие сэтгэлийн дарамт, хардлага яах аргагүй мөн. Гэхдээ хүчирхийллийг мэдсээр байж дуугарахгүй, үйлдэл хийхгүй байгаа чимээгүй байдал хохирогчийг хамгийн их өвтгөдөг юмаа гэдгийг би энд хэлэх гэсэн юм. Хохирогчийн хажууд байгаа нэг сайн хүн хараад суугаад байдаг юм. Гэхдээ дуугардаггүй, тэр тухай ямар ч хамгаалалт хийхгүй, тэр тухай ямар ч үйлдэл хийхгүй, тийм чимээгүй байдал чинь хохирч байгаа хүний зүрх сэтгэлийг хамгийн их өвтгөдөг юм шүү. Сайн хүний чимээгүй байдал, муу хүний муу үйлдлээс дутахгүй аюултай гэж би хэлэх гээд байна. Ингэж бид хүлээж авах хэрэгтэй. Ярьж байгаа сэдэв зарим айлд, зарим хүний хувьд их хол мэт сонсогдож байж магадгүй. Гэхдээ нэг өдөр эргээд Таны сэдэв болсон байж магадгүй, Таны хүү, охины асуудал болсон байж магадгүй шүү дээ. Таны ач, зээгийн асуудал болсон байж магадгүй. Тийм учраас манай гэр бүл, үүнээс хол, зүгээр байдаг улсууд гэж өөрсдийгөө чөлөөлөх хэрэггүй ээ гэдгийг энд хэлэх гэсэн юм.

Тэгэхээр энд нэг дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь байтугай ийм асуултад өртөх нь хэцүү. Заримдаа яс хавталзана. Санаа зовон байгаа биз дээ. Хичнээн нарийн асуудал гэдгийг хэдхэн хоромын өмнө мэдэрлээ. Иймээс энэ асуудалд төр санаачилга гаргахгүй бол болохгүй. Төр иргэндээ туслах л гэж байгаа бол санаа гаргаж үйлдэл хийх ёстой. Эцсийн эцэст гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөдөр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр. Жил бүхэн магадгүй энэ өдөр энэ танхимд энэ асуудлыг сонирхож байгаа хүмүүс, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай хууль хяналтын байгууллагынхан, олон нийтийн байгууллагынхан дахиж нэг ярьдаг, үйл ажлаа дүгнэдэг байх, ямар амжилтанд хүрэв гэдгээ ярьдаг байх хэрэгтэй гэж бодож байна.

6 Comments

  1. oogii says:

    КҮЭ ерээ юуууннн малайз хилийн цаана 5 км н цаана байгаа 1000 янхан аа эхлээд цэгцлэх юм биш үү тэдний өмнөө Элбэгээ наад үгээ хэлээрэй зүгээр нулимна за өөрсдөө очоод харчих хэрэгтэй шдээ яааваас гэж бүгд толгойгоо угаалгасан амьдрал үзээгүй ПС нд донтогчид.
    Угаасаа тэр малайзд үхдэг нөхөр чин бас л яаашка л байсан юм билээ шдээ надад бол харин ч сайн санагдаж байна ингэж байж л Монгол цэвэршинэ

  2. s says:

    гүэ мөн сайхан ярьдаг хүн шүү ярьсан зүйлүүд нь хэрэгжсэн бол өдийд монгол ямар улс байгаа бол шал өөр байх байсан даа

  3. bi says:

    huzuugui lalar showuchin cekctei holbootoi yum bichhuu elbehuadorhua yagad heden huuhed asramjindaa halamjildagiig medehuu ooriih n nuuts huuhduud dund n bgaa neree elbegdorjiin boov huzuuguitegee adilhan tomsog tged tolgoi bdag bh te haha er n ene pizdakiig sex hiideg geed tosoolhoor haha buudagguiee

  4. esdfghj says:

    ger buliin huchirhiilel bol dald helberiin nuuts gemt hereg. huntei ijil erhtei hamt amidarna. gesen bolohoos neg n nogoogiinhoo bool boloh gej gerledeggui yum huuhed zodoh ed nariig gemt heregt oruulah heregtei

  5. Цэцэг says:

    За тэгээд яаралтай л ажил хэрэг болгоорой доо.

  6. ta shuu says:

    Tiimee ger buliin huchirhiilel bol gemt hereg. huchirhiilegchdiin suuliin jil 2013 on shuu muu sadistuudaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.