Төрсөн үрээ төөрүүлж хаях хэрэг өнгөрсөн онд 15 хувиар өсчээ

medabort11

Сүүлийн үед төрсөн үрээ төөрүүлж хаях нь энгийн үзэгдэл буюу нийгэмд байдаг л нэг хэрэг гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Эмэгтэй хүний санаасаас гарамгүй шийдвэрийг эх хүн гаргаж байна гэхэд нэг их хэлсдэхгүй болов уу.

Он гарсаар хүүхдээ төөрүүлж, гудамжинд орцны үүдэнд, зочид буудалд орхиж явсан тохиолдол тав бүртгэгджээ. Өмнөх жил бол үүнээс илүү их нэмэгдсэн бөгөөд өнөө жилтэй харьцуулах юм бол өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэрэг 15 хувиар өсчээ. Бага сартай хүүхдээ хаях шалтгаан бол ердөө энгийн. Хүүхдүүдээ хаясан хүмүүсийн ихэнх нь оюутнууд байна. Тэд “Би хүсээгүй, би тэжээж чадахгүй, бас ар гэрийнхнээсээ айсан, аав нь хүлээн зөвшөөргүй учраас ийм шийдвэр гаргасан” гэж цагдаад мэдүүлэг өгч тайлбарладаг ажээ. Биенээс бие ургуулж, амьнаас амь таслаж, арван сар хэвлийдээ тээж хүн болгож төрүүлсэн хэрнээ амьдрал дээр гаргаад төөрүүлж хаяна гэдэг хүний ёс тэр дундаа энгэр зөөлөн эмэгтэй хүнээс гарах шийдвэр мөн үү. Үүнд л эргэлзмээр санагдах юм.

Хүүхэд эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй. Гэтэл ээждээ гологдсон тэр нялх хүүхдийн буруу гэж юу байх билээ дээ. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд хоёр хүүхдээ зочид буудлын орон дээр орхиод зугтаасан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан билээ. Харин эхийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсаны эцэст олсон бөгөөд тэрбээр “Би энэ хоёр хүүхдээ авч байнга зочид буудлаар хоноглож явдаг. Тэр өдөр мөнгө олж ирэх зорилготой буудлын барьцаанд хүүхдүүдээ үлдээгээд явсныг буруугаар ойлгосон байна билээ. Би яалаа гэж үр хүүхдээ орхих билээ” гэж мэдүүлжээ. Мөн өнгөрсөн онд Орхон аймагт хэдхэн сартай хүүгээ орцонд орхиод явсан хэрэг гарсан юм.

Цагдаагийнхан хэдэн сар ээжийг нь эрэн сурвалжилсаны эцэст олж, хүүхдийг асаргаа сувилалын газарт хүлээлгэн өгсөн юм. Тэр охины хувьд мөн л хүсээгүй хүүхэд нь байсан бөгөөд “Миний хүүг сайн хүн олж аваад өсгөчих байх гэсэн бодолтой өлгий боодолтой нь орхисон” гэж мэдүүлсэн байдаг. Тэгвэл мөн өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орцонд хаяад явсан хэрэг нийгэмд нэлээдгүй шуугиан тарьсан билээ. Ээждээ гологдож, орцонд орхигдсон охиныг эмгэнэлтэй хувь заяа угтсан билээ. Охин эмнэлгийн тусламж яаралтай авсан хэдий ч эмчлэгдэж байгаад нас барсан юм. Учир нь охины биеийн байдал маш муу, хоёр уушги нь битүү хатгалгаатай хүргэгдсэн бөгөөд ямар ч найдваргүй байсаар байгаад өөд болсон.

Харин охиноо хаясан ээжийг эрэн сурвалжилж байгаад илрүүлж баривчилсан бөгөөд ээж нь 24 настай Д гэгч байсан юм. Тэрбээр “Би ганцаараа байдаг энэ хүүхдийг өсгөх амьдралын ямар ч боломжгүй байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Охины биеийн байдал хүндрээд байхаар нь цагдан хорьсон ээжийг нь батлан даалтад гаргаж, ээжээрээ асруулж байгаад өөд болсон юм. Харин дараа нь ээж нь буяны мөнгөнөөсөө нь аваад буяны ажилд нь оролцолгүй ор сураггүй алга болжээ. Ийм л бөх зүрхтэй эх хүн байжээ. Голсон үр нь гомдохдоо бурханы орныг зорьчихоод байхад буяны ажилд нь ч оролцох сэтгэл зүрх тэр эмэгтэйд байгаагүй гэж бодохоор үнэндээ сэтгэл сэмэрч, зүрх шимширмээр санагдах юм. Нялх балчир үрс ямар буруутай юм бэ.

Эх болгох заяаг бэлэглэж, энгэрийг нь зөөллөх үрс заяахад ийм “тэнэг” болчимгүй шийдвэр гаргаж, үрээ хаяж, төөрүүлдэг эхчүүдэд эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэдэг баймаар юм даа. Ер нь ийм төрлийн гэмт хэрэг сүүлийн хоёр жилийг харьцуулахад нэмэгдсэн гэж албаныхан хэлж байгаа юм. Гэхдээ хэлбэлзэлтэй л байдаг юм.

Өнгөрсөн онд бүртгэгдсэн 17 хэргийг яръя л даа. Ихэнхдээ орон нутгаас ирсэн оюутнууд жирэмсэн болчихоод эцэг эхдээ хэлэхээс айсан гэх шалтгаан хэлдэг. Энэ хүүхдийг тэжээх мөнгө байхгүй, би өөрөө сургуульдаа явах хэрэгтэй гэх зэрэг хариулт хэлж, хүүхдээ хаясан байдаг. Хэрэг гарсан тухайн дүүргийн цагдаагийн газрууд тодорхой арга хэмжээ авсан гэх мэдээллийг өгсөн. Хэрэг бүр хоорондоо ялгаатай, өөр байдаг учраас тухай бүрт нь тохирсон арга хэмжээг авах ёстой.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 117.1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 117.2-т Харин энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зохицуулсан байдаг. Гэхдээ ийм хэмжээний ял шийтгэл авсан эх хэд байдаг бол гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм.

Үр хүүхдээ төөрүүлж, орхих хаях нь үнэндээ нийгмийн нэг үзэгдэл болчихсон байна. “Тэнд хүүхдээ хаяжээ, энд өлгийтэй хүүхэд байна” гэсэн мэдээлэл энгийн нэг мэдээ мэт санагдаж байгаа хэдий ч хүний заяаг олж ирсэн хөөрхөн үрсийг төөрүүлж хаях нь хүний ёсонд нийцэх үү. Хүүхдээ хаяж, орхихоох өмнө өөрийгөө биш, тэр хүүхдийн ирээдүй болон хувь заяаг нь тунгааж нэг бодоочээ гэж хэлж захимаар санагдах юм.

О.Сайхан

3 Comments

  1. zochin says:

    Er n bol erchuudees ih um bolj baigaa hogiin amitad hariutslaga huleeh chadvargui boovnuud uree haa saigui tsatsaj baidag

  2. 8888 says:

    Zarim ni uree aldaad enelj shanalaad yawj bhad.. Gedsendee buhel buten amidral teej, ergej hodlohiig ni mederch bsan eh hun monuu

  3. GegeenCom says:

    Huduu oron nutgiin irgediin uscur nasniihaniig medeeleljuuleh hotiin soyold suralcuulah nom tovhimol gargaj unegui belgevch ochij avch boloh emnelguudiig nemmeer yumu. Oyutan ohid genen itgemtgiigees gadna erchuud n ireeduin ehchuud ohid busguichuuddee hair nairgui handaad bn. Ter ehchuuded huuhdiin tetgemjiin talaar ulsiin halamj iveeliin talaar surtaldah bolomj bh l yostoidoo. Yer n oyutnuud jiimeedehed ar geriinhenii tuslamj demjleg mash ih heregtei bdg huurhii ter huduunuus irsen ohid huvguudees umhiu sanaa gesen hoch zuugeed ch bolson emzeglehgyi erdem medlegtee shamdaasai bilee. Yadaj dotuur bairuudad hucheer belgech sar bur taraaj bdg sain duriin baiguullaguud handiv bosgoj bmaar yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.