Эспераль буюу “испраль”

397b8851f154f_0

Архидалт, архинд донтох гэгч бэрдтэй нэг тулгарсан хvн мултарч гарахад тун бэрх гэдэг. Гарахыг хүсэвч бие нь дасчихаад, дассан зүйлээ нэхээд ёстой балладаг гэдгийг зовлонг үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймд эмч, эрдэмтэд хэцүү байдлаас гарахад нь тус болохын тулд олон эм бэлдмэл хийсэн байдгийн нэг нь хүмүүсийн дунд “испраль” ”спираль” нэрээр алдаршсан Эспераль гэдэг эм юм.

new_banner

Энэ эмийг анх Францад бүтээсэн цагаас хойш өнөө болтол дэлхийн олон оронд архинд донтохоос гаргах зорилгоор ашиглаж байгаа. Улмаар өөр өөр нэрээр дэлхийн олон улсад үйлдвэрлэх болсон. Тетурам, Эспераль гель, Тетлонг-250, Антабус, Дисульфирам, Лидевин гэсэн олон нэрээр худалдаанд гардаг.

Нэр нь хэдий олон янз байдаг ч үйлчилдэг бодис нь ганц бөгөөд дисульфирам юм.

Энэ бодис нь цусан дахь алкоголь буюу спиртийг задлах үүрэгтэй элэгний ялгаруулдаг алкогольдегидрогеназ гэсэн хэл хугарам урт нэртэй ферментийн хорьдог, өөрөөр хэлбэл саармагжуулдаг. Үүний үр дүнд спирт нь хүний биед маш хортой нөлөө үзүүлж эхэлнэ. Бүр нарийвчилбал этилийн спиртийн хор нөлөө нь метилийн спиртийнхэд дөхдөг. Дашрамд сонирхуулахад 50 грамм метилийн спирт нь хараагүй болгож, 150 грамм нь үхэлд хүргэдэг юм.

Ингээд арьсан дор суулгасан, эсвэл уусны дараа эм хүний биед орж эхлэх үед архи, согтууруулах ундаа уух нь үл нийцэх хариу урвал явагдаж эхэлнэ. Хордлогод орно гэсэн үг. Үр дүнд нь эхлээд мэдрэлийн систем гэмтэн толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хараа муудах, шөрмөс татах шинж илэрч болзошгүй.

Зүрх болон тархины судас хүчтэй агших, зүрх дэлсэх, даралт огцом өөрчлөгдөх, зүрхний орчим өвдөх зэргээр зүрх судасны систем хордлогод орсны шинж илэрнэ. Цаашилбал хэт хөөрөлд орох, эсвэл нойрмог, сулбагар болох, цөөн тохиодолд гүйлгэх, үе мөчөөр өвдөх шинж илэрдэг.

Нэн даруй хордлого тайлах арга хэмжээ аваагүй нөхцөлд хордлогын шинж тэмдэг нь хэдэн өдрөөр үргэлжилнэ. Бие сайтай, залуу хүн энэ хордлогод орсон ч эмнэлэгт очилгүйгээр тэсч гарч чадах ч элэг, бөөр нь асар их ачаалалтай ажиллаж эхлэх тул сайн зүйл болохгүй нь ойлгомжтой.

Харин бусад тохиолдолд яаралтай түргэн тусламж үзүүлээгүй бол тархинд цус харвах, зүрхний шигдээс, зүрхний хэмнэл алдагдах, тархины хаван, хараагүй болох зэрэг аймшигтай үр дагаварт хүргэнэ.

Тиймээс эспераль тавиулсан, уусан хүн согтууруулах ундаа уусны дараа дээр дурдагдсан хордлогын бүх шинж илэрвэл нэн даруй түргэн дуудаж, эмчид хандах хэрэгтэй.

Ийм аюултай үр дагавартай гэдгийг нь мэдсэн хүн амиа золиослон байж “хар ус гудрах” гэж яарахгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл архи уух тэр их хүслийг нь давж гарахад аймшигтай шаналал, үхлээс айх хүний төрөлхийн араншин тус болж хянаж, хорьж байгаа хэрэг.

Ийм байдалд орохгүйн тулд…

Жирийн үед дисульфирам хүний биед ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй ч хэдийд, ямар тунгаар, хэдий хугацаагаар хэн хэрэглэж болохыг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэй гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Мөн энэ эмийн хэрэглэж болохгүй заалтууд олон тул эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэвэл тун ч таагүй үр дүнд хүрч болзошгүй.

SOURCE: www.103.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.