ХАЙРЛАГДАЖ БУЙ ЗҮРХ Л ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

Хүний амьдралын утга учир юунд оршдог вэ? Бид юуны төлөө энэ хорвоод мэндэлсэн бэ? Эд баялаг, эрдэм мэдлэг, эрх мэдэл үү? Аль эсвэл алдар нэр, албан тушаал, амжилт ололт уу? Аль нь ч бай бид эцэст нь аз жаргалыг л хайж байдаг. Тэгвэл аз жаргал үнэхээр эдгээр зүйлсээс ирдэг үү? Хэрэв бид алдар нэрийг олж авч, ард олонд хичнээн хүндлэгдсэн ч сэтгэлийн гүнээ ойлголцох хайртай нэг л хүн байхгүй бол ганцаардмал бөгөөд гунигтай.

Орд харшид амьдарч, орлого мөнгө овооров ч оройн хоолны ширээн дээр хайр байхгүй бол амьдрал дүүрэн биш билээ. Аз жаргал үнэндээ хайраас ирдэг. Учир нь хайр дулаахан, гэгээлэг бөгөөд үргэлж чин сэтгэлээсээ байдаг. Хайр бардамнадаггүй, уурладаггүй, өсөрхдөггүй, ихэрхдэггүй, атаархдаггүй, ашиг эрдэггүй, хариу нэхдэггүй, хувирдаггүй. Харин талархдаг, баярладаг, итгэдэг, инээмсэглэдэг, тэвчдэг, найддаг, уучилдаг, ойлгодог юм.

Хайр хамгийн зоригтой, хамаг бүхнээ зориулахуйц зоригтой. Хайр хамгийн хүчтэй буруу нь биш байсан ч буулт хийхээр хүчтэй. Хайр хамгийн тэвчээртэй. Цас, бороо орж салхи, шуурга хүчтэй шуурсан ч эцэст нь нар гарч солонго татдаг шиг амьдралын зовлон бэрхшээлийг жинхэнэ хайр л улам тод гэрэлтэж давдаг. Уул, ус, ургамал, модод хэдий үзэсгэлэнтэй ч нар үгүй бол бүгд устахын адил эд хөрөнгө, эрх мэдэл хэдий үзэмжтэй ч хайр үгүй бол бүгд утгагүй.

Эцэст нь эд элэгдэж, эрдэм хуучирч, алдар мартагдаж, амжилт бүдгэрсэн ч хайр бол үүрд мөнх. Бид хайрлагдаж төрөөд, хайрлах гэж амьдарч буй. Хайрлагдаж буй зүрх л хамгийн жаргалтай байдаг.

1 Comment

  1. someone says:

    taniltsyy ohidoo🖤

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.