Гэр бүлийнхээ үнэт зүйлсийг хэрхэн бүтээж, хамгаалах вэ?

Бид ихэнх тохиолдолд бүтэлгүй гэр бүлийн тухай ярьж бичицгээдэг. Харин энэ удаа бат бэх, хүчирхэг гэр бүлийн түгээмэл үнэт зүйлс, баримталдаг энгийн дүрмээс танилцуулж байна.

  1. Хамтач харилцаа
  2. Бие биенээ дэмжиж талархдаг
  3. Нээлттэй, уян хатан харилцааны чадвар
  4. Хамтдаа байх дуртай
  5. Бие биенийхээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг
  6. Бэрхшээлийг даван туулах чадвартай

1. Хамтач харилцаа

Бат бэх гэр бүл болоход хамгийн их шаардагддаг зүйл бол хамтач нөхөрлөл юм. Бат бэх гэр бүлийн гишүүд бие биендээ халуун дотноор санаа тавьж, анхаарал халамж үзүүлдэг. Тэд нэг нэгийнхээ аз жаргалын төлөө хамтран зүтгэдэг.Бүгд өөр өөрийн гэсэн үүрэг хүлээж, түүнтэй хариуцлагатай хандаж байдаг.

  • “Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө “гэсэн зарчим бат бэх гэр бүлийг хүчирхэг болгодог. Хэрэв та гэр бүлийнхээ харилцааг сайжруулахыг хүсэж байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж, аль болох асуудлыг даван туулахыг хамтдаа эрмэлзэх нь чухал. Сэтгэлийн хөдөлгөөнөөр харилцаагаа сэвтээх, бүтээсэн амьдралаа нураахыг урьтал болгохын оронд бидэнд ямар нэгдмэл хүсэл сонирхол байна гэдгээ ойлголцох нь эерэг үр дүнд хүргэдэг.
  • Бие биендээ анхаарал тавьж, хэн нэгэнд нь ямар нэгэн асуудал гарвал ойлголцох, асуудлаа давж гарахад нь сэтгэлийн тэнхээ өгч дэмжлэг үзүүлэх явдал чухал. Бат бэх гэр бүл болоход гэр бүлийн гишүүн бүрийн оролцооноос хамаарна.
  • Гэр бүлийн гишүүд өөр өөрийнхөө нөхцөл чадварт тохирсон үүрэг хариуцлага, мөн эрхийг эдэлдэг. Мөн үүний зэрэгцээ хүүхдүүд нь ээжийнхээ гэрийн ажилд туслах, ах эгч нь дүүгийнхээ хичээлийг давтуулах гэх мэт хамтын хөдөлмөрийн хуваарь эв нэгдлийг авчирдаг. Гэр бүлийн нэгэн гишүүний хувийн амжилт тухайн гэр бүлийн хамтын ажиллагаа, нэгдсэн зорилгын үр дүн байж болох юм.
  • Бие биендээ амлалт өгч түүндээ хүрдэг байх нь тогтвортой харилцааны салшгүй нэг хэсэг юм. Харин чиний хэрэг надад хамаагүй, миний хэрэг чамд хамаагүй..,” гэсэн байдалтай харилцаа бол гэр бүлийн харилцааг бат бэх биш болгодог. Хувийн ба хамтын хэрэгцээ, үнэт зүйлсээ тэнцвэржүүлсэн гэр бүлийн харилцаа тогтвортой байж чаддаг.

Шигтгээ

Эрдэнэ, Оюун хоёр өсвөр насны хүүхдүүдтэй. Эднийх нэг дэх өдрийн орой болгон хоёр хүүхдэдээ гэр бүлийнхээ долоо хоногийн төлөвлөгөөг танилцуулдаг заншилтай юм. Гэр бүлийн бүх гишүүд зөвшилцөх ёстой аж. Энэ гэр бүлийн хурал нь тэдэнд учирч буй бэрхшээлийн жагсаалтыг гаргаж, хамтран шийдвэр гаргадаг нь зөрчил үл ойлголцол үүсэхээс сэргийлдэг гэж үздэг.

2. Бие биенээрээ бахархах, урам хайрлах

Бат бэх гэр бүлийн гишүүд бие биендээ талархаж байгаагаа тухай бүрдээ харамгүй хэлж чаддаг. Тэд харилцан биенийхээ сайн талыг дөвийлгөн сайшааж,сэтгэл хангалуун байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байдаг.

Манай гэр бүл тав дахь өдөр болгон хуралддаг байлаа.Би гэр бүлийнхээ хуралд байнга оролцдог байсан. Гэтэл нэг удаа надад ажил гараад ирж чадалгүй шөнө дунд иртэл ээж аав хоёр намайг хашхичин загнаж,түүнээс хойш бүтэн гурван сарын турш зэмлэсэн юм. Ингэхдээ намайг урьд өмнө ямагт цагаа баримталдаг байсныг огт дурдахгүй байсанд би гайхаж, маш их гомддог байлаа.

  • Та энэ талаар ямар бодолтой байна вэ ? Хүний алдаанаас болж сайн чанарыг нь мартаж болно гэж үү?
  • Таны амьдралд хэн нэгний сайн чанарыг үл дурсан алдааг нь байнга сануулж шүүмжлэх тохиолдол байсан уу?

Бат бэх гэр бүлийн гишүүд бие биенээ хэзээ ч доош нь хийж доромжилж гутаадаггүй. Тэд үүний оронд байнга бие биенээ хүндэтгэн дэмжиж, талархаж, мөн уучлалт хүсэж байдаг. Тэд нэгнийхээ жижиг алдаанаас илүү эерэг үйлийг илүүд үзэж дэмждэг.

Нэгэн эрдэмтэн өөрийн бүтээлдээ “Алт ба шороо“ гэсэн жижиг шигтгээндээ “Алт шүүгч үй түмэн шорооноос тун цөөхөн алтыг шүүж гаргадаг Гэр бүлийн дотнын харилцааны утга учир бол бохир шорооноос алт шүүгчтэй адил нэгнийхээ сайн чанарыг сул чанараас нь шүүн тунгааж, түүнийг нь байнга дэмжих явдал юм. Бат бэх гэр бүлийн гишүүдийн нэг чухал чанар энэ бөлгөө.

3. Нээлттэй уян, хатан харилцааны чадвар

Бат бэх гэр бүлийн гишүүд тулгарсан асуудлыг хурцатгаж, “газар авахуулахгүйгээр ”шийдвэрлэж болох гарцыг хамтдаа хайдаг. Үүнд бие биендээ ярилцах, сонсох боломжийг олгож чаддаг харилцаанд гол “түлхүүр” нь оршдог байна.

Эерэг харилцаа гэдэг бол биенээ хүндэтгэсэн, нээлттэй, бодитой, үнэн сэтгэлээсээ, хайрлан хамгаалсан шинжийг агуулдаг. Энэ харилцааг бүх гишүүд эзэмших амаргүй. Гэр бүлийн зөрчил хямрал ихэнх тохиолдолд харилцаандаа алдаа гаргаснаас болдог.

4. Хамтдаа байх дуртай

Ийм гэр бүл хамтдаа байх цаг гаргахыг чухалчилдаг.Бат бэх гэр бүлийн гишүүд олон зүйл дээр хамтран ажиллаж чаддаг.Тэд хамтдаа байхдаа сэтгэл хангалуун байдаг.

Хайртай болон дотнын харилцаатай хүмүүс бие биенээсээ хэт их зүйлийг хүссэнээсээ болж хямралд ордог.Мөн үүнд өөрийгөө хэт золиослох, эсвэл аминч үзэл үүнд хамаатай.

Бат бэх гэр бүл хамтдаа байх цаг гаргахыг чухалд үздэг.Хамтдаа байсан хүүхэд насанд нь үлдээсэн тавхан минутын мөч зарим үед насан туршдаа санаж явах сайхан дурсамж болон үлдэх тохиолдол байдаг.

Шигтгээ

Бид цагаан сар болгонд эмээ өвөөгийн болон манай гэр бүл, бидний балчир хүүхэд байх үеийн видео бичлэгийг үзэх дуртай.Хэзээ ч уйддаггүй. Бал сараа тэмдэглэж буй хосууд бие биендээ цаг гаргах боломжтой байдаг.Гэвч хүүхэдтэй болсон цагаас эхлэн энэ боломж хомс болдог билээ.Хэдийгээр байдал ийм байвч цаг гаргахыг хичээвэл хэзээ ч гаргаж болно. Үзвэр үзэх, тэмцээнд нэг баг болж тоглох, аялалд явах, хамт дэлгүүр явах гэх мэт.

Энэ айл 5, 7 насны хоёр хүүхэдтэй, 5 настай охин нь гэртээ үлдэж, 7 настай хүү нь сургуульдаа, хүүгийн сургууль 8 цагаас эхэлдэг, нөхөр нь 7.45-т ажилдаа явна, эхнэрийн ажил 9 цагт эхэлдэг. Эхнэр Оюун 6.30 босож хүн бүрийг зохицуулна.Өглөө бүр 15 минут хатдаа сууж, хальт ярилцан цайгаа ууж, хүн бүр завгүй яарна.5 настай охиноо хөршийн дөө орхиж, зурагт үзээд хоцорно,Хүүгээ 5.15 сургуулиас нь авна.Нөхөр нь 6 цагт гэртээ ирнэ.Орой гэртээ ирэхдээ бүгд л ядарцгаасан байдаг ч хамтдаа хоолоо хийцгээнэ.Хүүхдүүд нь 10.30- д орондоо орж унтацгааж.Эхнэр нөхөр хоёр бие биендээ анхаарал тавих цаг үлдэнэ. Энэ гэр бүлд хамтдаа өнгөрөөх цаг нь ердөө нэг хоёр цаг оногддог ч маш үнэт зүйл нь юм.

Ярилцъя:

  1. Танай гэр бүл хамтдаа байх цаг гаргаснаар ямар эерэг үр дүнд хүрсэн бэ?
  2. Танайх ямар үед гэр бүлийн бүх гишүүдээ оролцуулдаг вэ?
  3. Гэр бүлээрээ хамтдаа байх цаг гаргах ямар аргуудыг хэрэглэж байв. 3 жишээ дурдана уу?
  4. Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ байх дургүй байсан бол ямар шалтгаанаар?

5. Бие биенийхээ өөр өөр байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг

Бат бэх гэр бүлийн гишүүдийн нэг үнэт шинж нь тэд бие биенийхээ өөр өөр байдал, өөр хэрэгцээ, өөр өөр байр суурь, итгэл үнэмшилд хүлээцтэй байж чаддаг. Тэд хувийн болон хамтын хэрэгцээгээ хүндэтгэж сурсан хүмүүс юм.

Гэр бүлийн гишүүдээ хүндэлдэг хүмүүс, бусдыг улмаар нийгмийн бүхий л харилцан дахь хүмүүсийг хүндэтгэж харилцаж сурсан байдаг. Гэвч бат бэх гэр бүлийн гишүүд бие биенээ огтхон ч шүүмжилдэггүй гэсэн үг биш юм. Тэд бие биендээ шүүмжлэхдээ “бүтээлч“ аргыг хэрэглэдэг. Энэ нь нөгөөгөө мохоож, ялахын тулд биш алдаагаа засахад нь нөхөрсгөөр сануулж, зөвлөх маягаар хэлдэг. Жишээ нь “Миний хүү хашааныхаа хаалгыг будаж байгаа чинь маш сайн хэрэг гэхдээ будахын өмнө цэвэрлэчихвэл будаг авахдаа сайн байдаг гэсэн” гэх мэт.

Мөн нэг гэр бүлийн гишүүд өөр өөр шашин шүтлэг, өөр улс төрийн нам, итгэл үнэмшилтэй байхыг хүлээн зөвшөөрдөг.

Мөнгө олох амаргүй ч үрэхэд амархан. Хувцас_ машин, юу хүссэнээ аваад л гүйцээ.Бат бэх гэр бүлийн гишүүд мөнгө хэрхэн олох, яаж зарцуулах, хэрхэн хөрөнгө босгохоо мэддэг. Эдийн засгийн бодитой сайн тооцоотой байхыг бүгд л хүлээн зөвшөөрдөг.

6. Бэрхшээлийг даван туулах чадвартай

Бат бэх гэр бүлд бусдын л адил бэрхшээл, зовлонтой тулгарч байдаг. Тэд уг асуудлыг даван туулах өөр өөрийн аргатай байдаг. Бат бэх гэр бүлийн гишүүд бэрхшээлээс гарахын тулд улам нягтарч, хүчээ нэгтгэдэг. Тэд хэн нэгнийгээ буруутган хэрүүл шуугиан дэгдээхийн оронд үүнээс гарахын тулд ямар алхмуудыг хийх талаар төлөвлөж гэр бүлийн гишүүн бүр “,, би үүнд яаж тусалж чадах вэ, надаас шалтгаалах ямар зүйлс байх билээ“ гэсэн сэтгэлээр хандацгааж асуудлыг даамжирч газар авахаас өмнө “санаачилгыг гартаа авч” шаардлагатай үед яаралтай хариу арга хэмжээ авч чаддаг. Эдгээр зургаан шинжийг гэр бүлийн харилцаандаа шингээхэд тийм ч хэцүү бус хамгийн энгийн аргууд юм.

  • Гэвч эдгээр шинж алдагдсан гэр бүл цөөнгүй байдаг. Яагаад алдагдсан байдаг юм бол?
  • Бүгдээрээ дор бүрийнхээ амьдралаа эргэцүүлэн бодъё. Танай гэр бүлд эдгээр шинжүүдийн аль аль нь байдаг вэ?
  • Хэрэв эдгээр шинжүүд алдагдсан бол хэрхэн яаж нөхөн сэргээх вэ?

Хамгийн түрүүнд хийх алхам бол эдгээр 6 шинжийг сайтар ойлгож, ач холбогдлыг нь ухамсарлах хэрэгтэй юм.

Бат бэх гэр бүлийнхэн ялангуяа малчин гэр бүлийнхэн цаг агаарын хатуу ширүүн уур амьсгалыг даван туулах тэсвэр хатуужил, уян хатан чанарыг эзэмшсэн байдаг. Хүчирхэг гэр бүлийнхэн гамшгийг тахийж, нугаран байж үлддэг газартаа бат бэх үндсээр бэхлэгдсэн бүдүүн мод мэт сөрөн зогсож, ноён нуруугаа алдахгүй үлдэж чаддаг.

Гэр бүл бүрд л ямар нэгэн асуудал, зөрчил байдаг.Өвчлөл, ажилгүйдэл, архидалт, гэмтэх, хайртай хүнээ алдах гэх мэт. Хэн ч хайртай хүнийг авч явах үхлийг ялж чадахгүй бусад зүйлсийг даван туулахад сэлбэж чаддаг. Тухайн тулгамдсан асуудлыг даван туулан нөөц боломжийг тооцон илрүүлж, түүн дээрээ хэрхэн “дөрөөлж” гарах талаар гэр бүлээрээ ярилцан арга тактикаа боловсруулна.

Эв нэгдэл муутай гэр бүл бэрхшээлийг сөрөн гаран чадвар сул байдаг тул гамшигт өртөн үндсээрээ булгаран унах мод мэт хямралын шуурганд нуран унадаг.

Бат бэх гэр бүлийн хувьд бэрхшээл тэдний амьдралын нэг хэсэг байдаг учир тайвнаар хүлээн авдаг.Иймд тэдний бэрхшээлийг даван туулах чадварт гайхах хэрэггүй юм.

Эвсэг гэр бүлийнхэн нэг нэгнээсээ заавал өөгүй тунгалаг байхыг шаарддаггүй. Нэгнийхээ бүтэлгүйтэл, сул талыг хүлээн зөвшөөрч, буруутгахын оронд “манай гэр бүлийн асуудал” гэж ханддаг. Тэд гэр бүлийнхээ хүрээнд туслахаас гадна шаардлагатай албан ёсны дэмжлэг хүсэж чаддаг.

Гэр бүлд тохиолдож буй асуудлыг жижиг том гэж ялгалгүй анхааралтай ханддаг. Энэ үед сэтгэлийн хямралд орох, уурлаж бухимдах, гомдох үе гардаг ч эерэг үр дүнд хүрэх шийдвэр гаргаж чаддаг.

Та гэр бүлийнхээ сайн сайхны төлөө юу хийдэг вэ? Хосууд гэр бүлийн хамтын амьдралыг зохиож, суралцаж, туршлагажсаар байдаг. Тэд Бат бэх гэр бүл болохын тулд ямар ямар чанарыг эзэмших хэрэгтэй болохыг хоорондоо ярилцан тохиролцож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн хүн бүр хичээхэд тийм ч хэцүү биш бөгөөд яваандаа тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг болон тогтоно.

  • Дараах асуултын ашиглан өөрсдийнхөө амьдралыг хэв маягийг эргэцүүлэн бодно уу?
  • Танай гэр бүлд бат гэр бүлийн ямар шинж чанарууд байна вэ?
  • Бат бэх гэр бүлийн ямар шинж хамгийн чухал вэ? Яагаад?
  • Та гэр бүлдээ өвөг дээдсээсээ ямар зан үйлийг өвлөн авсан бэ?
  • Танд үлгэр жишээ болсон хүн тань хэн бэ?
  • Тэр хүмүүс таны амьдралд ямар чухал нөлөө үзүүлсэн гэж та үзэж байна вэ?
  • Та цаашид ямар өөрчлөлт хийх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.