Туркээс ирсэн Монгол залуу: Тэнд олон Монголчууд над шиг боолчлогдож байгаа

Үе үе хоолой нь зангирах тэр залуу Турк улсаас ирсэн. Станбул хотод хэд хэдэн газар яг л боол мэт ажиллажээ. Харин түүнийх нь төлөө туркууд нэг ч төгрөгний цалин өгөөгүй.

“Би Монгол хүн. Элэг нэгт Монголчууддаа дамлан зарагдсаар эцэст нь арайхийн нутагтаа ирлээ” хэмээн тэрээр ярьсан юм.

Эрчүүдийг ажлын мал мэт зүтгүүлж, үргэлж зодож нүддэг бол Монгол эмэгтэйчүүд тэнд харийнхны өврийг дулаацуулж, нутагтаа хэрхэн буцахаа мэдэхгүй уйлж суугаа гэлээ.

Хэрэв уншигч та “Туркэд өндөр цалинтай ажилд оруулж өгнө” гэсэн зарын дагуу утсаа шүүрч авсан бол эхлээд энэ ярилцлагыг заавал уншаарай.

Ярилцагчийн хүсэлтийн дагуу түүний нэрийг нууцаллаа. “Над шиг зовсон олон хүнийг нэгээр ч болсон нэмэхгүйн тулд ярилцахыг зөвшөөрсөн шүү” хэмээн тэрээр хэлсэн юм.

-Турк явахаар зэхэж буй олон хүмүүст сэрэмжлүүлэг болгож ярилцахыг зөвшөөрсөнд тань баярлалаа. Анх хэдүүлээ тус улсыг зорьсон бэ?
-Бид олуулаа явсан.

-Та нарыг ямар хүн зуучилсан бэ. Эсвэл компанийн нэрээр явсан юм уу?
-Хувь хүн явуулсан. Төмөр замын вокзалын билетийн кассанд суудаг нэг эгч биднийг зуучилсан юм. Олон хүний гар дамжсан л даа. Нэг бүсгүй дүүгээ явуулсан. Дүү нь тэнд дажгүй цалинтай ажилд ажиллаж байгаа гэхээр нь итгэсэн.

-Очих газраа судлаагүй хэрэг үү?
-Олон янзын сайхан ажил байгаа. Их өндөр цалинтай гэж ирээд ажлын талаар гоё гоё юм ярьсан. Түүнд нь л итгээд явчихгүй юу. Гэтэл очоод онгоцны буудал дээр тосоод л аваад явчихсан. Аваачсан газраас нь туркууд хэд гурваараа ирээд дагуулаад явчихсан. Хэл мэдэхгүй хүмүүс чинь дагаад явахаас өөр аргагүй. Тэнд тийм ажил байна. Тийшээ явъя гээд дагуулаад байх шиг байсан.

-Та тодорхой ярихгүй юу?
-Туркт очиход Оросоор дамждаг. Биднийг Оросын онгоцны буудалд хүн тосоогүй. Тэндээсээ Туркийн Станбул руу шууд ниссэн. Тэнд нэг Монгол залуу тосч авсан. Биднийг нэг жижиг өрөөнд оруулаад “Эндээ хэд хоног амарчих. Би ирээд авъя” гэсэн. Бидэнд олон үйлдвэр танилцуулаад, тэр нь ийм цалинтай, энэ нь тийм гээд их л үнэмшилтэй тайлбарласан. Бид ажиллах газраа сонгоод бичиг баримтаа тэр залууд өгсөн юм. Гэтэл нөгөө залуу тэр чигээрээ алга болсон. Биднээс ажилд оруулж өгсний хөлс гэж Монгол мөнгөөр хүн тус бүрээс 300 мянган төгрөг авсан. Бид ч хаашаа хандахаа мэдэхээ байгаад ойр зуур гарч эхэлсэн. Тэгсэн нэг Монгол залуу таараад ажилд оруулж өгье гэсэн. Төвөөсөө зайтай нэг үйлдвэрт биднийг аваачсан. Ажилд оруулсны хөлс гэж нөгөө 300 мянгаа бас л авсан.

-Тэр үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн юм уу. Ажлын нөхцөл ямар байсан бэ?
-Үнэхээр дарамттай байсан. Гадагшаа гарах эрхгүй, утсаар ярьж болохгүй. Өглөөний найман цагаас шөнийн 12 хүртэл ажиллана. Хандах хүнгүй болохоор гарахад хэцүү. Дээрээс нь хэл мэдэхгүй. Хэрэв ажлаа муу хийвэл зодно. Туркууд олуулаа ирээд л зодчихдог.

-Эсэргүүцэж болдоггүй юм уу?
-Хэрэв нэгнийгээ өмөөрвөл бас л зодуулна. Туркуудын дургүйг нь хүргэвэл буудуулж ч мэднэ. Өөрсдөө дандаа буутай. Хар тамхи их хэрэглэдэг. Их хэрцгий хүмүүс байна лээ. Хүн зодохдоо дандаа хоёр чих рүү төмрөөр цохидог. Ажилчид нь дарга нартайгаа нийлээд л зоддог юм.

-Та хэр зодуулсан бэ?
-Би гурван удаа зодуулсан. Одоо хоёр чих юм сайн сонсохгүй байгаа.

-Үйлдвэрийн ажилтан зодуулаад бие нь муудвал яах вэ. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үү?
-Тэр хүмүүст ямар ч хамаа байхгүй шүү дээ. Эмнэлгийн тусламж авна гэж горьдоод ч нэмэргүй.

-Тэгээд зодуулаад үхвэл яах вэ?
-Яах ч арга байхгүй. Туркэд олон Монгол хүн үхсэн гэсэн. Тэдний араас хүүе хаая гэх хүн байхгүй. Гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй. Тийм болохоор туркуудэд үхнэ үү байна уу ямар ч хамаагүй. Хэрэв зодуулаад үхвэл далай руу шидчихнэ, эсвэл булчихна. Үнэхээр айж л ажиллахгүй бол хүний амь тэнд юу ч биш.

-Цалин өгсөн үү. Монголчуудаас гадна өөр орныхон байдаг уу?
-Хэдэн харууд байсан. Цалин гэж нэг ч төгрөг өгөөгүй.

-Тэгэхээр та нарыг нэг ёсондоо боолчилсон гэсэн үг үү?
-Үнэхээр боолчлол л гэсэн үг. Үйлдвэрийнхээ дээд давхарт умгар өрөөнд биднийг байлгадаг байсан. Унтах ор ч байхгүй. Шөнөдөө ширээн дээрээ бүхлээрээ унтдаг байлаа. Өдөрт нэг хоол өгнө. Явах газар, хандах хүнгүй хүмүүс чинь өгдөг хоолонд нь л хоргоддог юм байна лээ. Ямар өлсөж үхэлтэй нь биш. Би явахдаа 82 килограмм жинтэй байсан. Ирэхдээ 60 болсон байна лээ. Гэхдээ миний ажиллаж байсан үйлдвэр арай гайгүй нь. Бас ч гэж хоол өгдөг. Барьцаанд орчихвол бүр хэцүү.

-Барьцаанд орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Намайг үйлдвэрт ажиллаж байхад ширээний хүүхэн хийдэг гээд нэг эмэгтэй өөр ажилд оруулж өгөхөөр болсон. Монгол хүн юм болохоор итгээд найзтайгаа дагаад явсан юм. Гэтэл үнэхээр аймшигтай газар аваачсан. Их л өндөр цалинтай, амар ажил гээд байхаар нь дагаад явсан юм. Манай үйлдвэрээс зайтай нэг фермерт очсон.

-Тэр нь ямар газар байсан юм бэ?
-Өглөө таван цагт босч 30 үхэрт өвс тавьж өгдөг. Дараа нь баасыг нь цэвэрлэнэ. Хамгийн гол нь их зэрлэг газар. Бид хоёрыг хааш нь ч гаргахгүй. Орой болохоор хашаанд машинтай туркууд орж ирээд өвсний сэрээ бариад хөөдөг байсан. Гурав хоног тиймэрхүү байдлаар амьдраад бид хоёр зугтсан. Шөнө гурван цагийн үед гараад хашаа даваад зугтсан. Явж байхдаа төөрөөд, маргааш нь бүтэн өдөр нэг нүхэнд нуугдсан. Тэгээд явж байж нөгөө үйлдвэрээ олж очсон доо.

-Монголчууд нэг нэгнийгээ туркуудэд зарчихдаг юм байна тийм үү?
-Миний бодлоор 4-5 таван жил тэнд амьдарч, хэл устай болчихсон Монголчууд нэг нэгнийгээ туркуудэд зарчихдаг юм байна лээ. Яаж ийж байгаад мөнгө олчихвол боллоо гэсэн бодолтой болчихсон юм шиг байна. Монгол хүнтэй таарвал үүнийг хаана хэнд аваачаад өгчих вэ гэж л юуны түрүүнд боддог. Туркууд ёстой аймшигтай. Олон таван юм ярихгүй. Дургүйг нь хүргэвэл шууд л буудна. Үнэхээр зэрлэг хүмүүс.

-Тэгээд та яасан бэ. Нөгөө үйлдвэртээ буцаад ажилласан юм уу?
-Тэндээ хоёр сар гаруй ажиллаад хэдүүлээ зугтаасан. Үргэлжийн мөнхөд зодуулаад байж чадаагүй. Оргож гарахад их хэцүү байсан. Ядаж л таксинд нь хэдэн буудал явахад манайхаар 30-40 мянган төгрөг хэрэгтэй. Дараа нь нэг муухан подваль олоод тэндээ 17 хоносон. Тэр өдрүүд бодохын ч аргагүй. Бид усанд гоймон чанаж идсээр байгаад ирсэн. Үнэхээр тэнд ажиллаж байгаа Монголчууд буцах зардалгүй тулдаа үйлдвэрийн хоолонд хоргодож, морь нохой мэт зүтгэж байгаа. Хэн ч тэнд тэгж амьдрахыг хүсэхгүй. Бүгд яаж нутаг буцах вэ гэж шаналж байна. Таарсан Монголчууд хүртэл нэгнийгээ дамлаад байна шүү дээ.

-Таны байсан үйлдвэрт Монгол хүн үлдсэн үү?
-Байгаа. Эрчүүдээс гадна эмэгтэй хүн ч бий.

-Турк дэх Монголын элчин сайдын яаманд хандаж үзсэн үү?
-Тэр нь Анкарад байдаг шүү дээ. Станбулаас 800 километр зайтай. Бид элчин сайдтай ярьж үзсэн. “Хүрээд ир цагаан хуудас өгье” л гэсэн. Бидэнд зардал нь байхгүй юм чинь яах ч аргагүй шүү дээ. Ямар сайндаа цагдаад нь баригдах гэж үзсэн. Уг нь баригдчихвал амархан буцааж магадгүй гэж горьдсон юм. Солонгост тэгдэг гэсэн. Цагдаагийн хэлтсийнх нь гадаа архи уугаад, шилийг нь шидээд байхад хөөж туугаад хавьтуулахгүй юм байна лээ.

-Цагаан хуудас авчихвал амархан буцдаг юм уу?
-Тэр нь их асуудалтай. Визийн хугацаа нь хэтэрсэн Монголчуудад цагаан хуудас өгөөд Анкарагийн шүүхэд шилжүүлдэг. Дараа нь тэндхийн түр хоригдох байранд байрлаж, виз хэтэрсэн торгуулиа төлнө. 2000 ам.доллар. Тэр мөнгийг төлж чадахгүй шүү дээ. Миний сонссоноор хоригдох байр нь Монголчуудаар дүүрчихсэн. Хүлээн авах ямар ч бололцоо байхгүй гэсэн.

-Тэгээд төлбөрөө төлж чадахгүй бол байлгаад л байх уу?
-Гэрээс нь мөнгө ирэхгүй бол байлгаад л байна. Зургаа, долоон сар хоригдсон хүн байгаа гэж байна лээ.

-Хэрэв мөнгийг нь төлөөд нутаг буцъя гэвэл явуулна биз дээ?
-Зардалтай хүн байвал явуулдаг юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ мөнгөтэй ч хүн байна. Мөнгөгүй ч хүн байна шүү дээ.

МОНГОЛ ОХИДУУД ТААРАЛДААД “НАМАЙГ АВРААЧ” ГЭЖ УЙЛДАГ

-Туркэд гайгүй ажил төрөлтэй Монголчууд хэр олон байна?
-Их цөөхөн байх. Бүгд хүний дарамтанд байгаа. Миний сонссоноор 3000 Монгол иргэн байдаг гэсэн. Дандаа л яаж харих вэ гэж шаналсан хүмүүс. Үйлдвэрийн эзэд нь Монголчуудыг ажилд сайн болохоор цалингүй боолчлоод байлгах санаатай. Нэг ёсондоо хүний наймааны сүлжээнд манай иргэд автчихсан байгаа.

-Эмэгтэйчүүдийн хувьд бүр хэцүү байдаг байх нь ээ?
-Манай үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд их дарамтанд байсан. Гаргахгүй, хэнтэй ч утсаар яриулахгүй.

-Хүчирхийлэх үү. Бэлгийн дарамт гэсэн үг л дээ?
-Тэр бол наад захын жишээ. Нэг нэгээр нь дуудаад л аваад явдаг. Хэрэв бид эмэгтэй хүнийг өмөөрвөл зодно. Буудчихаж ч магадгүй. Хэрэв тэдний хий гэснийг хийхгүй л бол шууд ална. Бидэнтэй ажилладаг Монгол охиныг оройд дуудаад аваад явчихдаг байсан. Маргааш нь үс нь сэгсийчихсэн ороод ирнэ. Бид нарт юу ч ярихгүй. Хамаагүй юм яривал алчихна. Ойлгомжтой шүү дээ. Өмөөрөх ч эрхгүй. Тийм чадал ч байхгүй.

Би Станбулд нэг Монгол эмэгтэйтэй таарсан. Энд хүүхдүүдээ нөхөртөө орхиод ажил хийх гээд явчихсан юм билээ. Гэтэл Монголчууд зараад, дараа нь туркууд зараад замаа алдсан байсан. Надад зовлонгоо яриад л, уйлаад л байсан. Уг нь турк хэл овоо сурчихсан байна лээ. Тэнд есөн сар болж байгаа гэсэн. Яаж буцахаа мэдэхгүй байна гээд зөндөө уйлсан. Тийм Монголчууд их байгаа. Залуухан охидууд “Намайг авраач” гээд уйлдаг. Ажилд оруулна гэж дагуулж яваад л туркуудэд зарчихдаг гэсэн. Лалын шашинтай орон болохоор хүмүүс нь их хэрцгий. Ер нь энэ улс руу биднээс өөр хүмүүс амьдрал мөрөөдөж очдоггүй байх. Гарынхаа судсыг хэд хэд зүсээд цусаа сорцгоодог. Тэгж яадгийг нь мэдэхгүй юм. Хэрэв тийм хүмүүстэй таарвал бушуухан зугтахгүй бол өнгөрнө.

-Хууль, цагдаагийнхан байдаг биз дээ?
-Ер нь л их хэрцгий хүмүүс. Дэлгүүр таван алхмын зайтай байхад бид айгаад орж чаддаггүй.

-Тэндээс буцаж ирэхэд хэдэн төгрөг хэрэгтэй вэ?
-Дор хаяж 2000 ам.доллар хэрэгтэй. Гэхдээ хэл усгүй хүмүүс гэрийнхэнтэйгээ ч холбоо барьж чадахгүй шүү дээ.

-Манай Элчингийнхэн энэ талаар яагаад сэрэмжлүүлдэггүй юм бол?
-Турк яваад ямар ч ажил байхгүй. Тэнд очоод амьдрал байхгүй шүү гэж телевизээр гарсан юм шиг байна лээ. Өнгөрсөн зургадугаар сард. Манай Элчингийнхэн холбогдох яам тамгынхан бол анхааруулж хэлдэг. Хүмүүс зарын дагуу худал үгэнд итгэж явсаар хүний наймааны золиос болж байна.

-Таныг анх явахад энэ төрлийн зар хэр их байсан бэ?
-Би сонингийн зараар явсан. Тухайн үед олон зар байсан.

-Хэдэн төгрөгийн цалинтай гэж явуулсан бэ?
-Мянга гаруй ам.долларын цалинтай гэж хэлсэн. Хоёр гурван жил хүссэнээрээ ажиллаж болно. Цалин өгнө, хоол байр үнэгүй гэж худлаа яриад явуулчихсан. Бүр сайн ажиллавал 14 хоногт цалинг чинь нэмнэ гэж байгаа. Яг үнэндээ Монголчууд тэнд очоод ажлын боол болж, үйлдвэрийн өдрийн хоолыг горьдож гол зогоож байна.

-Цалин өгдөг үйлдвэр байх уу?
-Цөөхөн байх. Цалин авлаа гэсэн баяртай мэдээ би лав сонсоогүй. Дарамтлаад л байлгаад байдаг.

-Эмэгтэй хүмүүсийг зодох уу?
-Эрэгтэй, эмэгтэй хамаа байхгүй шүү дээ. Хар тамхиндаа мансуурчихсан хүмүүс яахаас ч буцахгүй. Би Монголдоо ирсэндээ л баяртай байна. Над шиг битгий гэнэн зан гаргаасай гэсэндээ энэ бүхнийг ярьж байгаа юм шүү.

-Гэрийнхэндээ энэ талаар хэлсэн үү?
-Олон юм ярьж чадаагүй. Анхнаасаа зөрүүдлээд явсан хүн одоо юугаа ярих вэ дээ. Тэнд Монголчууд үнэхээр зовж байгаа. Биеэ үнэлэлт, хар тамхины хэргүүд их гардаг. Оройн цагаар Монгол эмэгтэйтэй
цуг явж байвал машинаа зогсоогоод булаагаад л аваад явчихна. Хэрэв тэмцэх гэж оролдвол шууд л буудуулна. Орой гэрээсээ цухуйлтгүй газар. Хүний амь юу ч биш. Хайхрах газар байхгүй. Хандах хүн байхгүй. Хэндээ ч хандах билээ дээ.

-Тэнд амьдралын өртөг өндөр гэж сонссон юм байна?
-Туркэд ажил хийж мөнгө олно гэж горьдолтгүй. Тэнд амьдрал мөрөөдөж очих хэрэг байхгүй. Мах нэг килограмм нь 40-50 мянган төгрөг. Идэж уух зүйл нь маш үнэтэй. Цагаан будаа нь 3000 төгрөг.

-Та халаасны мөнгөтэй яваагүй юм уу?
-Өртөг нь өндөр болохоор дорхноо дууссан, Энд арван мянган төгрөгөөр сайхан хоол идчихнэ. Тэнд бол 40-50 мянган төгрөгөөс наашгүй шүү дээ. Автобусаар явахад 1500 төгрөг. Такси нь таван буудал яваад буухад арав гаруй мянгыг нэхэх жишээний. Яаж нутаг буцах вэ гэсэн хүмүүс л их таардаг.

-Ард иргэдийнх нь зан харьцаа хэр вэ. Дандаа алж хядсан зэрлэг хүмүүс байхгүй байх?
-Гайгүй хүмүүс байлгүй яахав. Гэхдээ гадаадынхныг харахаараа үхэр үзсэн юм шиг л байдаг. Тойрч зогсоод татаж чангаагаад, юм асуугаад бөөгнөрчихнө. Сахал үстэй хүмүүс л байдаг юм. Ирак, Иран шиг юм уу даа.

БИ ЖАРГАЛААСАА ӨӨРӨӨ ЗУГТСАН ЮМ. МИНИЙ ЯВДЛЫГ БҮҮ Л ДАВТААСАЙ

-Таныг явуулсан эмэгтэйг одоо таних уу?
-Танина. Болбол нэг очиж хармаар байна. Нөгөө газраа байж ч магадгүй.

-Ямар боловч таны ярилцлагыг уншаад ийм төрлийн зар руу хүмүүс утасдахгүй гэж найдаж байна?
-Тэгэх байх аа. Хэрэггүй л тийшээ явлаа гэж бодож байна. Ах нь энд сайхан ажил төрөлтэй байсан. Ер нь тэнд боолчлогдож байгаа Монголчууд энэ нийгмийн золиос шүү дээ. Хэрэв эх орондоо хангалттай цалинтай байсан бол хэн гадаад орон руу амьдрал горьдож явахгүй байх. Энэ ярилцлагыг уншсан ядаж арван хүн явахаа болих байх аа. Турк руу хүн гаргадаг, өөрөөр хэлбэл наймаалдаг сүлжээ бий болчихсон юм байна. Би тэр сүлжээнд ороод гарлаа даа.

-Монголчууд тэнд хүний наймааны золиос болсоор байгаа юм байна?
-Тийм ээ. Нэг хүн аваад нөгөөд зарчихна. Хэн ч түүнийг тоохгүй. Мэддэг хэрнээ яах ч аргагүй. Мөнгөтэй байсан ч яаж автобусанд суухаа мэдэхгүй шүү дээ. Над шиг л бусдад итгэж тийшээ битгий яваарай. Маш их дарамтанд байлаа. Хурдхан шиг Монголдоо очих юмсан гэж бодож байлаа. Амьд үлдсэндээ баярлаж байна. Миний найз тэнд үлдсэн. Одоо хаана яаж амьдарч байгаа юм бол гэж дандаа бодох юм. Монгол эмэгтэйг гудамжаар явж байхад нь машинтай аваад явахыг харсан. Төв гудамж бараадаж явахгүй л бол аюултай. Тэнд байгаа Монголчууд шоронд нь байж байгаад ирсэн нь хамаагүй дээр гэж ярьдаг.

-Энэ улс руу албан ёсоор зуучилдаг байгууллага байдаг юм уу?
-Байхгүй байх. Хувь хүмүүс л ингэж байгаа. Тиймээс “Турк руу өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн заранд битгий л итгээрэй. Би нутагтаа сайхан амьдарч байсан. Жаргалаасаа зугтсан хүн. Их л сайхан гадаад оронд амьдардаг хүн болж хөөрцөглөөд л. Юугаар дутсан гэж тэгж явснаа ойлгохгүй юм. Үнэхээр харамсч байна даа.

ХАРЬ НУТАГТ БООЛЧЛОГДОЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭНЭЭ МАРТАХГҮЙ ЮМСАН

Туркээс ирсэн энэ залуугийн яриаг уншаад тэнд ажиллахаар явсан охид, хөвгүүдээ эх орон нь, ээж аав нь эргэн нэг сураглаад үзээрэй. Өдгөө 3000 орчим хүн тус улсад ажиллаж байна. Тэдний хэд нь нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр энэ залуу шиг боолчлогдож, хэдэн бүсгүй гар дамжин зарагдаж байгаа бол.

Сонин хэвлэл, телевиз, радиогоор өдөр бүр цацагдаж буй “Өндөр цалинтай” гэсэн улиг болсон үгэнд битгий итгээч хүмүүс ээ. Энэ бүхний цаана хүн хүнээ наймаалдаг сүлжээний бизнес хөгжсөн юм биш үү. Үүнийг гэрчлэх хүмүүс эхнээсээ ийнхүү ирж байна.

Энэ залуутай адил Турк улсад ажиллаж байгаад эх орондоо ирсэн хүмүүс бидэнтэй холбоо барихыг хүсье. Таны араас хэн нэгэн эмгэнэлт хувь заяаг тань давтахаар утасныхаа товчлуурыг дарж байгаа. Тус улсад одсон хүү, охинтойгоо холбоо барьж чадахгүй байгаа аав, ээжүүд мөн бидэнд хандаарай. Хамтдаа харь орноос тэднийгээ нэхэцгээе. Хүний нутагт боолчлогдож байгаа Монгол иргэнээ мартахгүй юмсан.

Б.Солонго

8 Comments

  1. asa says:

    ene hudlaa bizdee te iim yum bwl yag hun ywaach kk, hudlaa iim yum taraaj amindaa hyatadiig uzen yaddag shig yum bolgoh gd bgn bhdaa.

  2. bat says:

    Монгол хүн болж өгвөл лалын орнууд манай хоёр хөрш болон бусад эвгүй улс руу битгий яваачээ эх орон сайхан шүү дээ

    Туркууд бол хог новш тэд хүн биш тэднийг хүний наймаа кино шиг өөрсдийг нь устгах хэрэгтэй

  3. hmm says:

    Монгол хүүүхнүүд дээр цувардаг юм бишүү баахан Туркууд.

  4. man says:

    Туркуудыг Европын хужаа гэдэг шүү дээ. Бидэнд эх орон шиг сайхан юм хаана байна. Цалин багатай ч эх орондоо ажиллаад амьрдаад болоод байхад юунд тэр тамын орон руу зүглэнэ вэ. Улс төрчдөөсөө авахуулаад хүний ар нуруу руу хутга зоодог хүмүүс. Оросууд харин яагаад энэ улсыг уучилж холбоогоо сайжруулсан юм. Дээр нь бас эмэгтэй хүнийг дорд үздэг лалын шашинтай. Ирак, Сирид үүрлээд байсан алан хядагчид бүгд энэ Туркээр дамжиж очицгоосон байдаг.Өнгө мөнгөний аймшигт хар талыг тод харуулсан тамын орон руу битгий зүглэцгээ монгол ахан дүүс минь

  5. хүү says:

    дайн байлдаантай сири мирииюйн дүрвэгсэдтэй адил зиндаанд очно гдг арай л бгаам шүү

  6. George says:

    Shaaj ogchee bi istanbulaas mongold ireed 7l honoj bna yah gej ingej bichdiin haha eleg tatlaa… ymar ch gazar adilxan shde ajilgui bol amidralgui…. ajil hiiiwel saixan amidrana… ene delhiiid uh eswel amidar gsen huuli l baigaa lol

  7. ZiPD@ says:

    Ee pizda, Turkey muu novshnuud bol lalariin, novshiin, hogiin, oodgui muu teneg pizdakuud bna daa, tend bgaa MGL pizdakuud ch gesen yamar ontsgui, muuhai, lalariin, novshiin pizdakuud ve, amia bodson, huvia hicheesen, aminchhan uzeltei, umhii muu hujaa teneg pizdakuudaas iluu doloon dor boltson, hun sug, adgiin shaar muu teneg, malnaas doloon dor novshiin pizdakuud baidag bolj dee pizda gej…..!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.