БИ Ч БАС ХАЙРЛАЖ, ХАЙРЛУУЛАХ ЭРХТЭЙ…

Би 18 настайдаа авто машины осолд орж, тэр өдрөөс хойш амьдрал минь огт өөр замаар эргэсэн. Өнөөдөр би 39 насны босгон дээр ирчихээд байна.

Анхны жилүүд… үнэхээр хэцүү байсан. Биеийн өвдөлтөөс илүү сэтгэлийн шарх гүн байж, би олон жилийг гутрал, ганцаардал дунд өнгөрөөсөн. Өдөр хоног урсаж л байсан ч, дотор минь цаг зогсчихсон мэт. Харин 30 нас гарч байж л хувь тавилан гэдэгтэйгээ бага багаар эвлэрч, амьдралыг дахин шинээр харж сурсан.

Би сурахыг сонгосон. Өөрийгөө орхихгүй байхын тулд номтой нөхөрлөж, боловсролд бүх амьдралаа зориулсан. Эцэст нь дээд боловсрол эзэмшиж, өөрийн гэсэн ажилтай, нийгэмд байр суурьтай болж чадсан. Энэ бол миний бахархал. Гэхдээ… миний хувийн амьдрал тийм биш.

18 нас хүртлээ би “хамгийн хөөрхөн охин” гэж дуудуулдаг байлаа. Хөвгүүд араас гүйж, анхаарал халамжинд умбаж өссөн. Харин тэр бүхнээс хойш… эрэгтэй хүний гарт хүрэх нь бүү хэл, сэтгэлээ нээж, энгийн яриа өрнүүлэх ч боломж надад олдоогүй.

Би одоог хүртэл хэзээ ч хүнтэй унтаж үзээгүй. Нэг хэсэг би өөрийгөө ойлгохгүй үе байсан. Бие минь өөрийн эрхгүй эрэгтэй хүнийг хүсэж, дулаан тэврэлтийг мөрөөддөг болсон. Тэр болгонд би өөрийгөө барьж, анхаарлаа өөр зүйл рүү чиглүүлдэг байлаа ном уншиж, хичээлдээ шамдаж, бодлоо сарниулдаг байсан.

Гэвч он жилүүд урссаар… Одоо нас нэмэгдэхийн хэрээр бие махбодь хүртэл өөрчлөгдөж эхэлж байна. Сарын тэмдэг алдаг оног ирэх болж, заримдаа “би эрт цэвэршилтэд орж байгаа юм болов уу” гэж бодогдоно. Эсвэл… зүгээр л хайр, дотно харилцаа үгүйлэгдэж явсных уу би өөрөө ч мэдэхгүй.

Гэхдээ нэг зүйл тодорхой. Би бусдын адил амьдрахыг хүсдэг. Хүүхэд төрүүлж, ээж болохыг… Хэн нэгний энгэрт эрхэлж, дулаахан тэврэлтэд тайвшрахыг… Хайрлаж, хайрлуулахыг…

Энэ бүхнийг зүгээр нэг мөрөөдөл биш, зүрхний минь гүнд шатаж байдаг хүсэл гэж хэлмээр байна. Тиймээс л би энэ бүхнийг анх удаа зориг гарган хуваалцаж байна. Та бүхний бодол, зөвлөгөө, магадгүй зүгээр л сонсохыг хүсэж байна.

1 Comment

  1. баагий-1 says:

    сайн уу. бүсгүй минь амьд байх хамгийн сайхан… чи чадна…өөрийгөө хурдан нээ… битгий хойшлуул… чамайг байрлах… чамайг харж хамгаалах хайрлахыг хүсэж байгаа хүн байж л таараа… тэгээд хүүхэдтэй болохыг хүс… 60 хүрэхэд сайхан насанд хүрсэн хүүхэдтэй, хүүхдээ их сургууль төгсөхийг харж, гэрлүүлж байх болно… амжилт сайн сайхны ёрөөл хүснэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.