ХӨДӨӨ ӨССӨН ЭГЭЛ ЖИРИЙН ЗАЛУУ БАЙНА…

Энэ сайхан баяр наадмын мэнд хүргэе. Сэтгэлээ нээж, та бүхэнтэй илэн далангүй ярилцаж, чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм.

Миний өдрүүд сүүлийн үед яг л нэг хэвийн, уйтгартай өнгөрдөг болсон. Хаашаа ч ийш тийшээ явалгүй уджээ. Хэнтэй ч уулзахгүй, хэнтэй ч олигтой ярихгүй, зөвхөн гэр зуураа л ажлаа амжуулчихаад, гэртээ орж ирээд утас ухаж өдрийг өнгөрөөж байна. Би өөрөө их дотогшоо төрлийн хүн, өмнө нь хэнтэй ч амьдрал зохиож үзэж байгаагүй. Элдэв муу зуршилгүй, хөдөө өссөн эгэл жирийн л нэгэн залуу. Одоо үнэхээр ганцаардаж байна. Найз нөхөд ч алга. Энэ нийгэмд итгэж болохоор хүн дэндүү ховор болсон болохоор найз нөхөдгүй байх нь ч зөв юм уу гэж заримдаа бодох юм. Гэхдээ яг ганцаардаж туйлдаа хүрэх үедээ хэнд очиж, сэтгэлээ нээж ярихаа мэдэхгүй бас л сонин болчихдог юм байна.

Сошиал группүүдээс зөндөө олон хүний амьдралын зовлон, гачланг олж уншлаа. Эр нь ч, эм нь ч үнэхээр хариуцлагагүй байна шүү. Ханиа, үр хүүхдээ орхиод ингэж хүйтэн сэтгэлээр хандаж чаддаг хүмүүсийг хараад үнэхээр гайхдаг. Тиймээс одоо зөвхөн зөв, тулхтай хүнээ л олж суух юмсан гэж үхтлээ боддог болсон. Тэрнээс биш гэрлэчихээд ийм элдэв заваан асуудал гаргаад, бие биенээ зовоогоод байвал үнэхээр хэцүү юм байна.

Зөв бодолтой, зөв үйлдэлтэй, амьдралын төлөө хамтдаа зүтгэж чадах үнэнч шударга тийм хүмүүсийг ер нь хаанаас олж, заяаны ханьтайгаа танилцах ёстой вэ? Над шиг гэрээс гардаггүй, дотогшоо хүн яаж амьдралаа эхлүүлэх вэ? Надад сэтгэлээсээ зөвлөөрэй. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.