Сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе. Дотроо хуримтлагдсан сэтгэлийн хүнд ачаагаа өөр хаана ч нээж чадахгүй болохоор энд уудлан, зовлон нэгт бүсгүйчүүдээсээ тусламж, сэтгэлийн дэм авах гэж бичиж байна.
Би сургууль соёл, ажил карьер гэж зүтгэсээр хувийн амьдралаа хожуу эхлүүлсэн. 3 жилийн өмнө өөрөөсөө хэдэн насаар дүү залуутай гэрлэж, хагас жилийн дараа жирэмсэн болсон ч сар хагастай байхад нь өсөлтгүй гээд авахуулчихсан. Өмнө нь хэвлийдээ үр тээж үзээгүй байсан болохоор тэр богинохон хугацааны жаргалыг алдах надад дэндүү хүнд цохилт болж, маш их уйлж унжсан. Үүний дараа бүтэн жил эмнэлгээр явж, зөндөө эмчилгээ хийлгэсний эцэст дахин жирэмсэн болсон ч савандаа ороод 2 ч хонолгүй зулбачихлаа. Баярлаж хөөрч байсан нөхрийн минь нүдэнд гуниг сүүдэрлэхийг харах үхэхээс ч хэцүү.
Түүнээс хойш одоо бүтэн жил өнгөрөх гэж байхад дахиж жирэмсэн болсонгүй. Нас минь яваад байдаг, өтөлсөн ээж минь “Отгон охиныхоо үрийг л нэг үзчих юмсан” гэж сэтгэл зүснэ. Нэг хашаанд амьдардаг надаас дүү бэр маань хоёр хүүхдээрээ даажигнаж, надаар тохуурхана. Хадмууд манайхаар шагайх ч үгүй, хажуу айлд орж хүүхдүүдийг нь өхөөрдөн өнждөг нь үнэхээр гомдмоор. Би гэдэг хүн сар бүр “жирэмсэн болчихсон байх вий” гэж горьдлого тээсээр, элдэв эм тан уухаас айж, үс зүсээ ч будахаа байж, хоол их идсээр түрүү жилийнхээс 10 кг нэмэгдэж, зүгээр л царай алдсан бүдүүн гахай шиг болчихлоо. Нөхөр маань хүртэл миний таргалж, зүс алдсаныг гайхдаг болсон.
Сар бүр мөчлөг дөхөхөөр өдөрт 3, 4 удаа тест үзэж, сарын тэмдэг битгий ирээсэй гэж бурханд залбирна. Ганц хоёр хоног хойшлохоор л догдолж суугаад, яг ирэнгүүт нь тэр өдөржин утгагүй санагдаж, уур хүрч, уйлж, уумаар санагддаг. Саяхан үүнээсээ болоод хэд хоног пиво ууж нөхөртөө загнууллаа. Надад одоо энэ бүхэн тэсэхийн аргагүй бэрх байна. Амьдрал хүүхэдгүйгээр үнэхээр утгагүй, миний тэвчээр барагдаж гүйцлээ.
Надтай ижил зовлон туулж, үрээ хүлээж байгаа бүсгүйчүүд байвал зовлон жаргалаа хуваалцаж, нэгдэх юмсан. Ийм хэцүү үеийг давж гараад эх хүн болж чадсан хүмүүс байвал туршлагаасаа хуваалцаж, цаашид амьдрах эрч хүч хайрлаач.
Эцэст нь хэлэхэд, эмэгтэй хүний амьдралын гол утга учир үр удмаа үлдээх байдаг юм байна шүү, охид бүсгүйчүүд ээ. Алдаж ухаарсан хүний үгийг сонсож, үр хүүхдээ битгий авахуулж байгаарай даа.