Заг хүйтэн нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн өвчин гэж үздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus – Neisseria gonorrhoeae) илрүүлсэн.

Энэ өвчний халдвартай эрэгтэй хүнд шээхэд нь халуун оргих, өвдөж хорсох, шар ногоон өнгөтэй ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол эмэгтэй хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүйгээр бэлгийн замаар дамждаг өвчин юм. Заг хүйтэн нь дайны үед их тохиолддог байжээ. Цэргүүд болон тэдэнтэй холбогддог биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн дунд маш хурдан тархсан байна. ХХ зуунд дэлхийн 2-р дайны үед заг хүйтэн тахал шиг тархаж, дайны үеийн маш ноцтой асуудлын нэг болж байсан байна. Заг хүйтний эмчилгээнд пенициллиныг хэрэглэх болсноор энэ өвчний тархалт 1950-аад онд буурсан.
Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд энэ өвчин бараг бүрэн устах юм байна гэж боджээ. Гэтэл заг хүйтэн дахин дэлгэрчээ. Ийнхүү дахин дэлгэрэх болсны нэг шалтгаан нь бэлгэвчний оронд жирэмслэлтээс хамгаалах янз бүрийн шинэ эмийг хэрэглэх болсон явдал юм. Эдгээр эм нь зөвхөн жирэмслэхээс л хамгаалахаас бус бэлгэвчтэй адил бэлгийн замын элдэв халдвараас сэргийлж чадахгүй учраас ялангуяа эмэгтэйчүүд нэлээд халдварт өртсөн ажээ.
Шинж тэмдэг
Заг хүйтэн нь ихэнх тохиолдолд үтрээгээр бэлгийн хавьтал хийх үед халдварладаг. Заг хүйтний үүсгэгч гонококк нь эрэгтэйчүүдийн шээсний сувагт орж, гонококкийн гаралтай шээсний сувгийн үрэвсэл үүсгэнэ. Цусны цагаан эсүүд уг нянг устгахыг оролдох боловч удалгүй нянгууд тус саадыг давж гарна. Ихэнх тохиолдолд халдвар авснаас 5-7 хоногийн дараа шинж тэмдэг илрэх боловч заримдаа халдвар авсан эхний өдөр, эсвэл бүр 14 хоногийн дараа ч илэрч болно.
Эхэндээ шингэвтэр, салслаг ялгадас шээсний сүвнээс гарна. Нэг өдрийн дараа арай өтгөн цагаан, шаргалдуу туяатай эсвэл шар ногоон өнгөтэй ялгадас гарна. Энэ нь идээт ялгадастай төстэй байна. Шээсний сүвийн эргэн тойрон бага зэрэг хавдаж болно.