Гарын таван хуруу кинонд Шагдарыг явснаас хойш нэг их удалгүй Должин Сүрэн хоёр гэрийнхээ гадаа суугаад ярилцдаг. “Та дандаа л гадаа сууж байх юм. Арай аавыг хараад байдаг юм биш биз дээ? гэхэд Должин: “Аав нь ч ирэхгүй байхаа даа” гэж хариулдаг.
Киноны энэ хэсэг зөвхөн Шагдарыг хүлээж байгаа Должин гэхээс илүү салалтын дараах сэтгэл зүйг гаргасан байдаг.
Хүүхэдтэй болсон гэр бүл, эсвэл зүгээр л үерхэж байгаа хосуудын нэг нь салах шийдвэрээ гаргаад явахад үлдэж байгаа хүн нь нэг хэсэгтээ л сэтгэлийнхээ хашааны гадаа хайртай хүнээ харуулдаж суудаг. Хэзээ нэг өдөр хаалга дугараад ороод ирэх ч юм шиг, утасны дуудлага ирэх ч юм шиг санагдсаар л байдаг.
Явсан хүмүүс сэтгэл зүйгээ аль хэдийн бэлдчихсэн байдаг бол үлдэж байгаа хүмүүс ямар ч бэлтгэлгүй байдаг ба өөртөө энэ бүхэн жинхэнэ төгсгөл гэдгийг итгүүлэх гэж үйлээ үзэж маш их ядардаг.
Хайр гэдэг зүйлийг утга учиртай, хариуцлагатай томоор харж үнэнч байсан хүн нь ихэнхдээ хохирч үлддэг. Удаан хугацааны харилцааны дараа уналтын үе ирж хэсэг завсарлага авч, эсвэл хэсэг тусдаа байхдаа хамтын харилцаа хайрыгаа хөнгөнөөр бодож явсан хүн нь хэдхэн сарын дараа өөр хүнтэй хамт байх замыг сонгож чаддаг бол нөгөө хүн нь хичнээн шархалсан ч үлдэж хоцорсон газраа маш удаан хугацааны турш байсаар л байдаг. Тэд өөрийгөө өөр хүнтэй байгаагаар огт төсөөлөхгүй маш удаан хугацаа өнгөрдөг. Хэн нэгнийг хамгийн үнэнчээр хайрласныхаа төлөө тэр хэмжээгээрээ гэмтэж хоцордог нь харамсалтай.
SOURCE: Filmography