“Би янхан биш, гэрээний хүүхэн”

Сүүлийн үед шөнө оройн цагаар гэмт хэргүүд олноор гарах болсон. Энэ нь архидан согтуурах явдалтай холбоотой хэмээн цагдаагийн ажилтнууд үзэж байна. Нийт гарч байгаа хэргүүдийн 60 орчим хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг болох нь тогтоогджээ.

Архидан согтуурах явдал нь шөнө оройн цагаар шөнийн цэнгээний газрууд болон цаг ашиглалтын журам зөрчин ажиллаж, согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг газруудтай холбоотой хэмээн үзэж Нийслэлийн соёл урлагын газар,Эрүүгийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн хэмжээнд байгаа шөнийн цэнгээний газрууд болон тоглоомын газруудаар явж үйл ажиллагаанд нь шалгалт хийж эхэллээ. Энэ удаагийн шалгалт нь хоёр байгууллагын хамтран баталсан удирдамжийн дагуу дөрвөн чиглэлээр явагдаж байна. Үүнд, интернет тоглоом, караоке, биллярд, баар цэнгээний газрууд хамрагдахаар болжээ. Шалгалт энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэнэ. Тус шалгалтын явцаж одоогийн байдлаар олон тооны зөрчлүүд илэрээд байгааг нийслэлийн цагдаагийн газраас мэдээлж байна. Тухайлбал үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд цагийн хувиар гэдэг зүйлийг мөрдөж ажилладаггүй, дээр нь караокены газрууд нь өсгөгчийн ариутгал, байгууллагын тохижилт зэрэг дээр стандартын шаардлага хангахгүй байсан байна. Мөн дээр нь шөнийн цэнгээний газарт тайчдаг охид олноор бий болж, бүжиглэж буй охид үйлчлүүлэгчдийн биед хамаагүй хүрч, нүцгэн биеэрээ өвөр дээр суух нь халгүй байдалтай байжээ.

Энэ нь цэнгээний газрын дотоод журмыг илт зөрчиж байгаа хэрэг гэнэ. Уул нь журмандаа тайчигч бүжигчид үйлчлүүлэгчийн биед хүрч болохгүй, хувцсаа тайлж шидэж болохгүй гэж заасан байдаг байна. Шалгалтын явцаж дийлэн шөнийн цэнгээний газрууд тайчих үзүүлбэр үзүүлдэг боловч бүжигчдийнхээ ариун цэвэр, эрүүл мэндийн байдалд анхаарал үл тавьдаг нь илт байжээ. Жишээ нь шалгалтанд хамрагдсан газруудын 80 хувь нь дүүш, хувцас солих өрөө зэрэггүй байсан нь нийтлэг зөрчил байжээ. Эдгээрээс гадна өмнөх шалгалтаар зөрчилтэй гарсан газрууд зөрчлөө засаагүй, давтагдаж байсан байна. Мөн шалгалтын явцад байнга тайчих үзүүлбэртэй газруудад “Садар самуунтай тэмцэх тухай” хуулийг илтээр зөрчсөн зөрчилүүд илэрсэн байна. Тухайлбал “Сөүл” цэнгээний газрын бааранд тайчиж байсан охид ширээ дамжин үйлчлүүлэгчдийнхээ өвөр дээр хүртэл бүжиглэж байсан байна. Мөн тусгай өрөөнүүддээ ганцаарчилж бүжиглүүлдэг байна. Тус газар бүжиглэдэг охид зөвхөн хөхөвчөө тайлдаг гэж ярьж байгаа хэдий ч хувцасгүй нүцгэн байсан аж. Үүнийгээ үйлчлүүлэгчид хүчээр тайлуулдаг хэмээн тайлбарлаж байжээ. Түүгээр ч барахгүй үйл ажиллагааг нь хянах ямар ч багаж хэрэгсэл тухайн өрөөнд байхгүй байгаа нь өрөөнд ямар зүйл болж байгаа нь нууц аж. Мэдээжийн хэрэг садарлаж байгаа нь илт. Магадгүй тэнд хүчингийн хэрэг ч гарч байж болзошгүй юм. Мөн тус цэнгээний газар бүжиглэж байсан 10 охин биеийн байцаалтгүй байжээ. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар “Бид янхан биш, гэрээгээр ажилладаг” хэмээжээ. Цагдаагийнхы ярьж байгаагаар шөнийн цэнгээний газруудын энэ зөрчил нь бараг хэвийн үзэгдэл ажээ. Шалгалтынхан эдгээр охидыг түр саатуулан шалгаж байгаа гэнэ. Зөрчилтэй байгаа цэнгээний газруудад цагдаагийнхан хариуцлага тооцох аргагүй байдаг аж. Тэдэнд мэргэжилийн хяналтын газрууд л хариуцлага тооцож үйл ажиллагааг нь хаах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн шөнийн цагаар ажиллаж байгаа тоглоомын газруудад мөрийтэй тоглох явдал илэрсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон хуулийн заалт байдаг. Үүнийг илтээр зөрчсөн зөрчлүүд илэрсэн байна. БНСУ, Япон улсын иргэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар казино ажиллуулж байсан хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн байна. БНСУ-ын иргэн Шим Сён Сёл, Ча Сү Хюн нар нь Монгол улсад интернет мөрийтэй тоглоомын хууль бус сүлжээ байгуулан ашиг орлого олж, удирдан зохион байгуулж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Байдлыг газар дээр нь шалгах үед захирал, зохион байгуулагч, программист, хөзөр холигч, диллер нарын 18 хүн ажиллаж байсан төдийгүй нэг ширээн дээр нэгээс 2000 долларын бооцоо тавигдсан байжээ. Уг хууль бус мөрийтэй тоглоомын санхүүжилтийг Япон улсаас cap бүр явуулахын зэрэгцээ өдөрт хэчнээн төгрөгийн ашиг олсон болохыг мөн л Япон улсад төвлөрүүлэн тооцдог болох нь одоогоор тогтоогдоод байгаа гэнэ. Дээрх БНСУ-ын иргэд БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Канс ком” ХХК-ний байрны дөрөвдүгээр давхарт сүлжээний сервер компьютерээ байрлуулан ажиллуулж байсныг тогтоон, хууль бус орлого болох 2.100.000 төгрөг, хоёр ширхэг сүлжээний толгой компъютер, орлогын падан, холбогдох бичиг баримтуудыг хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн 40 мянгатад байрлах “Баам” нэртэй тоглоомын газарт нууц өрөө байсныг шалгалтынхан илэрүүлсэн байна. Эдгээрээс гадна БГД-ийн наймдугаар хороо, 11 дүгээр байранд байрлах “Эм Энд Эм” интернет кафе, СБД-ийн гуравдугаар хорооны 2а байранд байрлах интернет кафе зэрэг газрууд хамрагдан, интернетийн хууль бус казино ажиллуулдаг байжээ. Мөн нийт 32 хүнээс тайлбар гаргуулан ХБГ-д материалжуулан шалгаж байгаа аж.

SOURCE: unuudur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.