Гэгээн хайрын өдөрт

e00007304

Бидний чадах хамгийн энгийн зүйл бол хайрлах бөгөөд хайрыг түгээх юм. Хайрлана, хайрлуулна гэдэг хамгийн том аз жаргал.

Тиймээс ч хүн төрөлхтөн сэтгэлийг нь тэжээн энэ хорвоог утга учиртай болгосон хайранд мэхийж гэгээн хайрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон буй за. Энэ удаагийн гэгээн хайрын өдөр Монголын уламжлалт сар шинийн баяртай давхцаж буйгаараа онцлог.

Бид дурлалт хосуудын баярыг гадны соёл хэмээн үл тоомсорлохоо хэдийн больж өргөн тэмдэглэх болсон. Ариун нандин хайрын үгээ сэтгэлтэй хүндээ илчлэхэд энэ өдөр яг тохирно.

Хамгийн романтик баярын домог
Дурлалт хосууд XVIII зуунаас гэгээн хайрын өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин уг баярын гарал үүслийн талаар бараг улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн домогтой. Манай эриний III зуунд Ромын хаан Клавдий III хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон зарлиг гаргажээ. Тэрээр гэр бүл дайн тулааны талбарт цэргүүд эрэлхэг зоригтой тулалдахад саад болж байна. Цэргүүд эзэнт гүрний алдар цуугийн төлөө бус гэр бүлээ хэрхэн тэжээхэд санаа тавьж байна гэж үзэж ийм зарлиг буулгажээ.

Гэтэл хааны зарлигийг Валентин хэмээх залуу лам зөрчиж, нууцаар дурлалт хосуудыг гэрлүүлсээр байсан аж. Энэ тухай сонссон эзэн хаан маш их хилэгнэж ламыг баривчилж, цаазаар авах тушаал буулгасан гэдэг. Харин шоронгийн хуягийн охин залуу ламтны эрэлхэг зоригийг биширч улмаар түүнд дурлажээ. Валентин ч бас охинд ухаангүй дурласан гэдэг. Тэд уулзах аргагүй тул үргэлж захидлаар харилцдаг болжээ. Харин МЭ 269 оны хоёрдугаар сарын 14-нд Валентин цаазаар авахуулахын өмнө хайртдаа сүүлчийн зурвасаа бичиж “Валентинаас чинь” хэмээн гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш энэ өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Valentine’s Day хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартны нэрээр тэмдэглэх болсон байна. Түүнчлэн Ромын гэгээн Праксидисын сүм дэх Валентины шарилын дэргэд үнэнч хайрын бэлгэ тэмдэг ягаан буйлсны мод хавар болгон цэцэглэдэг байна.

Энэ баяраар өөрийн нөгөө хэсгийг олдог
Түүнчлэн өөр нэг домгоор бол дурлалт хосуудын баярын өдрийг эртний Ромын Lupercalia баяраас гаралтай гэж үздэг. Энэ баярын гол утга учир нь өөрийн нөгөө хэсгийг олох явдал юм. Иймээс баярын дараа олон гэр бүл шинээр үүсдэг байна.

Зарим нутагт бүсгүйчүүд хайрын зурвас бичиж, вааранд хийдэг. Эрчүүд сугалаагаар оногдсон бүсгүйгээ эргүүлж, хамтдаа баярладаг ажээ. Мөн эртний Грект тус баярыг мал, ой, тал хээрийн бурхан, хөгжилтэй, хүүхэмсэг Панурги бурхны баяр гэж үздэг байв.

Уг баяр нь эхлээд баруун Европоор тархаж сүүлдээ дэлхий нийтээр бүх хосууд тэмдэглэдэг болжээ. Бусад улс орнууд энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхуулъя.

Франц
Францчууд энэ өдрийг ихэд өргөн тэмдэглэдэг. Хосууд хайраа захиагаар илчлэн болзоонд урьж, уг өдрийг бүхэлд нь хайртдаа зориулдаг байна. Мөн ичиж зоволгүй олон нийтийн газар үнсэлцэх хосуудыг хэн ч хорьдоггүй. Харин ч тэдний ая тухтай байдлыг бодолцож шөнийн гэрэлтүүлгээ нэмэгдүүлдэг. Мөн шоколадаар янз бүрийн хэлбэртэй амттан хийж дурлалт хүндээ бэлэглэдэг уламжлалтай ажээ.

Америк
Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн үдэшлэг зохиодог байна. Америкчууд Гэгээн Валентины өдрөөр хэн нэгэндээ ил захидал өгч, түүнийгээ өөрийн хүссэнээрээ чимэглэдэг байна. (Далайн ургамал, хатаасан болон хиймэл цэцэг гэх мэтээр) Энэ өдөр бие биедээ цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолт, болон зүрхэн хэлбэртэй дэрний уут хийж бэлэглэдэг аж. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг гэж үздэг.

Тайвань
Гэгээн хайрын өдөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэгс болон, сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг аж. Тайваны заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг. Харин 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай. Тиймээс энэ өдөр сарнай цэцэг маш эрэлттэй байдаг аж.

Япон
Энэ өдөр эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ бэлэг өгдөг бол гуравдугаар сарын 14-нд эрэгтэйчүүд нь хариу бэлэг барьдаг байна. Япон бүсгүйчүүд өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хүзүүнд зүүж өгдөг нь “Би чамд хайртай” гэх утгатай ажээ. Түүнчлэн хайртай хүндээ зориулж зүрхэн хэлбэртэй шоколадыг өөрийн гараар хийж бэлэглэх нь хамгийн том бэлэгт тооцогддог ажээ.

Англи
Гэгээн хайрын өдөр Англид залуу хосууд бие биедээ зориулан хайрын үгтэй шүлэг, өгүүллэг бичдэг аж. Мөн хүүхдүүдийг дуу дуулуулж, чихэр жимс, мөнгө өгдөг байна. Харин залуу хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, цэцэг, шоколад бэлэглэдэг ажээ.

Нийслэл таймс

3 Comments

  1. vl medeh says:

    хайрлана гэдэг агууч
    хайрлуулна гэдэг бүүрч агуу тиймээ.
    хайрлуулж хайрлаж үзсэн бүх залуучууддаа мэнд хүргэ-дээ………

  2. монгол says:

    анх удаа л япончууд ороолт бэлэглэдэг гэж энэ сайтаас олж мэдлээ 8 жил японд амьдрахдаа. хаха

  3. erhemseg says:

    – Hair setgel ygyi bol ene horvoo yutai hatuu yutai gaslantai ve? Hairlaj durladag bolohoor l amidral amttai bdg gj boddog shyy! Bi hairtdaaa hairtai!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.