“Гуйя. Хамгийн сайн хүүхэд чинь байя, намайг битгий зодооч”

Энэ нийтлэлийг бичиж эхлэхээс өмнө танд нэгэн нууц дэлгэе. Нууц хэмээн сүржигнэхийн учир нь өмнө нь энэ тухай хэнд ч, юу ч хэлж байсангүй. Бас хэн ч надаас асууж байгаагүй юм. Харин одоо хэн нэгэнд заавал хэлэх хэрэгтэй гэж бодож байна. “Аав болсонд чинь баяр хүргэе. Хүүхэдтэй болох ямар байна. Баярласан сэтгэлээ анх яаж илэрхийлж байсан бэ” гэж ирээд л хүмүүс эрчүүдээс их асуудаг.

Харин тэд “Би аав боллоо” гээд хашгирсан. “Хөл газар хүрэхгүй гүйж явлаа”, “Нэг л мэдэхэд нэг давхраас таван давхарт гарчихсан байсан” гэж ирээд л хариулсан байдаг. Харин ээжүүд энэ асуултад юу гэж хариулдаг вэ. Магадгүй, хэн ч тэднээс ингэж асуудаггүй учраас тэд үүнийг зөвхөн өөртөө хадгалаад өнгөрдөг. Хүүхнүүд хүртэл хоорондоо энэ тухай ярьдаггүй. Ярьсан ч өвдсөн, зовсоноо яриад өөр бусдыг нь нууцалдаг. Би тэдний л нэг.

АЛДАХ ЭРХТЭЙ ХҮҮХЭД НАСЫГ ГООЧЛОХ Ч ХЭРЭГГҮЙ

Харин одоо танд үнэнээ хэлье. Би анх 26 настай ээж болж байлаа. Оюутны ширээнээс хөндийрөөд удаагүй. Гэр бүлийн амьдрал зохиогоод тусдаа ч гарч амжаагүй байсан үе. Амьхандаа л энэ бүхнээ цэгцэлчихээд хүүхэдтэй болно гэж бодож байсан. Гэтэл амьдрал миний төлөвлөснөөр болоогүй. Бурхан надад эрт бэлгээ хайрлачихсан. Тэглээ гээд би гомдоллоогүй. Харин ч баярласан. Яагаад ч юм бэ, түүнийг ирэхэд би нэг л их тайвширлыг олсон. Бас хэтэрхий их амар амгаланг мэдэрсэн.

Харин түүнийг төрөхөд, “Элдвийг ярьж сэтгэлээ уудлах ханьтай боллоо”, “Гараасаа хөтлөх үртэй боллоо” гэж баярласан. Орчлонгийн хамгийн баян хүн болчих шиг л санагдсан. Тэгээд бас түүнд өөрөөсөө ч илүү хайртай болсон. Дөнгөж төрсөн түүнийг нүцгэн цээжин дээр минь тавихад, тэр ямар их дуугаар ирснээ зарлаж байсан гээч. Би түүний цангинасан, час хийсэн дууг яг л сая сонссон юм шиг тод санадаг. Тэр үед би “Бурхан минь…чиний төлөө би бүхнийг хийнэ” гэж амласан. Одоо тэр доороо нэг дүүтэй. Том эгч болсон. Би түүнийг хэзээ ч загнаж, зэмлэж байгаагүй. Төрсөн цагаас нь хойш түүнийгээ би сэтгэлдээ дархалчихсан. Охиноо яг л бурхан шиг шүтчихсэн.

Хөөрхөн инээдийг нь сонсож, хөгжилтэй яриаг нь чагнаж, өөрийнхөө амьдралыг түүгээр чимж явахыг хүсдэг юм. Тийм болохоор би хүний, өөрийн гэлтгүй хүүхэд уйлахад дургүй. Жаргалаар бялхсан тэднийг уйлуулаад яах юм бэ. Загнаж, зандрах үе олон байсан ч тэдний нулимсыг үзэх хэрэггүй. Амьдрал угаасаа нэхэл хатуутай юм хойно. Болж бүтэхгүй олон зүйл тохиолдоно. Аргаа барахдаа тэд уйлж л таарна. Харин тэр үед хажууд нь хань болж, дэм болж явах юмсан гэж бодол дотроо эргэцдэг юм. Тэгээд ч эрх танхил тэдэнд нулимстай нүдээр хорвоог харж, хэн нэгнийг үзэн ядах зохихгүй. Хоёр жижигхэн гараараа нүүрээ даран мэгшиж, сэтгэл сэмэртэл цурхиран уйлах нь таатай сонсогдохгүй. Угаасаа алдах эрхтэй хүүхэд насыг гоочилох ч хэрэггүй. Тэд алдаанаасаа суралцаж, амьдралтай танилцдаг шүү дээ. Гэтэл хүн болгон ингэж боддоггүй бололтой.

ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ХҮҮХДҮҮДИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Хүүхдүүд уйлж байна. Хажуу айлын аав хүүхдээ зодож байна. Хорвоог таних гэж ядаж яваа, учир мэдэхгүй жаахан хүүгээ өшиглөж байна. Элдэв янзаар хараан зүхэж байна. Энд тэндгүй хөх няц болтол нь цохиж байна. Суран бүсээр хөөрхөн хонгон дундуур нь цус шүүртэл ороолгож байна. Тусламж эрэн чарлах хүүхдийн дууг тас, няс хийх тэр чимээ дарж ядан байна. Гудамжинд бас нэгэн ээж хүүхдээ алгадаж байна. “Чихэр нэхлээ” гэж ундууцан, чирч, гудчиж байна. Хүний юм шиг аашилж, “Хүүр минь” гэж дуудаж байна. Ядуу, гуцуу амьдралдаа түүнийг буруутгаж, “Үхвэл таарна” гэж адлаж байна.

Охид уйлж байна. Могжийсон жаахан гараараа нулимсаа арчин, нүүрээ халтарттал уйлж байна. Томчууд бид өдөр бүр, хаа сайгүй тааралддаг энэ дүр зургийг, энэ дуу чимээг хэдий болтол тэвчих вэ. “Бид эцэг, эхдээ тоосоо гөвүүлэн байж өдий зэрэгт хүрсэн” гэсэн өнөөх л хэнэггүй, тэнэг зангаараа дуугаа хураасаар, үл ойшоосоор байх юм гэж үү. Эсвэл хүүхэдтэй зүй бусаар харьцаж буй энэ үйлдэл ямар ч зовиур шаналгаагүй хэрэг үү. Тэгвэл хүүхдүүдээс энэ тухай асууя. Бие махбодын шийтгэл үнэхээр өвддөг үү гэсэн асуултад тэд өвддөг. Бие махбодыг өвтгөөд зогсохгүй сэтгэл зүрхийг ч бас шархлуулдаг гэжээ. Энэ чиглэлээр хийсэн олон судалгаа байна.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар хийгдсэн “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” гэсэн судалгааны явцад бүх төрлийн хүчирхийллийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай гэдгийг хүүхэд бүр хэлжээ. Тэд томчуудын хүлээн зөвшөөрч, тэр бүү хэл, байх ёстой зүйл мэт ханддаг хүчирхийллээс болж, бие махбод төдийгүй сэтгэл, зүрх өвддөг гэсэн байна. Үүнээс та санаа авахгүй байна гэж үү. Хүүхдийг эцэг, эхийн өмч хөрөнгө мэт үздэг байсан цаг аль хэдийн ард хоцорч, тэднийг өөрийн гэсэн эрхтэй хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг үе иржээ.

Тиймээс хүүхдүүд томчуудын л адил эдлэх ёстой бүх эрхийг эдэлнэ. Энэ эрх хүүхдийн амьдардаг гэрийн хаалганаас дотогш үйлчлэхгүй гэсэн үг биш. Нөхөртөө зодуулдаг эхнэрийг хуулиар хамгаалдагийн адил хүүхдийг ч бас гэртээ зодуурт өртөхөөс хамгаалах нь гэр бүлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг огт биш юм. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцид ч гэсэн дурьдсан байдаг. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүүхдэд томчуудаас ч илүү халамж, анхаарал хэрэгтэй. Бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүхэлд нь хориглоё. Холбогдох хууль тогтоомж, зүйл заалтуудыг өөрчилье.

Хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй бүх хүмүүст, тухайлбал, цагдаа, прокурор, шүүх зэрэг байгууллагад ажилладаг хүмүүст зөвлөгөө, сургалтаар дамжуулан энэ хандлагыг өөрчилье. “Хүчирхийлэлгүй хүүхдийн ертөнцийг бүтээе”. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг биднээс өөр хэн хамгаалах юм бэ?

БИ УГ НЬ ААВДАА ХАЙРТАЙ. ДААНЧ…

Орой болгон зурагт, радиогоор таагүй мэдээ дуулдаж байна. Хоёр настай жаахан охин жорлонд унаад хорвоогоос явчихаж. Хэдэн малаа бараадаж яваад, хүүхдүүд хээр осгоод үхчихэж. Харгис, хэрцгий хойд аавын гарт зодуур, доромжлолыг тэвчилгүй амиа егүүтгэж. Адгуусан хойд эцэгтээ хүчиндүүлээд хүүхдийг нь хүртэл гаргачихаж. Томчууд бидний тоомжиргүй зангаас болж хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхэд нас ийм хэцүү юм гэж үү. Хүзүүнээс нь зүүгдэж эрхэлсэн гэж боддог аавууд тэдэнд хэзээ ч хайр, халамжаа өгөхгүй. Халуун гараа сунгахгүй юм гэж үү.

Цагдаа илрүүлсэн цөөхөн хэрэг нь энэ. Цаана нь хэчнээн хүүхэд хүчирхийлэл дор амьдарч байгааг мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл тэдний амьдралд өөрчлөгдсөн зүйл алга. Хүүхдээ тэвэрсэн эх, дүүгээ дагуулсан хүүхдүүд хүйтэн цементэн дээр сууж, хоолойгоо сөөтөл өдөржин дуулж байна. Хотын гудамжинд, автобусны буудал болгон дээр таарч буй борог амьдралтай бяцхан жаалууд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, тоогоо нэмж байна. Өчүүхэн биедээ асар их ачаа үүрч, өөрөөсөө гадна өвчтэй ээж, балчир дүү нар, ажилгүй ах, архичин ааваа тэжээх гэж өдөржингөө ажил хийж байна.

Хүний гар харж яваа зарим нь “Хоол хийсэнгүй”, “Мөнгө олж ирсэнгүй”, “Амьдралд нэмэр болсонгүй” гэсэн шалтгаанаар зодуулж, “Үгэнд орсонгүй” гэж адлуулж, шөнө босч, шөрмөсөө таттал сандал өргөж байна. Тэд бусдын гарт (Аав, ээж гэж хэлэхээс татгалзав) боолчлогдсон хэвээр байна. Энэ тухай би танд хэдэн баримт дэлгэе. Саяхан би Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвөөр орсон. Тэнд хэн нэгнээс өөрийг нь өмөөрөх ийм байгууллага байдаг гэдгийг дуулсан хүүхдүүд ганц нэгээрээ, хоёр гурваараа, ээжтэйгээ эсвэл найзтайгаа ирж зөвлөгөө авдаг аж. Өдөрт дундажаар 5-6 хүүхэд энэ байгууллагаар үйлчлүүлдэг юм байна. Тус төвийн хаалга татахад долоо, наймдугаар ангийн болов уу гэмээр хоёр, гурван охин харагдсан.

Тэд бүгд өөр өөр газраас ирсэн бололтой. Зөвлөгөө өгөх өрөөний үүдэнд дугаар хүлээж, чимээгүйхэн толгой гудайлгаж суусан. Нэр, хаягийг нь нууцлана гэж амлан хэдэн зүйл асуулаа. “Х” гэх энэ охин одоо 13 настай. Нийслэлийн нэгэн дунд сургуулийн долдугаар ангид суралцдаг аж. Тэрээр хойд аав, төрсөн ээж, дүүгийн хамт амьдардаг гэж байв. Энд ирсэн шалтгаан нь “Х”-ын ээж хойд аавтай нь 2009 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эх, эцэг хоёр нь түүнийг үргэлж зоддог. Элдэв шалтаг хайж нүд үзүүрлэдэг, гутаан доромжилдог байсан. Тэдний энэ авир одоо ч үргэлжилсээр байгаа тухай тэр охин нулимс дуслуулан ярьж байсан.

Үргэлж нүүр, гэдэс рүү нь өшиглөж, үсдэж чирч, шалны мод, гурилын элдүүрээр зодож, цохидог байснаас охины биед ил шарх сорви зөндөө үүсчээ. “Х” одоо зөөлөн эдийн гэмтэлтэй, тархи толгой нь байнга өвддөг, гэдсээр нь хатгаж өвддөг. Үргэлж айдас, түгшүүртэй явдаг болсон байна. Түүний хойд аав охиныг “Ирээдүйн янхан гичий минь…” гэх зэргээр дарамталдаг, хэл амаар доромжилдог ажээ. Ийм шалтгаантай ирдэг хүүхэд олон байна. Мөн “Н” гэх 18 настай хүү ээж, дүүгийнхээ хамт амьдардаг ч архичин ээжийн зодуур, дарамтнаас болж наймдугаар ангиасаа сургуулиасаа гарчээ. Ээж нь түүнийг төрүүлж гаргасандаа өөрийгөө үргэлж буруутгадаг. Мөнгө олж, гэр бүлээ тэжээсэнгүй гэж агсам тавьж зоддог гэж байв. Үснээс нь үргэлж зулгаадаг болохоор үс нь халцарч, хуйх нь гарчээ. “Үхэж хорвоог цэвэрлэдэг болоосой” гэж хараадаг гэнэ. Зулбасга минь гэж дууддаг гэж байв. Энэ төвд ханддаг бяцхан үйлчлүүлэгчид бас бий. Тэд 2-4 насныхан.

Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгийн багш, хорооны нийгмийн ажилтан нар нь хүргэж ирдэг аж. Хүүхэд насны сүр нь дарагдсан, хэн нэгнээс айж бишүүрхсэн бяцхан амьтадаас энэ тэрхнийг асуух гэсэн боловч ярих хүн тун цөөхөн олдов. Өөрийгөө “Ц” гэж танилцуулах жаахан хүү “Би уг нь аавдаа хайртай. Даанч аав намайг зодоод байдаг юм. Яагаад зодоод байдгийг нь мэдэхгүй. Би аав, ээж хоёртоо дандаа л үнэнээ хэлдэг. Үгэнд чинь оръё. Хамгийн сайн хүүхэд чинь байя. Намайг битгий зодооч” гээд байхад тэд даанч намайг сонсдоггүй. Зодоод л байдаг” гэсэн юм.

“НАМАЙГ ЭДЭНТЭЙ БИТГИЙ ҮЛДЭЭГЭЭРЭЙ”

Томоогүй хүүхдүүдийн зовлон тоогоо алдах нь. Одоо яах вэ? Хүүхдийн байгууллагаас хийсэн хоёр жилийн өмнөх судалгааг олж харлаа. 2009 оны эхний хагаст 630 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөн шүүх эмнэлэгт ханджээ. Хүүхдүүдийн 620 нь 0-15 настай хүүхдүүд байгаа бол 2-4 насны 12 хүүхэд бусдад зодуулж, эд, эрхтэнээрээ хохирчээ. Гурав нь бэлгийн хүчирхийлэлд  өртсөн байна. Бас нэгэн таагүй мэдээ байна. Зодуурын цаана бэлгийн хүчирхийлэл нуугдаж байна. Бага насныхны ихэнх нь хойд эцгийн дарамтанд хамаатан садныхаа ахдаа болон ойр дотны танилдаа хүчиндүүлсэн байдаг юм байна.

Мөн өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөөд хүүхэд төрүүлэх явдал цөөнгүй гарчээ. Тухайлбал, бүл нэмэх гэж өргөж авсан охинтойгоо ээж, аав нь зүй бусаар харьцаж буй хэрэг орон нутагт багагүй гарсан байна. Хараад байхад ийм явдал хаа сайгүй гардаг бололтой. Хэдэн жилийн өмнө манай нутагт ч бас сэтгэл сэрдхийлгэм ийм хэрэг гарч байсан. Зүс таних айлын эгч хүүхэд тогтохгүй байна гэж олон жилийн өмнө нэг хүүхэд өргөж авсан гэдэг юм. Эрхдүүхэн өссөн тэр хүүхэд олон дүү дагуулсан.

Гэтэл эцэг, эх нь түүнийг тоохоо байчихсан. Сумын төв дээр эмээ, өвөө дээр нь аваачаад өгчихсөн. Сурсан, мэдсэн зүйлгүй тэр хүүхэд анги улирдаг болов. Түүнийг харах эзэн, хайхрах хүн байдаггүй байсан. Гэтэл сургуулийн амралт эхлэнгүүт л эцэг нь түүнийг хөдөө авч явах гэж зүтгэдэг боллоо. Охин хэчнээн дургүй байсан ч хонь хариулж, нэмэр бол гэсэн шахалтаар хөдөө явдаг болов. Гэрийнхэнтэй нь үлдээх гэхээр “Намайг эдэнтэй битгий үлдээгээрэй” гээд уйлдаг, аминчлан гуйдаг байсан. Тухайн үед хэн ч түүнийг сонсоогүй. Гэтэл сэтгэлдээ зовлон шаналал, айдас түгшүүр тээж явсан бяцхан охин жилийн дараа хонины бэлчээр дээрээс жирэмсэн болоод ирсэн.

Түүнийг эмнэлэгт хэвтэх үед нь эмч асууж, шалгаасаар аавыг нь буруутай гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаад мэдэгдэж, шоронд суулгасан. Одоо тэр гарсан хүүхдээ үздэггүй. Орон гэрээсээ дайжаад явчихсан. Хүүхэд нь бас тэнэмэл. Ээжийгээ хайгаад явчихсан. Сургуульд суугаагүй. Бичиг, үсэг мэдэхгүй. Одоо хэн ч тэднийг гэдэггүй. Тэр бүсгүй 30 орчим настай. Хүүхэд нь 15 настай. Монголд ийм жишээ дэндүү олон байна.

ЭЦЭГ, ЭХ НЬ ХҮҮХДЭЭ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

Аав, ээждээ гомдсон хүүхэд тэднийг хэнд “ховлох” вэ. Сэтгэлээ нээгээд ярьчих хүн байна уу? Магадгүй, хот суурин газраас хүүхдийн төлөө гэсэн нэр зүүсэн хэд хэдэн байгууллага “Хүүхдийн эрх” гэж хууль дүрэм ярьж гарч ирэх байх. Харин хөдөө бол үгүй. Хайгаад ч олдохгүй, тийм газар.

Мөн бодит амьдрал дээр иймэрхүү хуулийн зүйл, заалт зөндөө хирнээ ажил хэрэг болох нь тун ховор юм. Хэрэв бид нийгэмд ийм хандлага үүсэхээс өмнө тохирсон арга хэмжээг нь авч чаддаг байсан бол өнөөдөр хүүхдүүд ийм хүнд зам туулах уу? Тухайлбал, аав, ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар зааварчилгаа, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан бол… Эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авдаг байсан бол.

Тэдэнд зориулсан дэмжлэг туслалцааг цаг, тухайд үзүүлдэг байсан бол. Хүүхдийг зодох, доромжлох нь хууль бус зүйл гэдгийг хэлж ойлгуулсан бол энэ хүүхдүүд өнөөдөр “Алганы амт” үзэж, амьдрахгүй байсан ч юм билүү. Гэтэл төр энэ асуудлыг яаж зохицуулдаг билээ. Бас л хүүхдээ зоддог эцэг, эх шиг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх гэж оролддог. Тодруулбал, манай өнөөгийн нийгэмд хүчин төгөлдөр үйлчилж буй “Гэр бүлийн тухай” хуулийн “Эцэг, эх байх эрх хасах тухай” зүйл, заалтаар зохицуулах гэж оролддог. Ингэж болно гэж үү. Хүүхэд эцэг эхийнхээ хайр энхрийлэл дор, элэг бүтэн өсч торних ёстой шүү дээ. Тэгээд ч бурхнаас өгсөн бэлгийг хүчээр авч болно гэж үү.

ХҮҮХЭД БИДНИЙ ЮУ ХЭЛСНИЙГ БИШ ЮУ ХИЙСНИЙГ ДУУРАЙНА

Зодох нь хүүхэд хүмүүжүүлэх зөв арга мөн үү? гэж хүүхэддээ гар хүрдэг аав, ээжүүдээс асуумаар байна. Мэдээж, тэдний зарим нь “Эцэг эхийн зодуур хүнд хор болохгүй” гэх байх. Харин нөгөө хэсэг нь “Бид тэднийг сайн хүн болгож хүмүүжүүлэх гэсэндээ” ингэдэг гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Тэгвэл үр, хүүхдээ зодох нь хүмүүжлийн зөв хэлбэр мөн, биш эсэхийг та дараах судалгаанаас хараарай. АНУ-д 1500 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар эцэг, эх хүүхдээ зодох нь тэдний амьдралын туршид муугаар нөлөөлдөг. Хатуу гараар өссөн хүүхдүүд үеийнхнээсээ удаан хөгжиж, оюун ухааны хөгжил бусдаас сул, дорой болдог гэдгийг судалгааны дүн харуулжээ.

Айдас, түгшүүртэй явснаас, сэтгэл зүйн дарамтанд орсноос ийм байдал үүсдэг байна. Тэгэхээр хүүхдээ ухаантай хүн болгож хүмүүжүүлэх гэсэн ээж, аавууд маргааш хүүхэддээ дахин гар хүрч болох эсэхээ өөрснөө шийдээрэй. Харин одоо таныг гар далайх үед айж, сандрахдаа булан тохой руу гүйдэг. Бяцхан гараараа нүдээ дардаг. Өөрийгөө хамгаалах гэж өөдөөс чинь сарвалздаг өчүүхэн тэр амьтад юу боддогыг танд хэлье. “Хүмүүс хайрладаг хүнээ зоддог юм байна” гэж бодно. Бас танд гомдоно. “Та хүүхэд байхдаа бас л ингэж зодуулдаг байсан юм уу?” гэж асуумаар санагдана. “За, би том болох цаг ирнэ”, “Хэзээ нэг өдөр хариугаа авах цаг ирнэ” гэж хорсол өвөрлөсөн, бурууг сэтгэсэн олон янзын бодол төрнө.

Түүнээс хойш хүүхэлдэйгээ загнаж зодно, дараа нь ах эгч, дүүгээ, найзаа зодно, том болохоороо таныг дуурайсан хүчирхийлэгч гарч ирнэ. Өнөө таны сайн хүн болгож хүмүүжүүлэх гээд байсан хүү, охин тань аймхай, хулчгар, зориггүй, гөлөлзүүр, муу үйлээ нуумтгай, алдаа гэмээ бусад руу чихэмтгий, худал хэлдэг, амиа аргацаагч нэгэн болж өснө. Хүнийг хайрлах, зөв харилцах ёс суртахуун хэзээ ч түүнд төлөвшихгүй. Тэр хүүхэд насны бахархах сайхан дурсамжгүй хүн болно. Тэр үед та хүүхдээ яагаад ийм хүн болж өссөнийг, бас хэнээс ийм зан сурсныг гайхаад олохгүй.

Тэд яг л тань шиг асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг болно. Хэрэв та үр хүүхдэдээ уур бухимдлаа гарган гар хүрдэг бол хэзээ нэг цагт эргээд л тэр танд яг ингэж хандах болно. Учир нь хүүхэд томчууд бидний юу хэлснийг биш, юу хийснийг дуурайдаг шүү дээ. Тиймээс хүүхдийг хүчирхийллийн бус аргаар хүмүүжүүлье. Сахилга батыг хүчээр суулгах гэж оролцохоо болье. Айснаасаа болоод “сайн хүүхэд” мэт аашилж байгаа хүүхэд танд зодуулж, цохиулахаасаа айж байгаа болохоос биш таныг хүндэлж байна гэсэн үг биш. Тэд алганы чинь амтыг үзэхгүй гэхдээ яаж “аашлахыг” сурах гэж ядаж байгаа юм. Хүүхдийг гэр бүлийн орчинд нь яаж хүмүүжүүлэх вэ. Ямар аргыг хэрэглэвэл сайн хүн болгож өсгөх вэ. Хүүхдийг зодож, шийтгэх нь зөв арга мөн үү.

Б.Энхтуул
Зууны мэдээ

18 Comments

  1. Anna says:

    Тиймээ энэ бидний харадаг хэрнээ харахийг хысдгыи зүйлийг хэлсэн бн.. Би ч бас охинтой охин маани дөнгөж 2настай хая бухимдахаараа охинийхоо онжигон дээр нь цохиод авах үе бдаг. үүнийг уншаад бүр сэтгэл өвдчөхлөө. дахиж охиноо цохих, бүр загнах ч гүй гэж өөртөө амлий!. Нээрээ энэ тал дээр монгол чууд бид хэнэггүй хүмүүс шүү. Жирийн бүсгүй- хандхад нээрээ бид ямар нэг юм хийх хэрэгтэй. хийхдээ зүгээр нэг цаас биш жинхэнэ хүүхдүүдийн нулимсийг арчих юм хийх хэрэгтэй та нарт амжилт хүсий

  2. bay says:

    уншсан чинэ сэтгэл санаа нэг тиймэрүү болчихлоо 3 охиноо загнахгүй ээ

  3. bay says:

    уншсан чинэ сэтгэл санаа нэг тиймэрүү болчихлоо 3 охиноо загнахгүй ээ

  4. алтаа says:

    би хүүхэд гаргаж чадахгүй юм аа хүүхэд өргөж авах гэсэн юм надад туслаач надтай холбогдоорой 88666002

  5. lskdljf says:

    фф

  6. mmmmmm says:

    Mash zuv yum bichsen bna. Bi neg ohintoi haaya ohinoo zagnadag bas tsohiod avah ue ch bdag eniig unshaad ohinoo bur uruvdchihluu odoo ohinoo dahij hezee ch tsohihgui ee. Neeree l amidraldaa minii ohind uilah ue zunduu l garna tiim bolohoor yadaj bi ohinoo uiluulahgui baiya daa. Huurhun shuu minii ohin. Tsohihod ih l uvddug bsan baihdaa huurhii ohin mini eejiigee uuchlaarai

  7. naran says:

    Зүгээр нэг ТББ юм уу За гэж хэлье гэдэг дуу зохиогоод нэмэргүй л дээ. Гэр бүлийн тухай, эцэг эхийн хариуцлагын тухай бүлэг хууль гаргаж ардчилсан нийгэм мөн л юм бол заавал хэрэгжүүлж ажиллах нэн тулгамдсан шаардлага байгаа. Гэр бүлийн замбараагүй салалт, амьдралын ядуу зүдүүгийн золиосонд хүүхдүүд явдаг. Нэг их удахгүй сайндаа л 10 жилийн дараа бас нэг гэр бүлийн хүчирхийлэгч, салалтын эзэн болоод л амьдралд орж ирнэ шүүд эээ. Төрийн бодлого гэж байдаг юм бол юуны түрүүнд хүнээ бодмоор юм.

  8. jiriin busgui says:

    Роса-д Би хүүхдийн сайн сайхны төлөө санаа тавих боломжтой болохын тулд төрийн бус байгууллага байгуулж байгаа. Улсад бүртгүүлсэн боловч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Санаа оноо байвал jiriinbusgui@ymail.com хаягаар хандаж хуваалцаарай. одоогоор хийх ажлын төлөвлөгөөг цаасан дээр буулгаж байгаа. Хамтарч ажиллахыг хүссэн хэний ч өмнө хаалга нээлттэй. Баярлалаа

  9. Xongorzul says:

    -Uursdiinhuu boov,alnuudiig bodood ur huuhedee hayad yavdag er em-uud unshaasai. Nuhurtuu huuhdee hayad zugatsan ems tsoongui shuu bas

  10. rosa says:

    тэгээд ямар нэг арга хэмжээ авахгуй юм уу. Ямар нэг санаа сэдээд ядаж нэг төрийн бус байгууллага ч юм уу байгуулбал дэмжихэд бэлэн байна. Энэ талаар сайн ярилцаж ажил болгомоор байна. цаашдаа хуулинд заалт оруулж улсын халамжинд авдаг. эрх мэдэлтэй нийгмийн ажилчидтай тэр ни хуухдуудэд халамж анхаарал тавиж байгаа эсэхийг хянадаг. тэгээд дараагийн шатний арга хэмжээг авахуулдаг болмоор байна. бид л хийхгуй бол хуухдууд өөрсдийнхөө төлөө үг хэлж чадахгүй шүү дээ. Энэ талаар хамтарч юм хиймээр байвал ямар нэг байдлаар холбогдож ажил болгомоор байна. хаягаа үлдээгээрэй.

  11. tseegii says:

    охиноо харсан чини загнаж баймааргуй санагдчихлаа.хөөрхөншдээ хөөрхөн.эрхлүүлээд миний бурхан гэхээр ямар их баырладаг гээ.ээ ээж мэднэ шдээ гээдл.гэхдээ ээж зан суусийн байлгуй дээ хаяадаа үзэж тарчаад бхиймаа ккк.

  12. Bayarlalaa says:

    энэ зуйлийг бичсэн хунд туйлаас баярлалаа, санаа авууштай, бодууштай, ухаарал хайрласан бичлэг байна.

  13. jiriin busgui says:

    Энэ тухай бүр асуудал болгон мэдээллийн хэрэгсэлүүдээр хөндөж байх ёстой сэдэв юм. Энэ сайт энэ сэдвийг хөндөж бичсэнээрээ нийгэмд хүлээж буй хариуцлагаа ухамсарлаж байгаа нь харагдаж байна. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуульчилж өгмөөр санагддаг. Дунд сургуулийн ахлах ангиас гэр бүл болох, эцэг эх болоход бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага болон хүүхдийн өмнө ямар хариуцлага хүлээх тухай маш дэлгэрэнгүй зааж өгөх нь хамгийн зөв гэж бодож байна. Хүн гэр бүл болохоосоо өмнө гэр бүлийн тухай тодорхой төсөөлөлтэй болж, ямар алхам хийж байгаагаа бүрэн ухамсарласан байх нь гэр бүлийн бат бэх байдал, хүүхдийн амьдралд маш их нөлөөтэй байх билээ. Эцэг эх хүн хүүхэддээ тайван, аюулгүй эрүүл орчныг бүрдүүлж өгөх ёстойг хуульчилж өгөөд хариуцлагаа тооцдог систем байвал нийгэмд ийм өрөвдөлтэй хүүхдүүд олшрохгүй биз ээ. Анхнаасаа эцэг эх болохдоо үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан байх нь хүүхдийн өсөлт, хөгжил, төлөвшилтөнд асар их нөлөөтэй байх болно. Мэдээж энэ үүргээ зөв ухамсарладаг хариуцлагатай эцэг эхүүд олон бий. Гэвч нийгмийн чухал асуудал болгон төрийн бодлогын хэмжээнд авч үзвэл нийгэмд гарах сөрөг үзэгдэл олон хувиар буурна гэж бодож байна. Энэ сэтгэгдэл бичсэн 2 настай охиноо зоддог бүсгүйгээр жишээ авахад, тэр охины эрх маш их зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Энэ охин аюултай, эрүүл биш орчинд өсч байгаа юм байна. Хэзээд хэн нэг нь цохиод авах орчин бол аюултай. Айдас дүүрэн орчин эрүүл биш. Мөн тайван биш. Тэгэхээр энэ хүүхдэд сэтгэл санааны дарамт үүсч тэр нь шөнө яраглаж хар дарж зүүдлэх, орондоо шээх, цочих, цаашилбал төрөл бүрийн рефлекс хөдөлгөөнүүд олон давтамжтай хийх/ нүүрээ маажих, нүдээ анивчих, хоолойгоо засах гэх мэт/ зэргээр танд үл анзаарагдахаар байнга илэрч байдаг. Бодвол сайн хооллоод, эрхлүүлээд л байна гэж бодож байгаа байх. Тэгсэнээ гэнэт уурлаад чанга дуугараад гар хүрээд байхад хүүхэд тайван байж чадахгүй. Тэр нялх амьтан яагаад уурлаад байгааг ойлгохгүй, өөрийнхөө хийсэн үйлдлийг буруу зөвийг ялгах чадваргүй байгаа шүү дээ. Хүн бүр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээж, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй. Эцэг эх болсон л бол энэ үүрэг хариуцлагыг хүлээхээс өөр аргагүй. Та өөрөө ямар авиртай хэн бэ гэдэг нь хүүхдийн чинь хүмүүжилээс харагдана шүү дээ

  14. emma says:

    Эвий эвий бяцхан хуухдууд.Би ноднин зун монголд очоод амарч байх хугацаандаа хотийн төвөөр шинээр нээгдсэн барилга шоруудийг сонирхож явахдаа тэртээх 3жилийн өмнөх дурсамжаа санан өнөөх хуухдуудийг нудээрээ хайж хий хоосон бодолд дарагдчихваа.Дотроо хуний наймаанд өртчихсөн юм болов уу гэж эмээх шиг хуний зэрэгтэй яваа юм болов уу гэж баярлах шиг айх догдлох хослоод нудээрээ хайгаад хайгаад олж харж чадаагуй юм.Аягуй бол тааралдах ч юм билуу гэж бодонгоо мэдрэл муутай юм шиг баахан алхав.Ядаж байхад машин дотроос танихгуй залуус шуугэлдэж надруу хандрахийг яаваа ккк. 3 жилийн өмнө хуучинаар Ленин клубийн өмнүүр алхаж явтал хэдэн халтар царайлсан ноорхой хувцастай шируун харцтай хэсэг булэг хуухдууд эгч ээ эгчээ мөнгө өгөөч гэж араас дагаад хоргоож эхлэв.Би хумуусийн замд садаа болохгуйн тулд замаас жаахан зайдуу газар очиж зогсоод өнөөх хуухдуудээс нэр ус аав ээжийг нъ асууж яагаад ийм болсонийг эвтэйхэн яриулах гэж хирэндээ хичээсэний эцэст хэд гурван уг солиод авсан юм.Дөрвүүлээ ах дуу гэнэ.Аав ээж хоёр архи уугаад мөнхийн согтуу байдаг Бид дөрөвийг мөнгө олж ир гээд хөөдөг Туулийн бургасанд амъдардаг гэж 6-13 насний хөөрхөн дэрсхэн хөвгүүд уг булаалдан хараал урсгангаа өөрсдийгөө танилцуулсан юм.Би салахдаа хуухэд тус бурт турийвчинд байсан мөнгөө шавхаж өгөөд нэмэрлээд болдогсон бол дорвитойхон туслахсан гэж хий дэмий мөрөөдөлд автав.Архинд биш идэх юманд зориулаарай за юу гэж ам тангарагийг нъ авч салахдаа өнөөх шируун харцний дундаас зөөлөн жаргалтай харцийг олж харж билээ. Гэхдээ тэр жаргалтай харц тур зуурийх гэж бодохоор гунигтай санагдаж уг солисоноосоо бур дордож сэтгэл шаналаад явчив.Хөөрхий хөвгүүдийн хувъ заяаг өрөвдөхдөө хоолой зангирч нулимас унагасанаа нуух юун.Хуний орчлонд амъдрах тэнхэлгүй болсон эцэг эхийг нъ буруутгаж ядан хунийг амъдаар нъ алж чаддаг харгис нийгмийг узэн ядан сэтгэл өмрөөд бутэн өдөржингөө гунигт дарагдаваа.
    Монголийн хуухэд бур аз жаргалтай амъдрах тэр сайхан гэгээлэг жаргалтай уе удахгуй ирнэ гэдэгт итгэж байна.

  15. Gbeol says:

    ХАМГИЙН харамсалтай н миний хөөрхөн охин дөнгөж 2настай

  16. Gbeol says:

    ХААУА би охиноо зоддог зарим нэрв хөдөлсөн үэдээ бүр муухай аастай үэдээ охиндоо би гар хүрдэг.одоо охин маани надаас айсан үедээ хөөрхөн гараараа нүдээ дардаг өрөдмөөр,тиймээ би энэ сэдвийг маш хэрэгтэй надад бол бүр хэрэгтэй зүйл бичсэн байна

  17. sainaa says:

    эвий дээ.. энхрий жоохон хүүдээ хааяаа уурлахад хөөрхий тэр минь хичнээн их зовдог юм бэ дээ

  18. chono says:

    Маш зов богоод бодох хэрэгтэй сэдэв! Баырлалаа олон ээж аавууд уншаасай, ур хуухдээ хамгаалж яваасай. Нийгэм ийм зуйлийн эсрэг цохилт огч чаддаг жигшдэг хэлдэг оролцдог байгаасай. Хуухэд хучинддэг новшнуудийг байх газаргуй болгох юмсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.