Архичны хүүхэд

Аав архичин байлаа. Гэхдээ адгийн архичин биш, нөгөө нэг боловсон архичин нь. Манайх яах аргагүй сайхан гэр бүл. Бага насны минь дурсамжийн сайхан нь олон. Гэвч сэтгэлийн гүнд аав архи уусан болов уу, хэзээ уух бол гэсэн айдас байнга байдаг. Аймар шүү. Бодохоор л гол зурж байна. Хөөрхий 4-н 4 хүүхэдтэй ээжид минь буцах зам үгүй учраас л шүд зуугаад гүрийсэн. Бид баян цатгалан амьдрах бүрэн боломж байсан атал аавын амиа хичээсэн арчаагүй архичин зангаас болоод доошоо шидэгдсэн. Ёстой сэжгийн, аймшигтай. Хашгирч орилж, ээжийг минь зодож, биднийг зодож байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Аавдаа маш их хайртай ч тэрийг нь бол уучлахгүй ээ. Хэзээ ч уучлахгүй.

Би одоо 30 хүрсэн, биеэ даасан, ажил төрөлтэй, хүнээс дор орохооргүй амьдарч байгаа. Гэхдээ би одоо ч согтуу хүнийг харахаар айдаст автдаг. Хамгийн аймаар нь тэр айдас маань намайг хулчгар дорой биш, галзуу солиотой юм шиг болгодог. Нөхрийгөө согтуу байхыг харангуут биеэ ч хянаж чадахгүй, уурлаж, гомдож, ирээдүйгээ маш муухайгаар төсөөлж эхэлдэг. Амьдралд тэгж их зүдэрсэн гээд ууж байгаа юм бол яагаад миний ээж уугаагүй юм бэ. Аав архичин байхаа болиод удаж байна. Гэсэн ч би яг одоо энийг бичиж байхдаа уйлж байна. Ааваас айхдаа гэртээ орж чадахгүй, бүлтгэнэсэн хүүхдүүдээ хөтлөөд ээж минь ажил руугаа явдаг байсан. Би бол аавыг согтуу үед гадны хэн ч хамаагүй гэрт минь байгаасай гэж хүсдэг байсан.

Хөөрхий бүлтгэр дүү минь нэг удаа “Аавгүй хүүхдүүд гоё байдаг байх даа” гэж хэлж байсан. Тавхан настай нялх амьтан тэгж хэлж байсан даа. Би нэг удаа аавд аймар гомпоод маш их уйлсан. Гэтэл хэт их уйлснаас болоод тамир маань барагдаад татаж, муужирч билээ. Хамаг бие янгинаж өвдөөд, дөрвөн мөч татаад, нүүр амаа ч удирдаж чадахгүй. Уруул чангалагдаад татчихсан. Тэгсэн хэрнээ хамаг мэдрэмж хурц хэвээрээ. Нэг ч үг хэлж чадахгүй. Одоо бол би цор ганцаараа л хэсэг уйлж тайвширдаг. Нулимсаа хүнд харуулахаас ичсэндээ биш дахиж тэгж биеэ муутгахаас айсан. Би нөхрийгөө хааяа найз нөхөдтэйгөө гарч орохыг нь тэвчихийг хичээдэг.

Гэхдээ орж ирэхдээ талимаарсан нүд гаргасан байхыг нь харахаас үзэн яддаг. Нэг удаа над руу чанга дуугарсан. Тэгэхэд би шууд л биеэ хамгаалах хариу үйлдэл үзүүлж, гарт таарснаараа нөхрийгөө цохиж, хар хурдаараа гадуур хувцсаа өмссөн. Дараа нь би өөрөөсөө айсан. Архичин аав минь надад ийм л сэтгэлзүй бэлэглсэн байна. Би одоо асуудлаас зугтаадаг. Тийм болохоор хүмүүстэй дотно нөхөрлөхийг ч хүсдэггүй. Өөрийгөө өөрчлөх гэж сэтгэлзүйчид хандлаа, сэтгэцийн асуудалтай юм болов уу гээд Шар хадны эмнэлэгт очиж үзүүллээ. Эмч надад эрүүл байгааг минь хэлээд, зүгээр өөрийнхөө дуртай зүйлийг л хийхийг зөвлөсөн.

Архичин хүмүүс үр хүүхдийнхээ дотор сэтгэлийг ийм л аймшигтай болгодог. Би гудамжинд бусдыг дээрэлхэж байгаа согтуучуудыг хэзээ ч зүгээр өнгөрүүлдэггүй. Гарт тааралдсан чулуу, модыг бариад очоод үзэлцчихдэг. Эцэг минь надад ийм рефлекс суулгаж өгсөн бололтой. Уг нь аав архи уугаагүй үедээ бурхан шиг л байдаг. Биднийг их эрхлүүлнэ. Даанч уухаараа новш болдог байсан. Заримдаа хэдэн сараар уухгүй биднийг жаргаана. Даанч тэр жаргалынхаа хариуг ганц өдөр архи уунгуутаа авч, зовлон зүдгүүр, айдас болгож хувиргадаг байсан. Архи аавыг минь уудаг байж дээ одоо бодоход.

5 Comments

  1. ebi says:

    би эцэггүй өссөн одоо ч эцэггүй. архи уудаг бүр зоддог байсан ч хамаагүй аавтай байхсан гэж боддог. аав гэж дуудах гоё юм бнлээ. хүнтэй суугаад хадам аавыгаа аав гэж дуудлаа. сайхан л юм. хадам аав ч надад нугасгүй. бидний хүүхэд байх үед зах зээлийн шилжилтийн үе байлаа 4 хүүхэд өсгөөд амьдралаа авч явна гэдэг хэцүү лдээ эх хүн бол идэх хоолоо ч өөрөөсөө харамлаад хүүхэддэ өгдөг юм билээ. эр хүн энэ байдалд орвол архи л ууж сэтгэлээ засна. 10 жилд байхад найзын маань ээж оёдолын үйлдвэрт ажилаад өдөр өгсөн хоолыг нь орой найзад минь идүүлээд өөрөө хоосон л явдаг байж найзыг минь сургууль төгсгөөд амьдралтай болгоод өөрөө бие муутай болоод бурхан боллоо. харин одоо бол найз минь сайхан амьдалтай сайн л явна. харин ээж минь надад хоолоо өгдөг байж гэдгийг 2 курс дээ мэдсэн. энэ бол нөгөө л шилжилтийн үр дүн. энэ үед зовлон үзсэн хүн олон шүү. аав минь гэж нэг удаа ч гэсэн бодож үзээрэй. аав хүн ямар их түшигтэй байдаг гэдгийг үхсэн хойно нь л мэднэ. гэр бүл гэдэг сайхан амьдрах, гол нь элэг бүтэн явна гэдэг л жаргал. чиний хүүхэд ээжийгүй бол сайхан гэж битий л бодоосойдоо. би чиний аав байгаад энэ ийг уншсан бол чамд их гомдох юм байна. чи амьдралаа буруу өнцөгөөс хараад байна. өнцөгөө соль муу амьд явахаар сайн үх гэдэг юм. чамд маш их асуудал бн. нөхөр чинь одоо чамаас холдож эхлэх байх. хүний хүүхдэд битгий л гай болоорой

  2. man says:

    Архийг өнөөдөр монголын нийгмийн давхарга бүрт л хэрэглэж байна. Томчууд нь тансаг зэрэглэлийн виски ууж согтуурна. Доодчууд нь найрка ууж хөлчүүрхэнэ. Дунд давхаргынхан нь болор, соёрхол, ехр ууж мансуурна. Томчуудын хүүхэд залуус бүр архи гээчийг нь голоод мансууруулах бодист донтсон ийм л нийгэмд бид амьдарч байна даа. Хий дэмий нервтэж эд эсээ үхүүлж байснаас бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй. Архигүй, тамхигүй төгс нийгэм гэж дэлхийн хаана ч байхгүй. Орчлонгоос тасарсан ширэнгэн ойд амьдардаг зэрлэг омгийнхонд л ийм юм байж магадгүй.

  3. [n0:ty] says:

    Чи өөрийгөө хамгийн их зовлон үзсэн, энэ зовлонг бусдад бас амсуулахгүй гэж бодон архи уусан бусдыг болон нөхрийгөө үзэн ядаж, хяналтаа алдан галзуу солиотой үйлдэл өөрийн мэдэлгүй хийдэг гэж байна. Чи одоо өөрийгөө гадны өнцгөөс хар. Бүх юм төгс байх ёстой, энэ дэлхий дээр архи гэж байх ёсгүй, архи уусан бол хүний адаг гэж харж, бусдад хандаж дэлхийг аварч буй мэт авирлаж байгаа чинь чиний буруу гэж бодож байна. Одоо яг үнэндээ танай нөхөр, үр хүүхдүүд тань ЭЭЖГҮЙ байсан ч болоосой гэж бодож байгаа юм биш биздээ. Сайн бодоорой.

  4. galzuurahaa boli says:

    arhi usan, zovooson etseg ruu charlaj, zodoldoich, etsgees chin busad humuus arhichin baisan ch chamd hamaagui shd, zovooson hunteigee l uzelts, chamtai neg ch ug soliogui, chamd gai boloogui bol chamd teden ruu hashgichih erh bhgui.

    emartad cham shig neg awgi harsan. Muuhai haragddag yum bilee, uuriiguu tuvdengiin bor gej boddog yumuu haashain, ter em.

  5. tap says:

    чи өөрөө тэрийгээ дахин дахин сөхөөд томруулж бодоод байхаар аргагүй. одоо үед сэтгэлзүйч, эм, эмнэлэг гэхээс илүү интернэтэд л хамаг хэрэгтэй юм чинь байж байдаг болсон шүү дээ. Dr. Joe Dispenza гээд хайвал чамд яг хэрэгтэй ярианууд нь байгаа. Тэгээд, нээх өөрийгөө өрөвдөж, хохирогч маягаар харах хэрэггүй. Одоо чинь өнгөрсөндөө баригдаж амьдрах хоцрогдсон. Чи л хүсвэл энэ байтугай сэтгэлзүйг, ер нь юуг ч давж гарч болно. Мэдлэгээ өргөжүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.