Солонгос киног хориглоё

Өмнөд Солонгосын савангийн дууриуд монголчуудыг байлдан дагуулаад бараг 20 жил болжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийн бараг 70 хувь нь солонгос киногоор ард түмний тархийг угааж байна. Бүр хоорондоо өрсөлдөж, “онцгой эрх”-ээрээ гайхуулах болж. Анхны цувралуудаас нь ганц нэг кино үздэг л байсан. Хоолны мастер “Дэ Жангүм”, зодооны гайхамшиг “Ким Ду Хан”, “Анхны хайр” гээд л нэрлээд байх биз.

Гэвч түүх, эр зоригийн дуулиудаас гадна гэр бүлийн хэрүүл, өшөө хонзон, амиа хорлолт агуулсан сериалууд орж ирсэн цагаас эхлээд кино кино биш болж эхэлсэн хэрэг. Жигшүүртэй үзэн ядалт, өшөө авалт, эдгэшгүй өвчин, шаналал, бүтэлгүй дурлал, бухимдал төрүүлэх тэнэглэл гэх мэт хорвоогийн муу муухай бүхнийг солонгосчууд олон ангит кинондоо шингээн дүрсэлжээ. Энэ бүхнийг Солонгосын 3-4 кино компани, телевиз нийлүүлдэг. Гэтэл тэр бүхэнд дурлан, тахин шүтэгчид жил бүр нэмэгдэж буй нь харамсалтай. Энэ л цаг үе дор монголчуудыг байлдан дагуулж, ухаан санааг нь эзэмдээд байгаа тэрхүү “сонирхолтой” сериалуудад хамгийн түгээмэл “өдөөн хатгалгыг” дурдъя.

Хэтэрхий өс санамтгай хүмүүс

Монголын телевизүүдээр гарч байгаа Солонгосын олон ангит бүх кинонд “Би заавал өшөөгөө авна” гэсэн үг байнга давтаастай. Сайн болоод саар дүрийн бүх баатар нь “Баригдашгүй өшөө авагчид” аятай аяглана. Хөмхийгөө зууж байгаад л эхэлнэ шүү дээ. Гол дүрийн баатрууд нь “Би хэзээ ч өршөөхгүй” гэдэг үгийг кино болгон дээр тоть шиг давтана. Солонгосын сериал бүгдэд шингэсэн энэ дүр зураг нь тэднийг их өс санамтгай хүмүүс гэх бодлыг заавал төрүүлдэг нь гарцаагүй үнэн. Харин кинонд гардаг ийм дүр зураг орчин цагийн залууст шингэсэн мэт. “Би чамайг хорхойтой араандаа зуухаа мэднэ ээ” гэх мэт үгийг тоглоомоор ч, бодитоор ч хэлдэг болсон нь үнэн.

Өс санаснаа ил гаргахгүй ч хийж буй үйлдлээрээ үзүүлэх нь бас нэмэгдсэн. Өөрийнх нь дургүйг хүргэсэн хүнийг ямар нэгэн байдлаар эвгүй байдалд оруулбал санаа нь амардаг болжээ. Ер нь бол монголчуудын сэтгэхгүйд тун бага орон зай эзэлдэг байсан “Өс хонзон санах” гэсэн ойлголт, ухагдахуун орчин үед нэмэгдэх хандлагатай байна. Тэр ч бүү хэл өс хонзонгийн улмаас хүний амь насанд халдсан тохиолдол хүртэл гарсан билээ.

Хэл ярианы баялаг дутуу юу, эсвэл

Суваг бүр дээр гарах сериал болгонд нэг зүйл ажиглагдана. Нэгэндээ итгэдэггүй юмуу, эсвэл чихэндээ итгэдэггүй ч юмуу бүү мэд… Нэгнийхээ яриаг сонсож сонсож эцэст нь “Тэр чинь тэгээд тэгнэ гэсэн үг үү?” гээд асууна. Тэгээд кино болгонд нь бүтэлгүй, мэдрэл муутай эрэгтэй хүний дүр заавал гарна. Бүтэлгүй, бүтэлгүй гэхэд дэндүү бүтэлгүй, бүр маанаг юм шиг тэр дүр нүүр амаа жигтэй сонин болгож хувиргах нь энүүхэнд. Киногоо хөгжилтэй, марзан болгох гэсэн санаа гэхэд арай байх юм. Тэгвэл Монголд ч ийм дүр зураг харагдах болсон. Ялангуяа сошиал эрчээ авсан өнөө цагт фэйсбүүк, твиттер ашиглан тэнэгээ гайхуулах эрчүүд олон болжээ. Одоо бодох нь ээ, солонгос савангийн дууриас халдварласан байж таарлаа.

Танхай балмад, харгис хэрцгийгийн түгээмэл жишээ

Солонгосын хот, гудамж бүхэнд “Сайн эрс” байдаг бололтой юм. Муухай хашгирч, цохиур мод, төмөр хоолойгоор зэвсэглэсэн бүлэг этгээд Солонгосын орчин цагийн үйл явдал бүхий бүх кинонд түгээмэл дүрслэдэг. Яг ийм зураглал Монголын хувийн ахлах сургууль болон дээд сургуульд элбэгшсэн. Мөн сүүлийн үеийн монгол кинонуудад зодоон цохион, харгислал их болсон нь магадгүй солонгос киноноос үүдэлтэй байж болох юм.

Амиа хорлох оролдлого

Солонгосын олон ангит киноны 80 хувьд нь амиа хорлох оролдлого хийж буй үйл явдал заавал гардаг. Тэгээд тухайн оронд амиа хорлолт их байдаг юм болов уу гээд судлахаар бас үгүй аж. Зөвхөн кинон дээр л хэтрүүлэгтэйгээр хэрэглэдэг байна. Гэтэл энэ нь манайхны тархийг утгаар нь угаажээ. Ялангуяа бүсгүйчүүд, ахлах ангийн сурагчид амиа хорлолт гэдэг зүйлд гүн автсаныг өнгөрсөн жил болсон хэд хэдэн үйл явдал нотолно. Бид л мэдэхгүй өнгөрч байгаа болохоос биш амиа хорлох оролдлого өдөрт хэдэн арваараа тохиолдож байгаа нь солонгос киноноос авсан халдварт өвчин гэлтэй.

Юугаа үзэж, цагаа яаж үрэн таран хийх нь хувь хүний эрх ч зарим нэг санууштай зүйлийг хэлмээр байна. Бага насны хүүхдэд солонгос солиорлуудыг үзүүлэх хэрэггүй. Багаас нь “Би хэзээ ч өршөөхгүй” гэх үгээр тархийг нь цэнэглэх шаардлагагүй биз. Өвчин зовлон нь хорт хавдраас өөр байдаггүй, жаргалын диваажин Солонгос биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Хэт туйлширч, амьдралын бодит үнэнээс хальж одохын хэрэг үгүй. Солонгос хоолны газарт үдэш оройг өнгөрөөгөөд, гэртээ солонгос киногоор тархиа ядраан байж амьдрах нь монголчуудын өнөөгийн дүр төрх болох ёсгүй л болов уу…

МОНГОЛОО АЛДСАН МОНГОЛ ЗАЛУУС

Томоохон дайнд нэг ч удаа ялж үзээгүй солонгосчууд өнөөдөр соёлын дайнд үнэнхүү ялалт байгуулж байна. Холливудтай өрсөлдөж Энэтхэгийн Болливуд хүртэл Солонгосын савангийн дуурийг үздэг үзэгчдэд өөрийн эрхгүй зайгаа тавьж өгч байх юм. За тэгээд Вьетнам, Лаос, Камбож, Монгол, Оросын алс Дорнодынхон бүгд фэн нь. Түүхэн кинон дээрх гол дүрийн баатрууд жинхэнэ түүхийг тэр чигээр нь үгүй хийнэ. Түүхээ байг гэхэд солонгосын энэхүү соёлын довтолгооны үр нөлөөгөөр монгол залуус монгол биш болоод удаж байна.

Нөгөө л солонгос залуусын өмсдөг хавчиг мөртэй, өргөн хормойтой хүрэм өмсч, савх шиг нарийхан өмд угласан залуус, эгээ л солонгост байна уу гэж андуурмаар нүүрээ будаж, үс гэзгээ янзалсан охид. Ирээдүй маань нэг иймэрхүү. Солонгосын киночдыг төрөөс дэмждэг юм билээ. Солонгосын соёлын нөлөөг Азид, цаашлаад дэлхий дахинд түгээхэд онцгой ач холбогдолтой гэж үздэг учраас тэр. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Лениний үг XXI зуунд бодитоор бууж байгаа нь энэ.

Албан ёсны эрхтэйгээр гэж манайхан жигтэйхэн рекламддаг. Тэрэн шиг худал зүйл даанч байхгүй. Нөгөөдүүл нь зүгээр л үнэ төлбөргүй нийлүүлнэ. Хулгайлсан ч гэмгүй. Гол нь соёлын нөлөө нь тийшээ хаяагаа тэлж байгаа юм чинь. Оросууд Солонгосын киногоор дамжиж байгаа соёлын түрэмгийллийг яах вэ гэж толгойгоо гашилгаж байна. Албан ёсоор ийм сериалуудыг нэвтрүүлэхэд асар өндөр төлбөр тогтоосон ч нэгэнт хар тамхи лугаа адил шимтсэн слав бүсгүйчүүдийн хүчтэй эсэргүүцлээс болоод тийм ч үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байгаа бололтой.

Хамгийн харамсалтай нь солонгос соёл өсвөр насны залуучуудын дунд түгээмэл болсон. Тэдний хувцаслалт, үс засалт, бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, Солонгосын соёлын загварыг тэр чигээр нь илтгэх. Бүр дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг.

Ажлаасаа гэртээ хариад ирэхэд суваг бүр дээр солонгос кино

Гудамж талбайд зөрж өнгөрөх залуусын үг хэл, хувцаслалт бас л солонгос. Аятайхан хоол идье гэвэл бас л солонгос хоолны газар, ресторан. Хөөрхий телевизийн удирдлуугад солонгос кино импортолж байхдаа ийм зүйл санаагүй л байх. Соёлын довтолгоон гэж үүнийг хэлдэг байх. Бүр хатуугаар хэлбэл энэ бол соёлын хүчирхийлэл. Яагаад монгол хүнд монгол ахуй ёс заншил, үүх түүх нь гологдох болов. Ердөө л үзэж харах юмгүй дээ л тэр. Үе үеийн соёл хариуцсан яам юу хийж байв. Чимээгүй соёлын террор хийгээд байхад үндэсний соёлын дархлаагаа сайжруулах талаар бодож байгаа ч юм алга. Нэг л өдөр энэ бүхнийг эзэмших хүн үгүй болбол яана.

МОНГОЛ КИНО ЯАГААД МОНГОЛЧУУДАД ГОЛОГДДОГ ВЭ

Кино урлаг бол үйлдвэрлэл. “World almanac” номонд дурдсанаар жилд хамгийн олон кино үйлдвэрлэдэг газар бол Болливүүд. Энэтхэгт жил бүр 1000 гаруй кино үйлдвэрлэдэг байна. Кино урлагийг төр нь ч, хувийн хэвшил нь ч сайн дэмждэг учраас жилд ийм олон кино төрдөг биз. Тэгвэл Монголд 1936-2000 он хүртэл буюу 56 жилийн хугацаанд 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээжээ. Харин 2011-2012 онд буюу ганцхан жилийн хугацаанд телевизийн олон ангит болоод баримтат, богино хэмжээний кинонуудыг тооцолгүйгээр 50 шахам киног бүтээсэн нь дээд амжилт юм. Ялгаатай нь эдгээр кино нь төрөөс огт дэмжлэггүй.

Ганц, нэг компанийн дэмжлэг, дээрээс нь бүтээлээ зах зээлд гаргахын тулд томоохон хэмжээний зээл авсны үндсэн дээр дэлгэцийн бүтээлээ амилуулж байна. Кино бол хэсэг бүлэг хүн рүү чиглэсэн бус харин олон нийтийг хамарч, түүгээрээ хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх урлагийн төрөл. Үндэстэн ястны хэл, ёс заншил хоорондоо адилгүй шиг тухайн улсын урлаг соёлын өв уламжлал тэс өөр. “Монгол хүү”гээс эхлээд “Улаанбаатарт байгаа миний аав” гээд 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үе хүртэлх монгол кинонууд монголчуудын зүрх сэтгэлээс арчигдаагүй. Тэгвэл ардчилал гарснаас хойш дэлгэцэнд амилж буй бүтээлүүдийн олонхи нь нэр төдий болсон гэвэл хатуу ч үнэнээс хол зөрөхгүй ээ.

Жүжиглэлт, киноны агуулга, зохиол гээд олон зүйл нь учир дутагдалтай. Угаас кино урлаг нь төрөөс дэмжлэггүй учраас бизнес, арилжааны кинонуудыг нүд хуурах төдийхнөөр хэдэн арваар нь үйлдвэрлэж байна. Орчин цагийн кинонуудыг хийхдээ үзэгчдэд сэдэл өгөхөөсөө илүүтэй тухайн бүтээлд оролцсон уран бүтээлчдийг хэрхэн орлогожуулах талаар боддог нь хамгийн том бөгөөд нийтлэг алдаа гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилдэг ч шүүмжлэл нь бодит ажил хэрэг болоогүй хэвээр. Киноны нэр, үйл явдлаас эхлээд гаднын зах зээлийг хуулбарлах дүр зураг харагдана. Алаан хядаан, танхайрал, зодоон цохион, хүчирхийлэл зэргээр сэдэвлэсэн кино түгээмэл болсон нь нийгмийн сонирхолтой шууд холбоотой.

Товчхондоо бол иргэдийн сонирхол, таашаал авдаг зүйл дээр нь киночид тоглолт хийх болсон бөгөөд ихэвчлэн арилжааны шинж чанартай учраас нөлөөлөл, үр дагавар тун бага байна. Хэрвээ кино урлагийг төрөөс бодлогоор, бодитоор, эдийн засгаар дэмжвэл магадгүй 10, 20 жилийн дараа Монголын кино урлаг арай өөр түвшинд хүрч, дотоодын төдийгүй гадаадын иргэд рүү соёлын довтолгоон хийж болох юм. Монголын киночдод төрийн бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байна. Харин Монголын кино урлагийн зөвлөл, соёл урлаг хариуцсан яам, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд юу хийж байна вэ.

8 Comments

  1. мйэ says:

    Солонгос кинонд донтогсдод : Бүх урлагийн дотроос хамгийн гайхамшигтай нь кино гэхдээ юм ойлгох чадваргүй харанхуй маанаг ард түмний тархийг угааж залуурдах маш хүчтэй зэвсэг. В. И. Ленин.

    Тухайн ард түмний соёлыг мартуулж маанагтуулна

  2. Даваасүрэн даажаа says:

    Сурах зүйл их бнаа бас. Өмнө нь сэтгэл хөдлөх гуних уурлахдаа ил гаргадаг бсаг бол одоо инээж бгаал дөнгөнөшд заза тгээд уурлацгаагаад байв

  3. Novshiin Solongos Drama says:

    Novshiin, teneg, balai, ontsgui, utgagui, lalariin Solongos bolon Hujaa kinonuud gargahaa bolimoor yum pizda, oor Hollywood-iin goyo kinonuud, MGL-iihoo goyo kinonuud uzmeer l bna shdee pizda gej, Novshiin Solongos, Hujaagaa boliosoi pizda gej, yadaj Japan kinonuud gargaj baival hamaagui deer, savangiin duurit tarhia ugaalgasan teneg muu erguu pizdakuud bas ih bh yumaa pizda haha…..

  4. Unsh bod says:

    Hogjilteimaa…mongolchuud duuraigaad ch adil haragdahgui sh dee…aimaar buduun har tsaraitai humuus yun so nariig duuraih…end ingej soliorch bh hoorond korea nar heden terbum hun amtai china~ america~ india~g soyol , tehnikeeree baildan dagulaad bna sh dee ho..bodoj bich

  5. зочин says:

    өнөөгийн энэ новшийн цаг үед солонгос хятад кино л стресс тайлах ганц юм болж байнадаа
    Монгол кино гэж юу байхавдээ чадвар муутай жүжигчид аль нэг улсын урд өмнө гарсан юмыг хуулбарласан кинонцрууд тэрийг үзснээс солонгос хятад кино үзэж байсан нь дээр

  6. chi bol hujaa says:

    atga duuren salaavch besda mini

    • Киночин. says:

      Энэтхэг Орос Америк гээд кино урлаг хөгжсөн бүх улс орон эх оронч үзэл нэвт шингэсэн кино хийж бна. Солонглс хятад наанаа амьдрал харуулаад байгаа юм шиг хирнээ цаанаа өөрийн эх орноо, соёл уламжлалаа магтсан бахарахсан сурталчилсан бүр цаашилбал дээр өгүүлсэн соёлоор дасгах, дарангуйлах, уусгах үзэл суртал, далд бодлого нэвт шингэсэн харагддаг. Монголын төрөөс эх оронч, түүхэн сэдэвтэй уран сайхны болон баримтат кино, реклаи сурталчилгах, контент, кинонд хөрөнгө оруулалт хийдэг, хандив өгдөг байх хэоэгтэй санагддаг. Би лав олон ангит Со, Хя, Тү кино үздэггүй. Харин орос сериал бол үздэг. Арай амьдралдтай бидний амьдралд ойр санагддаг. Болж өгвөл ганц ангит дэлхийн шилдэг кино шиг кино үзэж бай Монголчуудаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.