ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны хүний хорт хавдар сүүлчийн шатандаа оржээ

ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн түүхэн дэх анхны хүн болох Америкийн иргэн Тимоти Рэй Браунаас сүүлчийн шатандаа орсон цусны хорт хавдар илэрчээ.  

“Берлиний өвчтөн” гэгддэг уг эрэгтэй лейкоз (лейкемия) буюу цусны цагаан эсийн өмөнтэй тэмцэх зорилгоор 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж, хорт хавдар болон ХДХВ-ийн халдварыг ялж чадсан юм. Энэ нь чөмөгний донор нь хүний ​​дархлал хомсдолын вирусийн эсрэг байгалийн ховор эсэргүүцэлтэй байсантай холбоотой байжээ.

Үүнээс хойш түүний биед ХДХВ-ийн шинж тэмдэг илрээгүй байна. Гэвч 2019 онд лейкоз нь сэдэрч, биед нь тархжээ. Браун одоо Калифорни муж улсын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэгч буяны эмнэлэгт байгаа аж.

Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвараас бүрэн эдгэрсэн хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Хоёр дахь хүн нь “Лондоны өвчтөн” гэгддэг Венесуэл гаралтай Адам Кастильехо бөгөөд түүний ХДХВ-ийн халдвар бүрэн эдгэрсэн болохыг энэ онд мэдээлсэн билээ. Үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа уг вирусийн халдвар дахин илрээгүйг өнгөрсөн онд мэдэгдсэн юм.

SOURCE: toim.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.