Япончуудын ганцаардмал гэр бүлийн амьдрал

Японд төрөлт буурч, ганц бие амьдралыг сонгох хүмүүсийн тоо нэмэгдсэнээр хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж байна. Түүнчлэн гэр бүлийн хосууд бэлгийн харилцаанд орох нь буурсан гэх судалгаа гарчээ. Японы хүн амын 25 орчим хувь нь бүх насаараа гэрлэлгүй, ганц бие амьдарлыг сонгох болсон гэнэ. Тэгвэл япон хосууд яагаад бэлгийн харилцаанаас татгалзах болсон бэ?


Өдгөө 44 настай Марико сексгүй гэрлэлтийн жишээг найз Ёокогийн амьдралаас жишээ аван ярьжээ. Марикогийн хэлснээр Ёоко хүүхэдтэй болохыг хүсдэг боловч нөхөр нь түүнтэй бэлгийн харилцаанд орохоо больсон гэнэ. Нөхөр нь видео тоглоомд донтсон бөгөөд хосуудын харилцаа орой хамт хооллохоос өөр халуун дулаан уур амьсгалгүй болжээ.

Харин Марикогийн тухайд ганц бие. Тэрбээр хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг ч романтик хамтрагчгүй гэнэ. Япончуудын дунд романтик харилцаа үгүй болсоор байгаа нь дэлхийн бусад аж үйлдвэржсэн орнуудаас өндөр насжилттай орон болоход нөлөөлжээ. Японы хүн амын 25 орчим хувь нь бүх насаараа гэрлэлгүй, ганц бие байх болсон гэх судалгааг Чуо их сургуулийн профессор Масахиро Яамада танилцуулжээ. Тэрбээр ганц бие амьдралыг сонгох болсон хүмүүсийг “шимэгч” хэмээн тодорхойлсон байна. Учир нь Японы залуус гэр бүл болж, өрх тусгаарлахын оронд эцэг, эхийгээ шимэгчлэн амьдрах нь нэмэгджээ. Токиогийн их сургуулийн 2015 оны судалгаагаар дөрвөн эмэгтэй тутмын нэг нь, гурван эрэгтэй тутмын нэг нь 40 нас хүртлээ ганц бие амьдрах болсон аж. Түүнчлэн судалгаанд оролцогчдын тал хувь нь бэлгийн харилцаанд сонирхолгүй болсон гэж хариулжээ. Японы мэдээллийн сувгуудаар залуус хүнтэй болзох, бэлгийн харилцаанд орох нь багасч, онгоноороо өтлөх хүмүүсийн тоо нэмэгдсэн талаар тогтмол мэдээлдэг байна.

Гэхдээ Японд төрөлд буурсан нь илүү цогц асуудал аж. Профессор Масахиро Яамадагийн хэлснээр Японд уламжлалт гэр бүлийн загвар давамгайлсан байдаг аж. Улмаар японы залуус хүйсийн уламжлалт үүргээ биелүүлэхэд илүү анхаардаг байна. Өөрөөр хэлбэл, япон эрэгтэйчүүд мөнгө олж, гэр бүлээ тэжээх үүрэгтэй бол эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд анхаарна.  Японд 1990-ээд оны эхэн үед эмэгтэйчүүдийн хувьд цалин сайтай нөхөр олох илүү хялбар байжээ. Харин орчин үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өндөр цалинтай нөхөр олно гэдэг амаргүй болсон аж. Эцэст нь, эмэгтэйчүүд нөхөрт гарахаа хүлээн эцэг эхтэйгээ амьдарсаар байх болсон нь эрэгтэй хүн л мөнгө олох ёстой гэх уламжлалт үзэлтэй холбоотой хэмээн Масахиро Яамада мэдэгджээ. Токиогийн их сургуулийн 2015 оны судалгаагаар тус улсад 18-39 насны 2.2 сая эмэгтэй, 1.7 сая эрэгтэй ганц бие амьдарч байгаа нь 1992 онтой харьцуулахад огцом өссөн байна. 30-аас дээш насны хүмүүс гэрлэсэн эсвэл бүх насаараа ганц бие үлдэх нь элбэг хэмээн Токиогийн их сургуулийн хүн ам судлалын мэргэжилтэн Петер Уеда тодотгожээ. Япон залуус бэлгийн хэрэгцээгээ ихэвчлэн биеэ үнэлэгчдээс хангах болсон аж. Зочдод үйлчлэх гэж нэрлэгдэх биеэ үнэлэлтийн хэлбэр Японд эртнээс байж ирсэн. Түүнчлэн анимэ дүр, шүтдэг поп алдартнуудтайгаа виртуаль технологийг ашиглан өөрийн бэлгийн дур хүслээ хангах нь нэмэгджээ. Үүнийг дагаад тус улсад бэлгийн харилцааны үед хэрэглэгддэг тоглоом, порно зэргийн эрэлт өссөөр байгаа аж.

Үүний зэрэгцээ зарим хүмүүст зүгээр л бэлгийн харилцаанд орох зав байдаггүй аж. Тэдний хувьд эд хөрөнгө, биет хэрэгцээ шаардлага нь хайр дурлалаас давсан гэсэн үг. Японы хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны үндэсний төвөөс гаргасан 1987-2015 оны хоорондох статистик мэдээллээс харвал бага орлого, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал нь эрэгтэйчүүдэд болзож, гэрлэхэд саад болдог аж.

Эх сурвалж: South China Morning Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.