Хүүхдүүдэд сексийн талаар хэрхэн тайлбарлах вэ

Эдүгээ бэлгийн боловсрол бидний үеэс ихээхэн өөрчлөгджээ. Та хүүхэдтэйгээ ганц удаа “том яриа” өрнүүлснээр бэлгийн боловсрол эзэмшүүлж чадахгүй. Энэ бол таны хүүхэд өсч томрох тусам үргэлжлэн хөгжиж байх яриа юм. Хүүхэдтэйгээ ийм сэдвээр ярилцах нь хэцүү санагдаж болох ч, сандарч тэвдсэн ч, гол нь шударга байгаарай. 

Хүүхэдтэйгээ бага байхад нь илэн далангүй үнэнчээр ярилцах нь дараа дараагийн харилцан яриаг хялбаршуулдаг. Эдгээр “эрт эхэлсэн яриа” нь хүүхдүүд өсөж томроход сексийн талаар эрүүл сонголт хийх үндсийг тавьдаг юм. Хүүхэд танаас илэн далангүй, үнэн мэдээлэл хүсэж, тан дээр ирж,  бэлгийн боловсролын талаар асуухдаа айж ичих ёсгүй юм. 
 
Хоёр нас хүртэлх хүүхдэд бие эрхтнүүдийн анатомийн зөв нэр томьёог зааж сургах ба эдгээр үгсийг “гар хуруу” эсвэл “шагай” гэсэн үг шиг энгийн тайлбарлаарай. Түүнийг усанд орох үед нь эсвэл хүүхдээ хувцаслахдаа биеийн хэсгүүдийг нэрлэн танилцуулж болно. 
 
2-5 насныхны хувьд гол анхаарал хандуулах зүйл бол орчны хил хязгаар. Бусад хүмүүсийн биед хүрэх нь зохимжгүйг заагаарай. Бага насны хүүхдүүд ч хэн нэгэнд хүрэхээс өмнө асууж сурах нь маш чухал. Биед хүрдэг гижигдэх мэт тоглоом тоглох, өвөр дээр авирч гарах зохимжгүй гэж хэлээрэй. Зурагтай ном харуулан хүүхдийнхээ биеийн хэсгүүдийг нэрлээд охид, хөвгүүдийн ялгааг ойлгоход нь туслаарай. 

6-8 насанд  интернетийг хэрхэн аюулгүй ашиглах талаар ярилцах нь чухал юм. Та хүүхдүүдэд садар самууныг урьдчилан тайлбарлах, ямар нэг муу зүйл гэж харуулах шаардлагагүй ч ийм төрлийн цахим хуудас зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй.  

Энэ насныханд бэлгийн хүчирхийллийн талаар илүү тодорхой яриарай. Хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах, эсвэл хүчирхийлэлд өртсөн найздаа туслахын тулд үүнийг мэддэг байх нь чухал. Хүүхэдтэйгээ бэлгийн харилцаа, тестостерон ба эстроген дааврын ялгаа, мөн үс, бэлэг эрхтэн, дуу хоолой яагаад, хэрхэн өөрчлөгддөгийг тайлбарласан, сайн номыг хүүхэдтэйгээ хуваалцаарай. 

Иймэрхүү яриа хэр дэлгэрэнгүй явагдах нь таны хүүхдээс хамаарна. Хэрэв таны хүүхэд бухимдвал та энэ сэдвийг том болох хүртэл түр зогсоосон нь дээр.  
 
9-12 насныхны  зайлшгүй сурах зүйл бол аюулгүй секс юм. Судалгаагаар өсвөр насныхан эрсдэлээ мэдэж байхдаа илүү сайн сонголт хийдэг байна. Та жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн төрлүүдийг тайлбарлах хэрэгтэй. Энэ насныхан ерөнхийдөө цахимаар илүү их эрх чөлөөтэй байдаг тул интернетийн аюулгүй байдлын талаар үе үе ярилц. Жишээлбэл, өөрийнхөө болон үе тэнгийнхнийхээ нүцгэн зургийг хуваалцах нь хууль бус талаар илэн далангүй ярь. Хэрвээ секс эсвэл цахим гадуурхалтын талаар мэдэж байвал тэдгээр нөхцөл байдалд хэрхэн хандах тухай асуугаарай. 
 
Өсвөр нас 
Хүүхдүүдтэй бэлгийн харьцааны тухай, бэлгийн амьдралын талаар бага наснаасаа ярих нь өсвөр насанд хүрэхэд  үр дүнгээ өгдөг. Хэрэв та эдгээр сэдвийг хэлэлцэхэд нээлттэй гэдгээ баталсан бол таны хүүхдүүд тантай ярилцаж, асуулт асуух болно. Харин та сексийн талаар өнөөг хүртэл хаалттай байсан бол яг одоо өсвөр насны хүүхэдтэйгээ хамт суугаад ярилцаарай. Бэлгийн харьцаанд орох зөвшөөрлийн талаар байнга ярилцах нь чухал юм.Өсвөр насны хүүхдүүд эрсдэлийг үнэлэх, зөв шийдвэр гаргах, олон төрлийн мэдлэг эзэмших шаардлагатай. Тэдэнд дарамт шахалт, болзооны хүчирхийллээс хэрхэн хамгаалах талаар ойлгуулж архи, мансууруулах бодисын нөлөөллийг ярилцах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд өөрийнхөө тухай ярих дургүй байвал “сургуулийнх нь найзууд”-ын тухай ярихыг зөвлөе. Та мөн өөрийн түүхээс хуваалцаж болно. 

Эх сурвалж: Today’s parent.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.