Берлин хотын нийтийн усан сангуудад эмэгтэйчүүд цээжээ нүцгэлэх эрхтэй болов

Герман улсын нийслэл Берлин хотын эрх баригчид тус хотын нийтийн усан сангуудад эмэгтэйчүүд цээж нүцгэн үйлчлүүлэхийг зөвшөөрөх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн онд нийтийн задгай дээвэртэй усан санд цээжээ нүцгэлэн биеэ шарж байгаад хөөгдсөн хоёр эмэгтэй шүүхэд гомдол гаргаснаар энэ асуудал хөндөгдөж байсан юм.

Хотын захиргааны шийдвэрийг бие махбодын эрх чөлөөг хамгаалах Freikörperkultur байгууллага талархан хүлээж авч буйгаа мэдэгджээ.

Германд анх удаа ирсэн гадаадын жуулчид нуур, голын эрэг дээр, цэцэрлэгт хүрээлэнд чармай нүцгэлсэн хүмүүсийг хараад гайхаж цочирддог.

Учир нь тус улсад зарим олон нийтийн газарт хүмүүс нүцгэлэхийг хэвийн үзэгдэлд тооцдог байна. Гэхдээ хот бүр үүнийг янз бүрийн түвшинд хязгаарладаг тус тусын журамтай.

Өнгөрсөн оны зун Доод Саксон мужийн Гёттинген хот, Умард Рэйн-Вэстфаль мужийн Зиген хот эмэгтэйчүүдийн нийтийн усан санд нүцгэлэх эрхийг хүлээн зөвшөөрч байв.

Гэхдээ Берлин хотын усан сангуудад үйлчлүүлэгчид хүйсээсээ үл хамааран бэлэг эрхтнээ хувцас өмсгөлөөр далдалсан байх журам хэвээр үлджээ.

SOURCE: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.