Хосын асуудал

Хосуудын хувьд зарим асуудлыг маш ихээр хүндрүүлж бодох нь элбэг. Гэвч бодит байдал дээр тийм ч ноцтой асуудал байдаггүй. Багаасаа гэр бүлээс авсан буруу ойлголт, нийгмийн буруу чиг хандлага, уянгын халил хэтрүүлэгтэй дуу, жүжиг, киноноос авах ойлголт зэрэг нь гэр бүлийн харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Үнэндээ хосын харилцаагаа ямар байхыг та хоёр л шийднэ шүү дээ.

1. ЗУРВАС БАГА БИЧДЭГ БОЛСОН

Зарим хосуудын хэн нэгэн нь “Бид өмнө нь маш их зурвас бичилцдэг байсан. Одоо бараг бичихээ больсон” гэж санаагаа чилээн асуудаг. Гэвч энэ нь тэдний бодож байгаа шиг санаа зовох асуудал биш юм. Шинэхэн хосуудын хувьд харилцаагаа романтик байлгах, мэдрэмжээ бичгээр илэрхийлэх хэрэгцээ чухал байдаг тул эхэн үедээ зурвас бичилцэх нь их байдаг. Харин нэгэнтээ дотноссон, цаашлаад гэр бүл болсон бол зурвас бичилцэх нь зайлшгүй хэрэгцээ биш юм. Харин ч илүү амьд харилцаа, бодит байдал руу шилжих үйл явц гэж ойлгож болно.

2. ХАМТ УНТДАГГҮЙ

Хосууд заавал хамтдаа унтах албагүй. Энэ нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа ч байдаггүй. Ганцаараа унтахдаа илүү ая тухтай байдаг бол бие биенийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж тусдаа унтахад болохгүй юмгүй. Гэхдээ тусдаа унтаж байгаа нэрээр харилцаа эрс хөндийрөх, секс холдох зэрэг нь ноцтой асуудал байж болно.

3. ХООЛНЫ ӨӨР ДУРШИЛТАЙ БА ТУСДАА ХООЛ ХИЙЖ ИДДЭГ

Хүн хүний хоолны дуршил гэдэг янз бүр. Мөн эрүүл мэндийн асуудал, үзэл баримтлалын зөрүүгээс хосууд тусдаа хоолоо хийж идэх, өөр хоол идэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь бодож байгаа шиг хосын харилцааг хөндийрүүлэх ноцтой асуудал биш. Харин ч бие биенийхээ үзэл санааг хүндэтгэж буй сайн хэрэг юм.

4. СЕКСИЙН ДУР ХҮСЭЛ ӨӨР

Сексийн дур хүсэл гэдэг яг хоолтой адилаар хүн хүнийх янз бүр байдаг. Зарим нь хэтрүүлэгтэй секс хүсэж байхад зарим нь зөөлөн энхрийлэл хүсдэг. Эсвэл сексийн дур сонирхол төрөлхийн маш бага хүмүүс ч байдаг. Мөн энэхүү дур сонирхол нь цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж болно. Тэгэхээр сексийн дур сонирхол өөрөөс болж “Намайг араар тавих байх, бид хоёр хөндийрөх байх” гэж бодох хэрэггүй. Гол нь бие биенийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж, хэн хэн нь жаахан хичээхэд л болох асуудал юм.

5. ХЭРЭЛДДЭГ БОЛСОН

Хэдийгээр хэрүүл нь таагүй асуудал мөн ч хэрүүл тохиолдохгүй гэр бүл гэж байхгүй. Анх эвтэй байгаад хэрэлддэг болсон бол чухам яг ямар асуудлаас үүдэж байгаа, эцэст нь тухайн асуудлаа шийдвэрлэж чадаж байна уу гэдэгтээ төвлөрөх нь чухал. Хосын маргаан бол хоёр өөр дотоод ертөнцүүд нэг нэгэндээ уусахын өмнөх мөргөлдөх агшин юм. Энэ үед бие биедээ зөв уусаж шийдлээ олох нь чухал ба хэрүүлийг хүндээр тусгаж авах хэрэггүй.

6. УРЬДИЙН АДИЛ ХӨӨР ДОГДЛОЛТОЙ БАЙХАА БОЛЬСОН

Анх танилцаж, болздог байснаасаа өөр болж сэтгэл хөдлөхөө больсон уу? Энэ нь зөвхөн танд тохиож буй асуудал биш бөгөөд бүхий л хосуудад тохиолддог нэгэн шат юм. Учир юу гэвэл дурлах үед хүний тархи хэвийн сэтгэхээ больж, аз жаргалын дааврууд маш ихээр ялгардаг. Чухам энэ үеэ хосууд аз жаргалтай байсан үе гэж нэрлэдэг. Тархи хэвийн ажиллахын тулд хэсэг хугацааны дараа аз жаргалын дааврууд бууж эхэлнэ. Харин энэ үеэ хосууд харилцаа хөрсөн гэж эндүүрэх нь элбэг. Үнэндээ та хоёрын харилцаа хөндийрөх биш жинхэнэ хайрын шат руугаа ахиж байж болно. Тэгээд ч хосын харилцаа гэдэг кинон дээр гардаг үргэлжийн аз жаргал биш гэдгийг санаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.