Эрчүүд өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт ханддаг

Эрэгтэйчүүдийн зонхилон тохиолддог өвчлөлд түрүү булчирхайн үрэвсэл ордог. Арван эрэгтэйн найм нь түрүү булчирхайн үрэвслээр өвддөг гэсэн судалгаа бий. Мөн бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал цаашлаад төмсөгний үрэвсэл, эрэгтэйчүүдийн үргүйдэл гээд олон өвчин байдаг. Түрүү булчирхайн үрэвсэл харьцангуй хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудад элбэг тохиолддог.

Түрүү булчирхайн үрэвсэл их байгаагийн шалтгаан нь манайд бэлгийн замын өвчнөөс гадна шүд, бөөрний өвчин их байгаатай холбоотой. Хоолой өвдөх, амьсгалын замын болон элэг, цөсний өвчин нь түрүү булчирхайн үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Эдгээр өвчлөл манай оронд их байгаа учраас түрүү бучирхайн үрэвсэл буурахгүй байна.

Түрүү булчирхай нь эр хүний хоёрдахь зүрх

Эр хүний хамгийн гол эрхтэн. Давсган доор байрладаг 3.5-2.5 см-ийн хэмжээтэй жижигхэн манжин хэлбэрийн булчирхай. Энэ булчирхайн үүрэг асар их. Шүүрэл ялгаруулаад зогсохгүй эр хүний мотор юм. Түрүү булчирхай нь хүчтэй агших хөдөлгөөн хийж үрийн шингэнийг цацдаг. Тэгэхээр түрүү булчирхайн үйл ажиллагаа зогсвол бэлгийн амьдрал хямарна.

Түрүү булчирхай давсагны доор байрладаг болохоор шээсний сүв дамжин өнгөрдөг. Иймээс үрэвслийн үед хамгийн түрүүнд шээс савирч дусагнах, салаалах, хаагдах зэргээр өөрчлөлт гардаг. Энэ өвчнийг дээр үед өвөгчүүдийн өвчин гэдэг байсан бол сүүлийн үед 20 дөнгөж гарч яваа залуус хүртэл өвдөх болсон байна.

Өвчин залуужиж байна

Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой. Залуус маань доороосоо үргэлж даардаг. Пүүз өмссөнөөр доороосоо жинддэг. Мөн бэлгийн замын өвчин асар их болсон. 35 хүртэлх насны залуусын 70 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн байдаг. Өвчнөө цаг тухайд нь эмчлүүлэхгүй архагшуулснаас түрүү булчирхай үрэвсдэг. Мэдээж өвчин залуужих болсон шалтгаанд олон зүйл холбогдоно.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн өвчлөлийн оношлогоо сайн хийдэг болсон. Өвчтөн эмийн сангуудаас дур мэдэн эм авч хэрэглэн өвчнийг дутуу эмчилснээр уг өвчин архагшин түрүү булчирхай үрэвсэх явдал их байгаа.

Түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?

Эрэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө жилдээ нэг удаа зайлшгүй үзлэгт хамрагдах ёстой. Харамсалтай нь манай эрчүүд үзлэгт байтугай өвчнөө хүндрүүлчихсэн үедээ л эмнэлэгт хандана. Тэд түрүү булчирхайн өвчтэй болсноо мэддэггүй. Түрүү булчирхайн өвчин үрэвслийн бус гаралтай, бэлгийн замын үрэвслийн гаралтай гээд олон янз. Эдгээрээс бэлгийн замын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл манайд ихэссэн. үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд даарч хөрөхгүй байх шаардлагатай.

Амьсгалын замын өвчин тусч хүндэрснээр түрүү булчирхайн үрэвсэлтэй болох тохиолдол ч бий. Бактерийн бус гаралтай түрүү булчирхайн үрэвсэл нь тогтмол бэлгийн харилцаанд орж чадахгүйгээс үүддэг. Өнөөгийн зах зээлийн нийгэмд ажил амьдралын эрхээр гэр бүлээсээ хол газар амьдардаг залуус олон. Удаан хугацаагаар гадаадад ажиллах зэргээр бэлгийн харилцаанд орохгүй удах юм бол бактерийн бус гаралтай түрүү булчирхайн үрэвсэлтэй болох нөхцөл бүрддэг. Иймээс хүйтэн сэрүүнд хувцсаа тохируулж өмсөх, ханиад томуу хүрэхгүй байх, халдварт элэгний өвчин тусахгүй байхад Таны хоёрдахь зүрх эрүүл байна. Ер нь биеэ чийрэгжүүлж, хоол ундаа зохистой хэрэглэх, архи дарс бага уух зэрэг нь урьдчилан сэргийлэх гол арга болно.

Эрчүүд өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт ханддаг

Монгол эр хүний гоо зүйн ойлголтод гүндүүгүй, хээгүй, баргийн юманд санаа зовдоггүй зэрэг буруу шалгуур үйлчилсэн хэвээр байгаа юм. Эмэгтэй хүн байнга эмнэлэгт очиж төрөл бүрийн шинжилгээ өгдөг, гэтэл эрэгтэйчүүд барагтай бол эмнэлгээр явахгүй шүү. Зайлшгүй албан газрын шаардлагаар үзлэгт ордог. Эрэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг хийгддэггүй болохоор тэр нь үр дүнгүй. Түрүү булчирхайгаа хаана байдгийг мэдэхгүй эрэгтэй хүн олон. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүйн тулд залуучуудын бэлгийн амьдралын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Мөн архидан согтуурал их байгаагаас бэлгэвч хэрэглэхгүй тохиолдлын хавьталтад орж өвчин авч байна. Үүнийгээ дутуу эмчлүүлж түрүү булчирхайгаа өвчлүүлээд байгаа юм. Таны бэлэг эрхтэн болон шээсэнд ямар нэгэн өөрчлөлт гарсан бол шууд эмчид хандах хэрэгтэй. Эрчүүд бэлгийн сулралтай болсон үедээ л санаа зовж эхэлдэг. Бэлгийн ажиллагаа гэдэг тухайн хүний эр хүн байхад чухал үүрэгтэй. Бэлгийн сулралыг хүмүүс харьцангуй эрт оношлуулдаг. Түрүү булчирхайн өвчнөөр ихэвчлэн хожуу буюу шээсний өөрчлөлт гараад нэлээд удчихсан үрэвсэл нь даамжирсан үедээ эмчид ханддаг.

Бэлгийн сулрал өвчин үү?

Бэлгийн сулрал үүсэх шалтгаан маш олон. Энэ өвчин мэдрэлийн ядаргаа, ажлын ачаалал, бие организмын өөрчлөлт гээд олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, үрийн шингэнээ эрт алдах гэсэн шинж тэмдгээр илэрдэг нэг төрлийн өвчин. Сүүлийн үед үргүйдлийн 40 хувь нь эрчүүдээс шалтгаалдаг гэж үзэх болсон. Энэ бүхэн бэлгийн замын өвчнөө эрт оншлуулж, гүйцэд эмчлүүлээгүйтэй холбоотой. Өвчнийг хожуу илрүүлбэл эмчлэхэд төдий чинээ төвөгтэй болно.

Эрэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг уу?

Эмэгтэй хүнд цэвэршилт гэж явагдагтай адил эр хүнд ч бас тохиолдоно. 50-55 насандаа эрэгтэй хүн цэвэршдэг гэж үздэг. Гэхдээ энэ үед бэлгийн ажиллагаа бүрэн зогсч байгаа хэрэг биш. Цэвэршсэнээр эмэгтэй хүний өндгөвчний үйл ажиллагаа зогсч жирэмслэхээ больдог бол эрэгтэй хүний хувьд эр бэлгийн дааврын үйл ажиллагаа багасдаг. Түүнээс биш бэлгийн чадал харьж, бэлгийн үйл ажиллагаа зогсохгүй. Эр хүн хэдэн настай ч байлаа үр тогтоох чадвар нь хэвээр үлддэг.

SOURCE: mnb.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.