Шинэ хүүхэд угтах монгол ёс

Монголчууд эртнээс “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг.

Тиймээс “нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, дотрын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах олоход эрүүл газрын торгон элс, эсхүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ.

Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай /энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг/ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг нь маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: “Оом мир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа” тарнидаж, түргэтгэх засал ч буй.

Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжсэнийх юм.

Нярайлмагц хүүхдийн хүйг боож авах эх гардан шөрмөсөн утсаар боогоод, хүйг нь цахиураар огтлох юм уу домноно. Боож авсан эхийг зарим нутагт “газар эх “, “хүйсэн ээж” гэх нь бий.
“Их Юань улсын мандсан төрийн хөх судар”-таа Ванчинбалын Инжаннаши хэмээх монголын их бичгийн хүн: “Нэгэн өдөр Өэлүн өжин, хэдэн эхнэр хүүхнийг дагуулан, Балгуу хорооноос гарч, Онон мөрний хөвөөн дэх Дэлүүн болдог ууланд зугаацаар гарав. Өэүлин өжинг элдэв өнгийн цэцэг өвсийг сонирхож гэнэт хэвлий нь өвдөн, үүсгэвэй. Бие жирэмсэн тул өдөр хоногийг тоолж чивхийтэл арван сар дүүрч, хөнгөрөх цаг болсон байлаа. Өэүлин өжин арван ес, Есүхэй баатар хорин таван настай байв. Өэүлин өжин ууган хүүхдээ өвсөн дээр хөнгөлөөд, хүйс огтлох зэвгүй тул үе цагаан өвсөөр хүйсийг боож, дагалт эхнэр, хүүхнүүдээр хадны ирт чулууг авчруулж, хүйсийг зандчин таслав. Үүнд Өэүлин өжиний дотор уярч, нулимс нь хүүхдийн хүйс ба чулуу, өвсөнд сувдран дусаллаа.

Өэүлин өжин:
Аяа, ууланд төрсөн анх нялх минь,
Өвсөнд ургасан эрдэнэ хүү минь.
Ач чинь үл цагаан өвс адил олон болтугай! хэмээн чин үнэнээр зөгнөн ерөөлөө гэснийг анхаарахад илүүдэх юун.

Эх төрж ядвал доорх тарнийг шившин эхийн зулай уруу үлээ гэжээ:
“Ум са са би га са а га ра” гээд эхсийг хүүхдийн доор дэвссэн эсгийд боон, хүний хөлөөс зайдуу газар ухаж хийгээд, чулуу шороогоор дарна.Төв халхад хүүхдээ манцуйлчихаад, эхс оршоох үйлийг бүтээдэг.

Эхийг нярайлсан даруйд өдөр унтах, гол махаар хоол хийж өгөх, хөл жийж суух, хэвтэх, зулайгаар салхи авхуулах, давслаг, тослог зоог барихыг цээрлэн, Дамнайжүг буюу Тунгалаг тав хэмээх монгол эмийг хүртвээс эх, үрд өлзийтэй сайхан болдог байжээ.

Хүүхэд төрсний дараа тухайн айл 3-7 хоног дээс татах зэргээр хөл хорих байдаг. Энхрий хүүхэдтэй айл үүнээс ч удаан дээс татах учир бий. Энэ бол хүүхэдтэй болсны дохио төдийгүй гадны хүнээс хүүхэд хөлшүүзэй гэснийх. Хөлшвөл тугалга хайлан хүйтэн устай сав толгойн тус газар нь барьж байгаад, цочир хийвэл сүртэй дуу гарах бөгөөд тугалга сонин хачин дүрстэй болж царцдаг нь хүүхэд айсан юмных нь дүрс гэдэг. Бас, бүхэл давс галд хийж үсэргэн, дээр нь хүүхдээ бариад нар зөв хурайлдаг зэрэг нь ширгэлэх гэгч хар домын эртний засал юм. Муу зүгийн амьтдыг зайлууж байгаа хэрэг гэдэг. Нуган төрвөл тоононыхоо баруун цамхраагаар, хүүхэн төрвөл зүүн цамхраагаар гаргадаг заншилаа саяхан болтол ойрдууд уламжилж байлаа. Эрхэм дээд заяатныг мэндлэх, жирийнхийг төрөх, гарах гэх зэргээр хэлдэг заншилтай. Эхийн мээм цочих нь хүнээс горьдсоных гэж монголчууд үздэг. Түүнийг засах арга нь албаар горьдоож байгаад сонин сайхан зүйл дараа нь гаргаж өгөх, ихрийн өрөөсний оймсоор домнох засал хийхээс гадна “Оом хам лин оом хам лин соваахаа” хэмээн тарнидаж засагтун дээд мэргэд номлосон болой.

Бидний эхчүүл үр хүүхдээ засрашгүй майга хөлтэй, муруй хазгай биетэй болуузай хэмээн болгоомжилж, нялхасын яс бэхжээгүй байхад зогсоох гэж оролдох, өлгийдөхгүй хувцас өмсөж байлгах, элэг цөс нь сунаж, хожим шар өвчтэй хүн болуузай хэмээн хол, ойр тэргэнд суулган сэгсчүүлэхийг цээрлэж байсныг эдүгээгийн залуу эхчүүдээс мэддэг хүн ховордсон тун тоогүй!
Хүүхдээ мэндэлсэнээс хойш яг гуч дахь хоногийн өглөө хурайлахдаа долоовор, ядам, дунд хуруугаа нийлүүлэн, хүйсэн дээр хир тааруу хүчээр нэг даран эхний хоногт хуурайлах тоолондоо тэгж нэжгээд (нэг нэг) дарна. Маргааш нь мөн хуурайлах тоолондоо хошоод (хоёр хоёр) дарна. Ийнхүү нэг нэгээр өсгөж дарсаар тав дахь хоногоос хойш хүүхдээ өлгийнөөс гаран гартал нь хуурайлах болгондоо тав дараад байвал түүн шиг эрүүл хүн ховор болмуй хэмээн нь хүйс гэдэг эрхтэн хичнээн чухал болохын нэгэн гэрч болой.

Арчилгаа муутай эхчүүд хүүхдийнхээ хатсан нусыг авч мэдэхгүй, бас нусыг нь нармай уруу нь яргуулсаар байгаад дунд чихний буглаа гээч айхавтар өвчин тусгачихдаг байна. Буруудвал аминд хүрэх нь ч энүүхэнд. Хэрэв тийм болчихволд хоёр чихэнд нь хонины бөөр нуруулдаж зүсээд, салхи сэв хийлгэлгүй, халуунаар хоёр чихэн дээр нь 12 цаг тавьж боох сайн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.