Хүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй

huchirhiilel-middle

Хүчирхийлэл олон хэлбэртэй
Хүчирхийлэл гэдэг үг тэнцвэргүй харилцаа буюу бусдыг эрхшээлдээ оруулах, хүч хэрэглэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг. Хүчирхийлэл нь бусдын аюулгүй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хүчирхийлэл нь олон янзаар илэрдэг. Үүнд гэр бүлийн, хүүхдийн, хөгшчүүлийн, бэлгийн гэх мэт хүчирхийлэл ордог. Эдгээр нь та бидний амьдрал дунд байсаар байна.

Хүчирхийлэл хэрээс хэтэрвэл аюул дагуулна. Үүнийг хүний эрх мэддэггүй, харгис хэрцгий тэр л этгээдүүд үйлддэг. Тиймээс энэ талаар мэдлэгтэй байж, хүчирхийлэгч этгээдүүдийн эсрэг тэмцэж байх хэрэгтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл энгийн зүйлээр эхэлдэг
Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө айлган, сүрдүүлэх, занах, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт үзүүлж, хүч хэрэглэхийг тухайн гэр бүлийн доторх хүчирхийлэл гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэлд үг хэлээр болон биеийн хүчээр бусдыгаа дарамтлах бүх үйлдэл хамрагддаг. Тэр үйлдэлд өртсөн хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хүрч улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үг хэлээр доромжлохоос гадна бие махбодын хүчирхийлэлд хүргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нөгөөд шилжин даамжирч байдаг үйлдэл юм. Энэ үйлдэл нь гэр бүлийнхний дунд маш нуугдмал байдгаараа онцлогтой. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн хэцүү нь маш энгийн зүйлээр эхэлж, аажимдаа улам харгис шинжтэй болохоос гадна тодорхой хугацааны дараа давтагддаг нь сэтгэл эмзэглүүлсэн явдал юм.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн түүнийгээ нуун дарагдуулдаг
Зарим хүний бэлгийн зан үйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай зүйл мэт санагдавч амьдрал дээр үнэн байдаг. Ийм маягийн зан үйл гаргахыг бэлгийн хүчирхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Энэ нь ч учиртай. Хэн нэгнийг сексийн зорилгоор өдөж, зохисгүй харьцахыг хэлж буй хэрэг юм. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийн алинд нь ч гэсэн хүнд сэдэв юм. Энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй. Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн хүчирхийллийн талаар буруу, ташаа ойлголт, мэдээлэл их байдаг. Хүчирхийлэлд автсан эмэгтэй энэ тухайгаа бусдад ярих нь өөрийнх нь нэр хүндэд нөлөөлнө гэж үздэг. Энэ бүхэн надаас л болсон. Би тэр хүнтэй уулзаагүй л бол, тийм хувцас өмсөж хүмүүсийн анхаарлыг татаагүй бол, сайн бодоогүй миний л буруу түүний үгэнд итгээгүй бол гэх мэтээр хохирогчид өөрсдийгөө буруутгаж ихэнхдээ энэ тухайгаа нуун дарагдуулдаг.

Нөхөрлөх хүнээ зөв сонгох хэрэгтэй
Хүүхдүүд болон насанд хүрэгсэд багаасаа бусдыг хүндэтгэж харьцах ёсыг заалгаж өсдөг. Хүнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр хүний нууц эмзэг эрхтэнд хүрэх буюу оролдох нь бэлгийн хүчирхийлэл мөн. Бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Хоорондоо үерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хүсээгүй үед нь, зөвшөөрөл авахгүйгээр бэлгийн хавьтал үйлдэх нь мөн л хүчирхийлэлд тооцдог. Орчин үед үүнийг болзооны үеийн хүчин гэж нэрлэх болсон. Ямар ч нөхцөлд чиний бие махбод зөвхөн чинийх шүү гэдгийг санаж явах нь чухал. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн түүхийг харахад хүчирхийлэгчид ихэнхдээ хохирогчийн танил, ойр дотны хүмүүс байдаг. Тиймээс хүүхдээ асран хамгаалуулж, хүмүүжүүлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хүнээ маш сайн бодож сонгох хэрэгтэй юм.

Хүчирхийлэлд өртөхгүйн тулд тэмц
Хэрэв хэн нэг хүн биед чинь хүрч, чамайг хүсээгүй байхад оролдох юм уу, ер нь ингэж болохгүй гэж бодож байгаа бол “Боль, намайг битгий оролд”, “Болиоч” гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хүмүүсийг чангаар дуудаж, тэндээс тусламж хүсэх хэрэгтэй. Мөн энэ тухайгаа өөрийн итгэсэн хэн нэг хүнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнх хүчирхийлэгчид тухайн үйл явдлын талаар бусдад мэдэгдэхгүй байхыг хүсэх юм уу, эсвэл хэлж болохгүй гэж сүрдүүлдэг. Энэ нь тэд дараагийн удаад өөр олон хүнийг хохироох боломжоо алдахгүй байх гэсэн санаа юм. Тийм болохоор хүн бүр үүнийг чухалчлан үзэж тохиолдол болгоныг илчилж байвал бусдад сэрэмжлүүлэг болохоос гадна хүчирхийллийг газар авахуулахгүй байхад чухал нөлөөтэй.

Монголчуудын амьдрал

4 Comments

  1. teen shuu says:

    санал нэг байна

  2. ARIUNAA says:

    САЛ ЭНЭ БОЛ ХАМГИЙН САЙН АРГА.

  3. HHK says:

    huue ene zurgiig yagaad duraaraa nomnoos n avch taviad baigaa yum be.

  4. 11111111111 says:

    гэр булийн хучирхийлэл чин чимээгүй таатай хаалттай орчинд явагддаг штээ.манай нухур л лав их зоддог яах ум бэ хучирхийллийн эсрэг ундэсний товд хандсан ингээд чи тсагдаад огч бай гээд буур их зодсон би яаг яах вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.