ҮҮЛЭН БОРООНЫ ЯВДАЛ

Урьхан зуны цэцэг навчисаар хучигдсан хөхүй орчлон арван найман настай, алт шаргиулсан биетэй онгон бүсгүйн халуун илчийг хавь ойроороо нэг түгээнэ. Агаар тэнгэр хүртэл тэрхүү халуун илчинд дуниартан согтуурч сэрлийн хөнгөн цагаан үүлс хаа нэгтээ сэмжрэн үзэгдэх бөгөөд ингэж дур тачаалын халуун илч улам улам арвидсаар газрын хөрс эр хүнтэй хавьталгүй удсан эм хүний нууц эрхтэн лугаа нялхарнам…

Түрүүхэн цайвалзаж байсан хөнгөн үүлс нягтран зузаарч ёроол нь харлан ус чийг аван доошлоход газар дэлхий тэр аяараа загас усанд цэнгүүлэхийн өмнөх тийм гал халуун тачаангуй хувиралд умбана.

Энэ үед тэнгэр огторгуй халуу төөнөсөн нүцгэн бүсгүйн дээрээс өнгийн тонгойсон эр хүн шиг л харагдана. Харанхуйлсан бараан үүлэн дунд аянга цахилгаан зурсхийх нь тачаадсандаа шүдээ хавиран буй азарган чоныг санагдуулна. Азарган борооны түрүүч гэрийн дээвэр дээр дусагнах үед газрын хөрс сэрэл нь хөдөлсөн эм хүн гинших лугаа хөглөгдөнө.

Хэдхэн хормын дараа нүүр нүдгүй харанхуйлсан өтгөн хур шаагин бууж ирэх агаад тачаалдаа галзуурах дөхсөн тэнгэр эцгийн тэврэлт газар эхийг маань гинштэл нь орь дуу алдуулах шиг тийм л халуун янаг агшин бүрэлдэнэ. Ширүүн бороо чийг нэвт ханхлуулан асгарч байх үед гэв гэнэт янагийн амтлаг сэрэл мэдрэмж гэмээр уран гоё цахилгаан зуралзан мурилзсанаа араас нь чих дүлийрэм тасхийсэн тэнгэрийн дуу газар доргитол хадаах нь хүсэл тачаалын оргилдоо хүрсэн эр хүн ухаан мэдрэлээ алдан хамаг байдгаараа дуу алдан дур хайлж байгаатай төстэй ч юмуу.

Аянгын нүргээн газар доргион чичрүүлсний дараа араас нь асгарах хурын ус улам өтгөрөн гоожих бөгөөд энэ бол газар эхийн үр хөврөл цэцэг жимсийг төрүүлж, өсгөж, умдаалдаг тэнгэр эцгийн ариун дусаал юм. Зарим үед аянгын дуу ар араасаа угсруулан нүргэлсээр байдаг ч аадрын ширүүн ус үл татарна. Яасан ч ханашгүй дур хүсэл, эрч хүч, халгисан их үрийн шим бэ?

Газар дэлхий шалбайтлаа норох үед хурмастаас шаагин буух борооны чимээ энд тэндгүй пүл палхийсэн дуу хадаах бөгөөд гурвантаа угсруулан дур хайлсан эм хүний рашаан бумбын орноос ийм дуу чимээ гардаггүй гэж үү? Өтгөн манан газраар нэвсийн буух нь тэнгэр эцэг, газар эхийн гадаад төрх ноололдон хөлбөрөх эр эм лугаа нүв нүцгэн болсоны тэмдэг юм. Түрүүчийн ааглуун омогтой хурын шаагиа аядуухан суларч зөөлөрсөөр, аянгын догшин чанга дуу ч гэсэн бүдэгрэн холдсоор нэгэн их үйл явдал аажмаар алслан одоход араас нь янаглангуй зөөлөн намираа хур зугуухан шүршсээр амирлан жаргана. Энэ үед хүн та “Юу болоод өнгөрөв өө” гэж бодож үзсэн үү?

Хурын үүлс зүүн зүг сааралтан холдмогц араас нь цэлмэсэн хөх тэнгэр дур хайлсан хүний амгалан царай лугаа адил намуухан үзэгдээд нарны гялбам хурц туяа цацран тусмагц шинэ сэргэг өнгөөр будагдсан газар дэлхий жаргалтай хатны хацар шиг өнгө өнгөөр туяараад, аз жаргалын билэгдэл болсон алтан солонго огторгуйн магнайд зурайтал татдаг билээ. Хоёр үзүүр нь газарт нумран буусан аз жаргалын хаалга мэт тэрхүү өнгө өнгийн солонго нь тэнгэр эцгийн дурлалт бүсгүйдээ барьж буй бэлэг юмсан уу? Солонгын үзүүр туссан газрыг олоод ухаж чадвал нэг бол цэвэр алт, эсвэл цэвэр ус гардаг гэсэн эртний үг ч үүнийг батлах мэт…

Их хурын дараа газраас нэл усны сэнхийсэн чийг үнэртдэг. Энэ бол саяхан үйлдсэн эр эмийн ажлаас үлдсэн анхилуун тансаг сүрчиг юм. Ийм л учир шалтгааны улмаас өвөг дээдэс маань эрт дээр үеэс эр эм хоёр хурьцал үйлдэхийг “Үүлэн борооны явдал” гэж нэрлэдэг болсон юм биш үү?

Аяа, хүсэл тачаал хийгээд үүсэн төрөхийн билэгдэл буй болохын авшиг ерөөл шингэсэн дур хүслийн агаар бидний эргэн тойронд салшгүй нэвт хүрээлэн оршдог бус уу. Ийм газар дэлхийд төрсөн амьтаны үр удам яахин тасрах билээ. Ийм час халуун илчтэй нарны аймгийг агуулсан сансар хорвоод төрсөн үйлийн үр яахин барагдах билээ. Тэнгэрийн заадас агуу огторгуйн хэвлийгээр тарааж цацсан үрийн шингэн лугаа цайрч харагдана. Тэдгээр од мичид дээр ямархан амьдрал үүссэнийг бүү мэд. Тэнд бидэн шиг хүмүүс амьдарч, “Бидний эцэг бол Бурхан, эсвэл Мөнх хөх тэнгэр” хэмээн мэтгэлцэн суудаг ч юм билүү, хэн мэдлээ…

Б.ОЙДОВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.