Охидоо хаана нуух вэ?

-Хүчирхийлэгчдэд цахилгаан бугуйвч зүүлгэе –

Монголд өдгөө хамгийн их анхаарал татаж байгаа, зайлшгүй шийдэх ёстой чухал асуудал юу вэ. Гудамжинд тааралдах хэн нэгнээс эсвэл аль нэг эрх мэдэлтэй албан тушаалтнаас ингэж асуувал “Байгалийн баялаг, түүнээс олох ашиг, ард түмэнд хуваарилах мөнгө” гэж нэгэн дуугаар хариулах болов уу. Хэвлэлүүдээр хүүхэд гэмтэж бэртсэн, хүчирхийлэлд өртсөн, амь насаа алдсан, хүчиндүүлсэн, харгис хэрцгийгээр хөнөөгдсөн, алга болсон тухай өдөр өнжихгүй мэдээлсээр байгаа ч анхаарал хандуулж, асуудал болгож байгаа хүн нэг ч алга. Монголын ирээдүйн эзэд эрх нь байж боломгүй бүдүүлгээр зөрчигдсөн эрх мэдэл, мөнгө үнэртсэн харгис нийгэмд амьдарч байгаа нь аюулын харанга биш гэж үү.

Үр хүүхдийнхээ эрхийг хамгаалах нь эн тэргүүнд анхаарч, дуугарах бүр болохгүй бол орилж хашгирч, жагсч цуглаад ч болов шийдүүлэх ёстой амин чухал асуудал баймаар. Яагаад бид өр зүрхнээс хайртай бяцхан үрсийнхээ эрхийг хамгаалж дуугарахгүй байна вэ. Хүүхдийн эрх зөрчигдөх нь хэрээс хэтэрч SOS зарлаж байгаад анхаарал хандуулах цаг болсныг доорх баримтууд сануулж байна.

ТЭДЭНД ЮУ ТОХИОЛДООД БАЙНА ВЭ?
Үртэй хүн бүрийн тэр дундаа охин хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг сэмлэж, өр өвтгөсөн жигшүүрт хэрэг сүүлийн жилүүдэд олон гарах болсон. Өнгөрсөн жил манай сониныхон долоохон настайгаасаа бүтэн найман жилийн турш өргөж авсан эцэгтээ хүчиндүүлсэн охины тухай бичиж, түүнд нийгэмших, мэдлэг боловсролтой болоход нь туслах сайхан сэтгэлийн аян өрнүүлж байсныг уншигчид санаж буй биз. Үргэлжийн зодуур нүдүүр, гадуурхал дунд өөрт учирсан зовлонгоо өрөөлд хэлэхээс ч эмээж, золгүй хувь тавилантайгаа эвлэрч суусан охин азаар сайн хүмүүстэй таарч тэр зовлонгоосоо ангижирч, өргөж авсан аавд нь хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Бяцхан охиноор хүн хийнэ гэж хаа холоос авчирсан тэр хүн долоон настай охиноо өөрөө өдөж, хүсч өвөрт нь орсон гэж жишим ч үгүй мэдүүлээд сууж байсныг сонсоод хэлэх ч үг олдоогүй. Иймэрхүү хүн дүрст араатнуудын хийсэн хэрэг үүгээр дуусахгүй. Ой зургаахан сартай охиныг хүчиндсэн, сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай охиныг ангид нь орж хүчиндсэн, гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж зэрлэгээр амийг нь хөнөөсөн, найман настай охиныг сургуульдаа явах замд нь хүчирхийлж хүний санаанд багтамгүй зэрлэгээр хороон цүнхэнд хийж хаясан, 5, 10 насны эгч дүү хоёрыг гэрт нь хүчиндэж, хоолойг нь хэрчиж нэгнийнх нь аминд хүрсэн, гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчиндсэн гээд сэтгэл өвдөм, бичихэд гар эвлэмгүй бузар хэргүүдийг тоочиж барахгүй. Орон гэртээ, сургууль соёлын газарт, ах дүү, найз нөхөд, багш ажилтанд ч итгэж үрсээ үлдээж боломгүй цөвүүн цагт бид амьдарч байна. Хатуу чанга Эрүүгийн хуультайгаа гайхдаг Монгол улсад гаж донтны савар хүүхдийн хамгийн аюулгүй, хамгаалагдсан орчин байх ёстой гэр бүл, сургууль цэцэрлэгт шургалчихсан нь үртэй хүн бүрийн зүрхэнд шар ус хуруулж байна.

БИД ХАРСААР, ӨӨГШҮҮЛСЭЭР БАЙХ УУ?
Ой зургаан сартай нялзрайг, үг зөөж, өгүүлбэр холбож ядах 4-8-хан настай жаахан амьтдыг яаж харахаараа эмэгтэй хүн, сексийн хэрэгсэл болгож байгааг эрүүл ухаантай хүн ойлгохгүй. Ийм гаж донтнууд бидний дунд ийм олноороо амьдарч байхад тайван суугаад ажлаа хийж үл төвдөнө. Чангахан дуугарч, ширүүхэн харахаас ч хайрладаг эрх жаахан үрсэд эр бяраа гаргаж, адгуусан дур хүслээ хангасан хэрэгтнүүдийг хэдий болтол толгойг нь илсээр суух вэ. Хүний жаахан охиныг хүчиндэж бузарлачихаад амийг нь егүүтгэж цүнхэнд хийн хаясан бузар алуурчин өмнө нь 8-10 насны гурван охиныг хүчиндсэн байв.

Түүнийг анхны хэргээ үйлдэхэд нь барьж чадсан бол ахиж гурван хүний амьдралыг бусниулах байсан гэж үү. Бузар, булай, аймшигтай гэсэн үгнүүд ч дэндүү багадмаар жигшүүрт хэргийг бид харсаар, сонссоор, өөгшүүлсээр байна биш үү. Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 2005 онд 352, 2006 онд 343, 2007 онд 384, 2008 онд 426 гарч жил ирэх бүр нэмэгдэж байсныг харуулна. Гэтэл гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй цагдаагийн байгууллага төдийгүй урьдчилан сэргийлэх ёстой хүүхдээр овоглосон төрийн болон төрийн бус байгууллагууд ямар дорвитой ажил хийсэн бэ.

ТЭДНИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Монгол улсын Эрүүгийн хуулийн 126.2.4 зүйл, заалтад насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих, 126.3-т 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ялаар шийтгэнэ гэж заажээ. Харамсалтай нь энэ хуулийн заалт хүн дүрст араатнуудыг зогсоож хүчрэхгүй болсныг дээрх хэргүүд харуулна. Гадаадын зарим улс оронд хүчингийн хэрэгт илүүтэй анхаарч хуульдаа өөрчлөлт оруулж янз бүрийн шинэ арга хэрэглэх болжээ. Тухайлбал, Солонгос улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хүчингийн хэрэг дахин үйлдэгчдийн хөлөнд цахилгаан бугуйвч зүүж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэж мэдэгджээ. Солонгост 13-аас доош насны хүүхэд хүчиндсэн болоод санаархсан, хүчингийн хэрэг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд 10 хүртэлх жилийн хугацаатай цахилгаан бугуйвч зүүж өгчээ.

Цахилгаан бугуйвчийг зүүсэн хүний хаана явж байгаа байрлал, цаг хугацааг цагдаагийн газраас 24 цагийн турш хянах боломжтой аж. Мөн АНУ, Англи улс ч энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Цөөхөн Монголчууд бид ч энэ мэтчилэн жигшиж зэвүүцэм хүчирхийлэгчдийг ахиж эмэгтэй хүнд халдаж чадахгүй болгох ямар нэг хатуу, чанга шийтгэлийг оноож, олны өмнө гүйцэтгэж байхаар хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол зүй бусаар хорвоог орхисон бяцхан охидын сүнс амар тайванг олохгүй биз. Насан туршдаа эр хүнээс айж, жигшиж амьдрах охидын, сэтгэлдээ гүн шархтай зовж шаналж суугаа аав ээжүүдийн сэтгэл амрахгүй нь лав. Хуулиа чангалж, хэрэгтнүүдэд зохих ял шийтгэлийг ногдуулахаас гадна Монголчуудын “Толгой хагаравч малгайдаа, олгой хагаравч гэдсэндээ” гэдэгчлэн нэр хүндээ бодон үр хүүхдийнхээ амьдралд тохиолдсон зүйлсийг хав дардаг нь ямар хор уршигтайг бид хангалттай харж байна.

Нэр хүнд гэдэг хүүхдийн ирээдүйгээс өндөрт тавигдах ёсгүй. Тиймээс ямар нэг асуудал тохиолдвол ичиж зоволгүй заавал холбогдох газарт нь мэдэгдэж, хөөцөлдөж, хариуцлагаа тооцуулах нь гэмт хэрэгтнийг дахин хэрэг үйлдэхээс сэргийлнэ. Мөн цагдаагийн байгууллагын уялдаагүй, найдваргүй байдал хохирогчдыг улам сэтгэл санаагаар унагадаг учраас мэдээлэхийг хүсдэггүй байдалд оруулдаг нь хүчиндэгчдийг өөгшүүлдэг бас нэг зүйл юм.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ТЭМЦЬЕ
Хотын гурван ч цэцэрлэг, урдаа барьдаг улсын сургуульд хүүхдүүд хоолондоо хордон Халдвартын эмнэлгийг дүүргэж байсан нь саяхан. Хятадад үйлдвэрлэсэн хар тугалга, химийн бодистой тоглоомоор тоглуулж хүүхдийн эрүүл мэндэд асар их эрсдэл дагуулж байгааг “Зууны мэдээ” хөндөж гаргасан. Энэ мэт үр хүүхдийн маань идэж уудаг, өмсөж зүүдэг, тоглож нааддаг зүйлс ч байнга эрсдэл дагуулж байхад тэнд нэг согтуу ээж хүүхдээ уйллаа гэж зодож, энд нэг зэрлэг аав өмдөндөө шээлээ гэж гэмтээж, төрөөд сар болоогүй хүүхдээ архиар зарж, насанд хүрээгүй охиноо бусадтай хүчээр бэлгийн харьцаанд оруулах гэж дарамталсан аав, сурагчаа зоддог багш, хүнд хүчир ажил хийлгэдэг, хог түүлгэдэг, гуйлга гуйлгадаг, хулгай хийлгэдэг гээд томчуудын балаг хэрээс хэтэрч байна.

Бид хэн нэгэн хүн өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг зодож, хэл амаар доромжилж, дарамталж байвал өөрийн чадах тусламжийг үзүүлэх үгүй бол холбогдох байгууллага, цагдаа сэргийлэхэд мэдэгдэж суръя. Хүүхдүүддээ бага наснаас нь өөрийгөө хамгаалах аргыг зааж өгье. Хүүхдийн зан харилцааны боловсрол гэдэг ойлголт манайд байдаггүй ч дэлхий олон улс орон маш их анхаарал хандуулдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амьдрах ухааны сургалтыг хүүхдийг хэлд ороогүй байхаас эхэлдэг. Тэдэнд эцэг эхээс нь өөр хүн биеийнх нь тодорхой хэсэгт хүрч болохгүй, танихгүй хүнтэй ярьж, дагаж яаж, өгсөн юмыг нь авч, идэж болохгүй гэх мэт наад захын мэт боловч хамгийн чухал харилцааны зүйлсийг зааж өгдөг. Хэрэв хэн нэг хүн ийм байдал гаргавал хэнд хэлэх, хаашаа залгах ёстойг нь ч хэлж өгдөг байна.

Одоо идэж ууж, өмсч зүүхэд нь хэрэглэх 10 мянган төгрөг тарааж суухын оронд тэр мөнгөөрөө баталгаатай, найдвартай, хүүхдэд ээлтэй орчинг бий болгох боломжийг эрэлхийлцгээе. Эцэст нь хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэр дундаа бага насны хүүхдийг хүчинддэг байж боломгүй хэргийг таслан зогсооход эцэг эх, багш, нийгмийн ажилтан, хүүхдийн төлөө болон хуулийн байгууллагууд, хууль тогтоох дээд байгууллагууд гээд бүгд хамтран одооноос дорвитой ажил өрнүүлэхийг “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин уриалж байна. Хүүхдийн нүдэнд гуниг бүү хураг, хүүхдийн нүднээс нулимс бүү урсаг.

6 Comments

  1. subeedeee@yahoo says:

    уриалаал ард суугаад байх биш өмнө гараад хийгээд явбал дэмжих хун бнаа бн бн

  2. baagii says:

    Muu mahnii heregeer taslagdaad orj irj bgaa goojuuruudiig shorond orson ehnii 7 honogt ni tsaash ni haruuldag bolvol ug ni zugeer yumaa. Tsaaz uguhguigees hoish harin shuuhiin shiidver bieluulehiinhen shorongiinhon ene asuudald jaahan naanatai tsaanatai bval orj irehed ni l nuhaad l bval jaahan tsevershih bh daa.

  3. amudari says:

    алах ял өгөх хэрэгтэй.

  4. Borte-Chono says:

    Хүчирхийлэгчийн талд биш иргэдийн талд үйлчилдэг хуультай болсон цагт л санаа амар сайхан амьдрал ирэх байх даа.

    Одоо бол хүүхэд хүчирхийлээд 5-3 жил аваад нэг том баяраар өршөөл гараад ялынхаа талыг ч эдлээгүй байж суллагдчихаж байгаа биз дээ.

  5. Uraa says:

    Хүүхдийн нүдэнд гуниг бүү хураг, хүүхдийн нүднээс нулимс бүү урсаг. Сайхан бичсэн байна

  6. Unshigch says:

    Ийм арга хэмжээ авч хуулиндаа өөрчлөлт оруулаасай. Бас хүчин хийсэн хүнийг засах арга хэмжээ авбал бур ч илүү үр дүн харагдана даа… Муусайн балайр хүн дүрст араатнууд шангаа хүртээд засуулаад явж бвал таарна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.