Хүний нүүр харах аргагүй болсон дуучин бүсгүй 10 жил гэртээ нуугджээ

Солонгосын нэртэй дуучин, цагтаа чамгүй хөөрхөн бүсгүйд тооцогдон, Япон улсад уригдан цөөнгүй жил дуулсан Хан Хекен гэж дуучин бүсгүй байсан. Харин тэрбээр сүүлийн 10 гаруй жил гэнэт сураг тасарчээ. Солонгост байхаасаа илүү Японд амьдардаг түүнийг Японд дуулж яваа гэж дуунд нь дуртай хүмүүс боддог байж. Харин Солонгосын телевизийн сэтгүүлчид нэртэй дуучин байсан Хан Хекенийг олж, ятгаж байгаад нэвтрүүлэгтээ урин оролцуулсан нь нийт солонгосчуудыг шоконд оруулсан. Хөөрхөн дуучин бүсгүй хүн танихын аргагүй болчихсон байжээ. Энэ нь мөнөөх л илүү хөөрхөн сайхан болох гэсэн хүүхнүүдийн хүсэлтэй нь холбоотой, тэр хүсэл нь хөөрхий дуучин бүсгүйг амьдаар нь “алжээ”.

Багагүй нэр алдартай, сайхан дуулчихдаг хөөрхөн бүсгүй 30 нас нэлээн гарангуутаа гоо сайхандаа их анхаарал тавьж, бага зэргийн мэс ажилбар хийлгэж, үрчлээгээ багасгаж, улам хөөрхөн болох гэж байн байн тариа хийлгэдэг байж. Харин нэг удаа тариагаа хийлгэсний дараа толгой, нүүр нь хөөж томроод, нүүрнийх нь зарим хэсэг нь унжиж яг л бульдог нохой шиг болчихжээ. Ийм аймшигтай царайтай болчихсон бүсгүй гэрээсээ гарахаа больж, 10 жил гэртээ нуугджээ. Тэрээр залуудаа Японд дуулж байх үеэсээ улам хөөрхөн болох гэж үрчлээний эсрэг тариа тариулж, мэс засал хийлгэж эхэлсэн гэдэг. Улам хөөрхөн болох гэж тариулсаар байгаад ийм эмгэнэлтэй байдалд оржээ. Царай төрх нь өөрчлөгдсөн цагаасаа олны өмнө гарах байтугай хамаатан садантайгаа ч уулзахаа байж, хөдөө нэг байшинд нохойтойгоо 10 жил амьдарчээ. Харин яг 10 жилийн дараа телевизийнхэн олж уулзаад, дуучин бүсгүйг нэвтрүүлэгт оролцохыг ятгаж дөнгөжээ. Хөөрхий эмэгтэй телевизийн нэвтрүүлэгт орохдоо хөөрхөн болох хүслээсээ болж ийм байдалд хүрснээ байн байн ярьж байжээ. Хан Хекенд хамаатнууд, ах эгч, дүү байдаг ч нүүрээ ийм болсноос хойш ах дүү нартайгаа ч уулзаагүй бүгж, харин телевизээр гарахад нь ах дүү нар нь мэдэж, уулзалджээ. Телевизийнхэн тэр эмэгтэйд эмчилгээ хийлгэж, нүүр царайг нь хэвийн байдалд оруулах гэж чармайн ажиллаж байгаа.

Хан Хекенийг 2005 оноос хойш эмчилгээ хийж, нийтдээ 20 удаа мэс засал хийсэн ч дүр төрхийг нь өөрчилж чадаагүй байна. Олон удаагийн мэс заслаас болж эрүүл мэнд нь муудаж, биеийн байдал нь хүнд байдаг. Энэ байдлаасаа болоод сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйн асуудалтай болж, сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байнга байдаг болжээ. Тэр эмэгтэй ажил хийе гэж боддог ч хүмүүс нүүр царайнаас нь айдаг болохоор ажилд авах газар олддоггүй. 10 гаруй жил ажилгүй байсан болохоор амьдрал нь тун хүнд, сарын 200 мянган воноор мөчиг тачигхан амьдардаг аж. Хагалгаа хийлгэснээс хойш хоёр нүд нь анихаа байж, шүд эрүүний яс нь хатуурч хоол унд идэхэд ч зовиуртай хүнд байдаг гэнэ. Уг нь энэ бүсгүй дуучин мэргэжилтэй, их гоё дуулдаг ч хөөрхөн болох хүслээсээ болж дуулах байтугай хүний нүүр эгцэлж харж чадахгүй зовж явна. Энэ эмэгтэй одоо 51 настай бөгөөд сүүлийн 10 гаруй жил хүмүн бусын царайнаасаа болж шаналж явна. Нүүрэндээ мэс засал хийлгэж, байнга үрчлээний эсрэг тариа тариулж, арьс цайруулах тос их хэмжээгээр хэрэглэх нь ийм эмгэнэлт байдалд хааяа хүргэдэг ажээ. Дуучин бүсгүйн 20,30 настай зураг, мөн мэс засал хийлгэсний дараах зургийг дэлгэн үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.